Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/140

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/0098/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

улсын яллагч Э.У ,

шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч Ө.Ө нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000061 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н  овогт Н ийн Б , (РД:ХХ*******), 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн **** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын ** дүгээр баг ** дугаар байр, ** тоотод оршин суух бүртгэлтэй,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.А гийн эзэмшлийн **-** ДАР улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

 

Шүүгдэгч Н.Б нь согтуурсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 19-ний орой 22 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ноёд кароакений хойд зогсоол дээр асаалттай байсан хохирогч Б.А гийн эзэмшлийн **-** ДАР улсын дугаартай хар өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож ухарч байхдаа хойно зогсож байсан Хьюндай Соната-6 загварын **-** ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн үйл баримт тогтоогдож байна.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ

 

2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “...Б.Б-аас холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан “Зам тээврийн осол гарчихлаа” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

 

2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, Ноёд кароакений ертөнцийн зүгээр хойд талын төв зам дээр үйлдэгдсэн байв. Зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, замын өргөн 7 метр, зорчих хэсэг хальтиргаатай, явган хүний замтай. Хэрэг болсон гэх газар нь Ноёд кароакегийн  зогсоол хэсэгт **-** улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр урагш харсан байдалтай зогсож байв. Түүний хойно **-*-* ДАА улсын дугаартай Хьюндай Сонота-6 загварын тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байдалтай зогсож байв.Тоёота Приус-20 загварын **-** ДАР улсын дугаартай автомашины хойд буфер бага зэрэг хагарсан, Х.Сонота-6 загварын **-** ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд крило хонхтой наалт салсан байдалтай байв. Автомашинууд анх мөргөлдсөн цэгийг А үсгээр тэмдэглэн, үл хөдлөх цэгийг замын хажуугийн гэрэлт шонгоор авав. Шонгийн дугаар 22 байв. Үл хөдлөх цэгээ А цэг хүртэл 1.90х9.40 метр зогсоолын нийт өргөн 9.10м **-** Тоёота Приус-20 оос **-** ДАА Х.Сонота-6 хүртэл 4.40м, үл хөдлөх цэгээс **-** ДАР автомашин хүртэл 4.10м байв. Автозогсоолоос зам хүртэл 8.50 метр байв. Тээврийн хэрэгслүүд жолооч нарын  согтуурлыг шалгахад Б.Б  0.00 хувь, **-** ДАР Тоёота Приус-20 машины жолооч гэх Н.Б  2.17 хувийн согтолттой. 2 жолооч 2 лаа жолоодох эрх хүчинтэй байв. Хэрэг болсон газрыг харсан аж ахуйн нэгжийн хяналтын камер байгаа эсэхийг шалгахад Ноёд кароакений гадна тусгалтай камерт харагдаж байсныг хяналтын прокурор Б.Э д утсаар мэдэгдэн хураан авахаар тогтов. Үзлэгээр өөр илэрсэн зүйлгүй, үзлэгт криминалистикийн шинжээч цагдаагийн ахмад Ж.Б кадр зураг бэхжүүлсэн” гэх хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал),

 

Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг (хавтаст хэргийн 7-10 дахь тал),

 

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 2.17 хувийн үзүүлэлт илэрч Н.Б  нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэх тэмдэглэл  (хавтаст хэргийн 11 дэх тал),

 

2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “...Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл” (хавтаст хэргийн 16-20 дахь тал),

 

2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “...Б.А  хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол  (хавтаст хэргийн 22 дахь тал),

 

