Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 156/шш2020/00908

 

 

 

 

 

 

 

156/ШШ2020/00908

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00819/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХХэрлэн сумын 1 дүгээр багт оршин суух, Т.М-д холбогдох 1,665,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, хариуцагч Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Зээлдэгч Ж.Д нь Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн аж ахуй бичил, бизнес эрхлэгч ахмад настанд эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдан 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатайгаар хүүгүй, барьцаагүйгээр 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зээлсэн юм. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Үндсэн зээлдэгч Ж.Д нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нас барсан тул хамтран үүрэг гүйцэтгэгч Т.Маас зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн 1,665,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр  Ж.Д нь Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн аж ахуй бичил, бизнес эрхлэгч ахмад настанд эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдан зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатайгаар хүүгүй, барьцаагүйгээр 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зээлсэн юм. Гэтэл үндсэн зээлдэгч Ж.Д нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нас барсан тул хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан Т.Маас зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн 1,665,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна  гэв.

Хариуцагч Т.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эмээ Ж.Д нь ХХөдөлмөр, халамжийн газрын Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд зээл авсан юм. Манай эмээ Дуламсүрэн нь 2018 оны 08 сарын 26-ны өдөр нас барсан. Аймгийн халамжийн газраас над руу 2019 оны 12 сарын 23-ны өдөр залгаад эмээгийн чинь зээлийг хаах гэсэн юм, та ирж анкет бөглөж өг гэж хэлсний дагуу би очиж хүсэлт бичиж өгсөн. Энэ хугацаанаас хойш жил гаруй хугацаанд надад утсаар болон ямар нэгэн мэдэгдэх хуудсаар зээлийн төлөлтийн талаар мэдэгдээгүй болохоор би зээл хаагдсан гэж ойлгосон байсан. Гэтэл одоо шүүхэд өгсөн байна. Би энэ зээлийг төлж чадахгүй. Иймд зээлийн төлбөр 1,665,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хариуцагч Т.Мд холбогдуулан 1,665,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

ХХөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ж.Дтэй аж ахуй бичил, бизнес эрхлэгч ахмад настанд эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт зээлийн гэрээ /хх-ийн 3-4/ байгуулсан байх бөгөөд зээлдэгч Ж.Д нь тус гэрээгээр 2,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатайгаар хүүгүй, барьцаагүйгээр 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зээлсэн байна.

Улмаар зээлдэгч Ж.Д нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн лавлагаа болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч ХХөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь зээлдэгч Ж.Д нь нас барсан тул дээрх гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан Т.М-аас зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн байна. Гэтэл ХХөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, зээлдэгч Ж.Д нарын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн аж ахуй бичил, бизнес эрхлэгч ахмад настанд эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт зээлийн гэрээнээс үзэхэд хамтран үүрэг гүйцэтгэгч иргэн гээд хариуцагч Т.Маар гарын үсэг зуруулсан байх боловч хамтран үүрэг гүйцэтгэгч иргэн  Т.М нь тус зээлийн гэрээнд ямар эрх, үүрэгтэйгээр оролцсон нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл хамтран үүрэг гүйцэтгэгч нь тус зээлийн гэрээний эргэн төлөлтийг зээлдэгчийн нэгэн адил хариуцах эсэх талаар тусгагдаагүй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10 дахь хэсэгт заасан зохигч болох хүн нас барсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжсэн эсэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд ХХөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй хариуцагч Т.Мд холбогдох 1,665,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 115.2.3, 123  дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт  заасныг баримтлан

                                          ТОГТООХ нь:

   1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч ХХөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй хариуцагч Т.М-д холбогдох 1,665,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч ХХөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ХЭрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАРИНА