Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2021/00398

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2021/00398

Хэнтий аймаг

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, .... тоотод оршин суух, Харуул овогт Ц. Б /РД:.../-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, . тоотод оршин суух, Боржигон овогт Т-Б /РД:..../-д холбогдох  гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.У , нэхэмжлэгч Ц.Б , хариуцагч Т.Б нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2006 оны 7 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор гэр бүлээ бүртгүүлж хамт амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2001 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүү Б.Т төрсөн. Биднийг анх хамтран амьдрахад Т.Б нь 4 настай Ц  гэдэг охинтой байсан бөгөөд бид гэр бүл болж, Ц  охин маань надаар овоглож өссөн. Одоо охин Б.Ц  23 настай. Т.Б бид хоёр гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж 2014 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа. Миний бие одоо тусдаа гэр бүлтэй болж, 2 хүүхэдтэй болсон, хүүхдүүдээ өөрөөрөө овоглуулах хүсэлтэй байна. Иймд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан. Бид хоёрын дунд хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаан байхгүй. Тусдаа амьдраад олон жил болсон. Захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулах гэтэл Т.Б нь гэрлэлтээ цуцлуулахгүй гэсэн тул бид нарыг шүүхээр цуцлуул гэж хэлсэн. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Т.Б нь шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Миний бие Ц.Б тай 2000 онд танилцаж, 2001 онд хүү Б.Т минь төрсөн. Гэр бүл болсноос хойш Ц.Б  нь учир шалтгаангүй намайг хардаж хэрүүл маргаан байнга хийдэг байсан. Сүүлдээ бүр дордож надад гар хүрэх болсон. Нөхөртэйгөө 14 жил амьдарсан. Тэгээд 2014 оны 11 сард нөхөр маань Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд томилолтоор ажиллахаар болж би хоёр хүүхэдтэйгээ Хэнтий аймагт үлдсэн. Миний бие хүүхдээ сургуулиа төгсөхөөр араас нь очих бодолтой байсан. Гэтэл нөхөр маань Н.Г гэгч багш хүүхэнтэй гэр бүлээс гадуур дотно харилцаатай болж, хань ижил үр хүүхдээ хайхрахаа больсон. Тэгээд тэр хүүхэнтэйгээ хамтран амьдарсан. Миний бие нөхөр Ц.Б аас гэр бүлээ цуцлуулах шалтгаан байхгүй гэж үзэж байна.  Учир нь миний бие хорт хавдартай болсон. Байнга эмчилгээ хийлгэдэг. Хагалгаанд орсон. Одоо Ц.Б  нь хууль ёсны гэр бүл болох намайг асрах ёстой. Иймд гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б  нь хариуцагч Т.Б холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч  Ц.Б , хариуцагч Т.Б нар нь 2006 онд гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2001 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүү Б.Т төрсөн, одоо хүү Б.Т 20 нас, охин Б.Ц  нь 24 нас хүрсэн болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

Хариуцагч Т.Б нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөөгүй боловч тэдгээр нь 2014 оны 11 дүгээр сараас тус тусдаа амьдарсан, гэрлэгчдийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, мөн шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй, нэхэмжлэгч Ц.Болдбаатар нь өөр хүнтэй хамтран амьдарч 1-5 насны 2 хүүхэдтэй болсон зэрэг үндэслэлүүдийг харгалзан үзэж гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т "Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно" гэж заасан байх боловч үүнд гэрлэлт цуцлах үед өөрийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй, эрүүл мэндийн болон санхүү, ахуй амьдралын хувьд зайлшгүй эхнэр буюу нөхрийн тусламж дэмжлэг шаардлагатай байгаа нөхцлийг хамруулж ойлгоно.

Хариуцагч нь ...би хавдар туссан, өвчний хувьд эдгэршгүй, группэд орсон... гэж тайлбарлах боловч гэрлэлт цуцлахыг хориглосон нөхцөл байдалд гэрлэгчдийн аль нэг нь гэрлэлт цуцлуулах тухай хэрэг хянан шийдвэрлэх үед хөдөлмөрийн чадвараа алдах, эмнэлэгт хэвтэх, хэвтрийн дэглэм зайлшгүй сахих шаардлагатай болох, мэс засалд орох, эмчийн хяналтан дор байнгын эмчилгээ хийлгэх, өвчин хүндэрсэн шатандаа орсон, хэвтрийн дэглэм баримтлан сахиур шаардлагатай болсон зэргээр шүүхэд гэрлэлт цуцлах асуудлыг хэлэлцэхэд өөрийн эрхийг хамгаалах боломжгүй байх явдал хамаарах бөгөөд үүнийг эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр нотолно. Гэтэл хариуцагч Т.Б нь хагалгаанд орсон, хүнд өвчтэй гэж тайлбарладаг боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй, хэрэгт ийм нөхцөл байдлыг нотолсон баримт авагдаагүй байна.

Гэрлэгчид болох Ц.Б , Т.Б нарын гэрлэлтээр холбогдох нөхөр, эхнэрийн харилцаа дуусгавар болж байгаа ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх үүрэг нь хэвээр үлдэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б гэрлэлт цуцалсантай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Харуул овогт Ц.Б , Боржигон овогт Т-Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаарх маргаангүй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б гэрлэлт цуцалсантай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б т олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Б.МАРИНА