Хохирогч Б.А гийн өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчим ажлаасаа гараад өөрийн эзэмшлийн **-** ДАР улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслээ жолоодоод ажлынхаа газрын эгч нартай Дархан сум 11 дүгээр багт байрлах Ноёд караоке руу орж дуулсан. Тэгээд хэсэг хугацааны гарж ирээд зогсоол дээр байрлуулсан машинаа асааж халааж орхиод машин дотроосоо мөнгө аваад буцаад караоке руугаа орсон. Тэгээд буцаж ороод ажлын эгч нартаа за энэ миний төлбөр шүү гээд мөнгө өгчхөөд буцаад гарж ирэхэд миний машины хажууд 2 эрэгтэй хүн юм ярьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би очоод юу болсон талаар асуухад нэг ах нь энэ нөхөр машинаараа миний машиныг мөргөчихлөө бас согтуу байна гэж хэлсэн. Тухайн миний машиныг барьж хүний машин мөргөсөн гэх хүнийг би бол танихгүй тэр ахад болохоор миний хамаатан гэж хэлсэн байгаа юм. Би тэр хүнийг анх удаа харж байна мөн би машинаа халаах зорилгоор асаалттай орхисон надаас өөр хүн унах ёсгүй гэж хэлэхэд тэр ах цагдаа дуудсан. Ингээд цагдаа ирээд нөгөө миний машиныг жолоодож хүний машин мөргөсөн гэх хүнийг аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

 

2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “... Б.Б г иргэний нэхэмжлэгчээр тогтоох” тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 28 дахь тал),

 

Иргэний нэхэмжлэгч Б.Б ийн өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр орой 23 цагийн орчим би өөрийн эзэмшлийн **-** ДАА улсын дугаартай Хьюндэй Сонота-6 загварын тээврийн хэрэгсэлтэй Дархан сум дотор такси үйлчилгээнд явж байсан юм. Ингээд хуучин Дархан микро хорооллын автобусны буудлаас эрэгтэй эмэгтэй 2 хүн аваад тэр хоёр хүн үйлчилгээний төв орно гэсэн болохоор тийшээ хөдөлсөн. Ингээд DBS телевизийн уулзварын гэрлэн дохио гараад Ноёд караокений зогсоолын орчим зогсоод хүн буулгах гэж байхад нэг хар өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл ухарч ирээд миний машины урд талын крило руу мөргөчихсөн. Тэгсэнээ буцаж урагшлаад зогсоод дахиж ухрах үйлдэл хийхээр нь би машинаасаа буугаад тухайн машины жолооч талын хаалгыг таттал эрэгтэй хүн байсан ба тухайн хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэгээд та яагаад миний машиныг мөргөчихвөө хардаггүй юм уу гэхэд юу яриад байгаа юм бэ гэсэн. Ингээд би тэр хүнтэй юм яриад зогсож байтал цаанаас нэг эмэгтэй хүн хүрч ирээд юу болоод байгаа юм бэ яасан бэ гэхээр нь би энэ хүн машинаараа миний машиныг мөргөчихлөө шүү дээ гэхэд тэр эмэгтэй гайхаад энэ миний машин би энэ хүнийг танихгүй. Би ийшээ караоке орж мөнгө өгөх гээд орсон юм. Тэр үедээ машинаа асаалттай орхисон. Машинд хүн үлдээгүй шүү дээ наад хүнийг чинь би танихгүй. Миний машиныг хулгайгаар унасан байна шүү дээ гэхээр нь би цагдаа руу дуудлага өгөөд удалгүй цагдаа ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

 

Гэрч Л.Г гийн өгсөн “...Дархан сум 11 дүгээр баг Ноёдын хойд зогсоол дээр Б **-** улсын дугаартай Hs250h загварын тээврийн хэрэгслээ байрлуулсан. Би ороод өрөө байна уу асуугаад ирье гээд машинаас буусан. Би машинд нь суугаад үлдсэн. Ингээд машинд сууж байтал нэг үл таних согтуу эрэгтэй хүн хажууд буюу жолоочийн суудал дээр орж ирээд суучихсан. Тэгэхээр нь би та машин андуураад байгаа юм биш үү гэхэд аан за тэгсэн байна гээд машинаас буучихсан. Ингээд байж байхад Б  гарч ирэхээр нь болсон явдлыг хэлсэн. Тэгтэл нөгөө ах миний хаалгыг татаж онгойлгоод уучлаарай ах нь машин андуурчихлаа гэж хэлсэн. Үүний дараа Б бид хоёр Ноёд руу ороод байж байгаад би Б  хандаж саяны ах шал согтуу байсан машин тэргээ хөдөлгөөд чиний машиныг мөргөчихвий дээ гэж хэлэхэд Б  буцаж гараад машинаа өөр газраа байрлуулчихаад буцаж орж ирэхдээ нөгөө ах чинь хар өнгийн приус унаад машин мөргөчихсөн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

 

Гэрч С.О ын өгсөн “...Би энэ хүнийг танина, хуурай ах дүү нар байгаа. Таньдаг болоод 20 жил болж байна. Бид хуурай ах дүүс болохоор хааяа надаас машиныг маань авдаг тэр бол үнэн. Саяхан нэг миний приусыг аваад хэд хоног унасан юм. ... Ноёдын хажуу талд гарааш руу шахаад тавьчихлаа шүү. Чи очоод авчихаарай түрхүүр нь жолооч талын урд дугуйн дээр тавьчихлаа гэж хэлсэн, надад хэлснээс хойш 2 цаг орчмын дараа л очоод авчихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),

 

Н.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчим өөрийн найз болох Намсрайтай сондор кафед уулзаад тэндээ хоол идэнгээ нэг шил архи уусан юмаа. Тэгээд байж байтал Н ийн найз Т гэх залуу хүрч ирээд дахиж нэг шил архи хувааж уусан. Тэндээс гараад Н  гэр лүү нь дөхүүлж өгөнгөө хамт алхаад явсан. Тэгээд Н г гэр лүү оруулчихаад буцаад би өөрөө харих гээд алхаж явсан. Би өөрийн хуурай дүү О аас машиныг нь авчихсан байсан юм. Тэр машин нь Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгсэл. Дарханд ажил амжуулах гээд авсан юм. Уг нь найзтайгаа уух юм чинь гээд машинаа үлдээсэн юм. Ингээд Ноёд караокегийн зогсоол дээр алхаж явахдаа нэг хар өнгийн Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийг өөрийн дүү О ын машин байна гэж андуураад машинд нь суусан. Тухайн үедээ согтуу байсан тул машинаа хаана үлдээснээ ч санахгүй байсан. О ын машинтай адилхан санагдаад хаалгын таттал онгорхой бас машин асаалттай байсан. Тэгээд ороод суучихсан. Машинд суух үед машинд хүн байгаагүй. Тэгэхээр нь суугаад хэсэг хүлээж байгаад машиныг нь хөдөлгөөд ухрах үйлдэл хийж явж байгаад ард төв замаар явж байсан Хьюндай Сонота-6 загварын тээврийн хэрэгслийн урд хэсэг рүү нь мөргөчихсөн. Тэгээд би буцаж урагшлаад өөрийн жолоодож явсан Тоёота Приус-20 тээврийн хэрэгслийг байранд нь тавьж байхад машины эзэн гэх эмэгтэй ирсэн. ...Нөгөө хүмүүс юу болоод байгаа юм бэ гэхэд нь би дүүгийнхээ машинтай андуураад унаад хөдлөөд ийм юм болчихлоо гэж хэлсэн. ...Цагдаа ирээд намайг эхлээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна гээд үлээлгэж шалгахад 2.17 согтолттой гарч байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

 

Ашид билгүүн ХХК-ийн Хьюндэй Сонота-6 загварын машинд хийсэн техникийн эвдрэл, хохирол үнэлгээ (хавтаст хэргийн 51-53 дахь тал),

 

Ашид билгүүн ХХК-ийн Тоёота Приус-20 машинд хийсэн техникийн эвдрэл, хохирол үнэлгээ (хавтаст хэргийн 58-60 дахь тал) болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.Б ийн өгсөн “...С.О  бид хоёр сайн найзууд учраас би машиныг нь гуйж авсан байсан. Тэгээд утсаар яриад зогсоолд машиныг нь үлдээсэн, түрхүүрийг нь дугуйн дээр нь тавьсан гэж хэлээд 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн орчимд өгсөн. Манай гэр шинэ хорооллын 20 дугаар байр, Сондорт найз н.Н тай 0.5л савлагаатай архи хувааж уусан,  ...хохирогчийн машин Ноёд баарны урд байсан, хоёр машин хоорондоо 10-20 алхам зайтай байсан. Машинаа андуураад суучихсан байсан, ...мөргөчхөөд байранд нь үлдээсэн, би өөр тийшээ явах, зугтах санаа байгаагүй, цагдаа ирээд та согтуу машин барьсан байна гэж хэлэхээр нь би машин бариагүй камер шүүгээд үз гэж хэлсэн. Утсаа алга болгочхоод утсаар ярих гээд явж байгаа, цагдаа зогсоосон гэх зэрэг зүйлсийг санаж байгаа. Харин машинд суугаад байснаа санахгүй байна. ...үнэлгээгээр гарсан бүх зардлыг төлсөн” гэв.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хоёр. Эрх зүйн дүгнэлт:

2.1.Талуудын санал, дүгнэлт

 

Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Н.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Энэ нь хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч тухайн үед ухаан санаа хэвийн байсан утсаар ярих гэж байсан гэх мэт зүйлсээ өөрөө мэдэж байна. Өөрөө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна. Согтуу байсныг шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, цагдаагийн байгууллага согтолтын зэргийг шалгасан нөхцөл байдал нотолж байх тул шүүгдэгч Н.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж, яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн. Гэмт хэрэг нь хөдөлшгүй нотлогдож тогтоогдож байх шаардлагатай. Гэтэл хэргийн бодит байдлыг тогтоож яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлээгүй. Бодит байдлыг тогтоох үүрэг, нотолбол зохих ажиллагаа хийгдээгүй байна гэж үзэж байна. Мөн мөрдөн ажиллагааны явцад мөрдөгч Э  хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байгаа юм. Харин одоо бол мөрдөгчийн хувийн дотоод үнэмшлээр шийдэх гэсэн нөхцөл байдал ажиглагдаж байна. Хэргийн үйлдсэн нөхцөл байдал эргэлзээ бүхий гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байсангүй. Мөн бусдын тээврийн хэрэгслийг аваад явах идэвхтэй үйлдэл байсан гэвэл үгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогчийн машин онгорхой, асаалттай байсан нь тогтоогдсон. Гэтэл энэ зүйл анги нь онгойлгох, түлхүүр тааруулсан гэх зүйлсийг шаарддаг. Харин миний үйлчлүүлэгчид тийм үйлдэл огтоосоо байхгүй. Зүгээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөр тээврийн хэрэгсэлд суугаад өө уучлаарай андуурчихлаа гээд бууж байгаа юм. Мөн машин мөргөөд, машин нь ямар шалтгаанаар асахгүй зугтах боломжгүй нөхцөл байдал үүсээгүй. Харин мөргөчхөөд буцаад байранд нь тавьж байгаа, хохирогч гэрчүүдийн мэдүүлгээс харахад ямар ч хүчээр болиулах гэсэн үйлдэл гараагүй байдаг юм. Энэ үйлдлүүд нь зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх заалтад заасан зөрлийн шинжид хамаарч байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр цагаатгаж, гэм буруугүйд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд 300,000 төгрөгөөс дээш бол гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үздэг байтал миний үйлчлүүлэгчийн хохирол төлбөр 200,000 төгрөгийн хохирол учруулсан байдаг учир хэлбэрийн төдий гэж үзэж байна гэх саналыг тус тус гаргажээ.

 

Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Н.Б г 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.А ийн эзэмшлийн **-** ДАР улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахыг завдсан  гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянаж, харьцуулан дүгнэхэд

 

Шүүгдэгч Н.Б нь “гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газрын ойролцоо Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг **-** тоотод амьдардаг бөгөөд дүү С.О аас 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хар хөх өнгийн Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг авч хэрэглэсэн. Улмаар дүүгийнхээ тээврийн хэрэгслийг гэрийн хажууд байдаг  хяналтын камертай зогсоолд байрлуулж, дүүдээ машинаа аваарай, түлхүүрийг нь дугуйн дээр нь тавьсан гэж гар утсаар хэлжээ. Мөн Н.Б  нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчим найз н.Н , түүний найз н.Т  нарын хамт согтууруулах ундаа хэрэглэсэн. Орой 21 цагийн орчим найз н.Намсрайг хэрэг болсон гэх газрын ойролцоо гэрт нь хүргэж өгсөн. Гэрийн гадаа хүүхэд нь гарч ирээд н.Намсрайг авсан. Дараа нь би гар утсаа хайгаад олохгүй болохоор дүүгийн машин тавьсан газар очсон байсан. Би үүнийгээ согтоод санахгүй байсан. Мөрдөгч камер шүүгээд харуулахад нь мэдсэн. Тухайн асуудал болсон өдөр намайг эрүүлжүүлсэн. Би маргааш нь гараад найз н.Н аас гар утсаа олж авсан” гэж мэдүүлжээ.

 

Шүүгдэгч Н.Б ийн согтуурлыг шалгахад 2.17 хувийн согтолтын зэрэгтэй гарсан тэмдэглэл,

 

Гэрч С.О ын “...Би энэ хүнийг танина, хуурай ах дүү нар байгаа. Таньдаг болоод 20 жил болж байна. Бид хуурай ах дүүс болохоор хааяа надаас машиныг маань авдаг .... Саяхан нэг миний приусыг аваад хэд хоног унасан юм. ... Ноёдын хажуу талд гарааш руу шахаад тавьчихлаа шүү. Чи очоод авчихаарай түрхүүр нь жолооч талын урд дугуйн дээр тавьчихлаа. ... Надад хэлснээс хойш хоёр цаг орчмын дараа л очоод авсан.” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Л.Г ийн “... Дархан сум 11 дүгээр баг Ноёдын хойд зогсоол дээр Б **-** улсын дугаартай Hs250h загварын тээврийн хэрэгслээ байрлуулсан. Би ороод өрөө байна уу асуугаад ирье гээд машинаас буусан. Би машинд нь суугаад үлдсэн. Ингээд машинд сууж байтал нэг үл таних согтуу эрэгтэй хүн хажууд буюу жолоочийн суудал дээр орж ирээд суучихсан. Тэгэхээр нь би та машин андуураад байгаа юм биш үү гэхэд аан за тэгсэн байна гээд машинаас буучихсан. ... Үүний дараа Б бид хоёр Ноёд руу ороод байж байгаад би Б-т хандаж саяны ах шал согтуу байсан машин тэргээ хөдөлгөөд чиний машиныг мөргөчихвий дээ гэж хэлэхэд Б  буцаж гараад машинаа өөр газраа байрлуулчхаад буцаж орж ирэхдээ нөгөө ах чинь хар өнгийн приус унаад машин мөргөчихсөн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн тээврийн хэрэгслийг хайгаад явсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Хохирогч Б.А гийн эзэмшлийн  **-** ДАР улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл нь хар өнгөтэй болох нь хэрэгт авагдсан. Иймд шүүгдэгч Н.Б нь согтуу байсан учир шөнийн цагт тээврийн хэрэгслийн өнгийг ялгаагүй андуурсан гэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Н.Б  нь тухайн зогсоол дээр асаалттай орхисон тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах санаа зорилготой байсан гэх сэдэл, санаа зорилго нь хөдөлбөргүй тогтоогдоогүй байх бөгөөд тэрээр тээврийн хэрэгслийг 4 метр орчим зайд ухарч байгаад ардаа байсан тээврийн хэрэгслийг мөргөхдөө “согтууруулах ундаа уусан байсан тул өөрийн машин гэж андуурсан байсан” гэсэн түүний мэдүүлгийг илтэд худал гэж үгүйсгэн дүгнэх, түүнчлэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах, эзэмшилдээ оруулах гэсэн ямар нэгэн шунахай зорилго агуулсан гэх үндэслэл хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсах гэмт хэрэг нь санаатай үйлдэл байхаас гадна түүнийг хүсч үйлдсэн байхыг шаардана.

 

Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд Н.Б-ийн үйлдэл нь гэмт хэргийн зайлшгүй шинж буюу гэмт хэргийн субъектив хүчин зүйл болох гэм буруутай байдал, түүнийг бүрэлдүүлэгч элемент болох гэм буруугийн хэлбэр, сэдэл, санаа зорилго хангалттай тогтоогдоогүй байх тул гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.      

 

Иймд Н.Б д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

2.2. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж үлдээх, Шүүгдэгч Н.Б д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Н.Б  нь хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрүүгийн 2518000000061 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Б г цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2518000000061 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

3. Шүүгдэгч Н.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Н.Б  нь хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

6. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТ-АМГАЛАН