Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                           Хэргийн индекс: 307/2025/0099/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

улсын яллагч Э.У ,

хохирогчийн өмгөөлөгч Б.Ч

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418003410048 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б  овогт Б ийн Б, (РД:ХХ*****), 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ** настай эрэгтэй, дээд боловсролтой, сантехник инженер мэргэжилтэй, ам бүл *, эхнэр * хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, ** дугаар баг, **** хотхон *-* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын Өргөө баг ** дүгээр хороолол ** дугаар байрны ** тоот орон сууцанд ус алдуулсан, аавыг зодсон гэж хэрүүл маргаан үүсгэж Д.Х ын толгой руу гараараа цохих, газар унагаж өшиглөх зэргээр зодож Д.Х ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын Өргөө баг ** дүгээр хороолол ** дугаар байрны ** тоот орон сууцанд ус алдуулсан, аавыг зодсон гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж Д.Х ын баруун, зүүн дээд, доод зовхи, баруун нүдний алим, эрүүнд цус хуралт, баруун, зүүн шуунд зулгаралт, хамрын таславч муруйлт, баруун, зүүн зовхи, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2.Нотлох баримтын үнэлгээ

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл “...Д.Х ас гаргасан Дархан-Уул аймаг, ** дугаар байр ** тоотод доод айлын хүн ус алдлаа гэж намайг зодсон” гэх гомдол, мэдээллийг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 22 цаг 28 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв. (хавтаст хэргийн 4 дэх тал),

 

Хохирогч Д.Х ын өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр орой 20 цаг 30 минутын үед ** дугаар байрны ** тоотод мэдээ үзээд сууж байсан чинь хаалга тогшсон. Хаалгаа онгойлгоход доод айлын авгай байсан. Танайх улс алдаад байна гэсэн. Тэгэхээр нь би та бүгдийг нь шалгаад үз гэсэн. Тэгээд бүгдийг нь үзээд зураг дарж аваад гарсан. Тэгтэл араас нь нөхөр нь орж ирсэн. Би крантуудаа хаагаад байж байна. Тэгээд би тэр ахыг та одоо гарчих би бие муутай хүнтэй байна гэсэн. Тэгтэл тэр ах чи муу юу гээд байгаа юм гээд намайг заамдаад авсан. Би та яаж байнаа зүгээр гар гээд түлхээд гаргасан. Тэгтэл удалгүй дахиад хаалга тогшсон. Би хаалгаа нээж өгтөл доод айлын хүүхэд нь чи муу манай аавыг зоддог хэн бэ, ...миний нүүр хэсэгт гараараа хоёр удаа цохисон. Би газар унасан. Тэгсэн чинь миний дээрээс гараараа хэд хэдэн удаа цохисон. Бас миний эрүү хэсэгт нэг удаа өшгилсөн. Тэгээд аав нь хүүгээ аваад гарсан. Манай эхнэр болиоч гэтэл эхнэрийг ор луу аваад шидсэн.  Тэгээд гараад явсан. Манай эхнэр цагдаа дуудсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6, 16 дахь тал),

 

   Хохирогч Д.Б ийн өгсөн “...Манай дээд айлаас ус алдаад байхаар нь би хэлэх гээд гэрт нь орсон чинь эзэн нь согтуу байсан. Би орж ус алдаад байгааг нь хармаар байна гэж хэлээд ванны өрөө рүү нь орсон чинь миний араас тэр залуу орж ирээд би крантыг нь хаасан байна яах гээд байгаа юм гэж хэлээд миний цээж рүү хоёр удаа цохисон, миний хоолойг боох гэж оролдсон. Би зөрүүлээд тэр залуугийн нүүр цээж хэсэгт нь хэд хэдэн удаа цохисон. Тэр залуугийн эхнэр нь орилоод байхаар нь би салаад гараад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7, 23 дахь тал),

 

Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай ээж Ш.А  над руу залгаад манай дээд айлаас ус алдаад аав чинь орж уулзсан чинь аавыг чинь цохиод заамдаж байгаад боосон гэж хэлсэн. Би гэрээс гараад шууд аавын дээд талын айлд ороод чи яагаад манай аавыг цохисон юм бэ гэж хэлсэн чинь тэр залуу намайг бас цохих гэхээр нь би хоёр гарыг нь барж аваад цохисон чинь газар унасан. Тэгэхээр нь би дээрээс нь хоёр шанаа руу нь ээлжлээд хэд хэдэн удаа цохисон. Тэгээд миний араас ээж, аав хоёр орж ирээд намайг салгаад аваад гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 25 дахь тал), 

 

Гэрч Ш.А ын өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай дээд талын айлаас ус алдаад байхаар нь би дээд талын айл руу орж хэлэх гээд хаалга тогшсон чинь нэг том биетэй залуу хаалга онгойлгоод яах гээд хаалга нүдээд байгаа юм гээд уурлахаар  нь айгаад буцаж гэрт ороод нөхрөө гаргасан. Би хэрүүл маргаан болж магадгүй гээд удаагүй араас нь орсон чинь манай нөхрийг тэр айлын залуу нойлын өрөөнд оруулан буланд нь дээрээс нь дараад шахаад зогсож байсан. Тэгээд  би ороод салгаж авсан. Тухайн үед манай нөхөр тэр залуу хоёр барьцалдаад би арай гэж салгаж авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

 

2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “...Д  овогтой Х ыг хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 14 дэх тал),

 

Гэрч Д.Л гийн өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай гэрт манай доод айлын хүн орж ирээд танайхаас “ус алдаад байна” гэж орж ирж байсан.  Тухайн үед манай нөхөр Д.Х  мэдүүлэг өгсөн. Одоо миний зүгээс нэмж яриад байх зүйл байхгүй. Нөхрийн мэдүүлэгтэй санал нэг байна. Миний бие эрүүл мэндийн шалтгаантай байгаа тул удаан ярих боломжгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай “...Д.Х ын баруун, зүүн дээд, доод зовхи, баруун нүдний алим, эрүүнд цус хуралт, баруун, зүүн шуунд зулгаралт, хамрын таславч муруйлт, баруун, зүүн зовхи, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо, учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

 

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 35 дахь тал) зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б: “...өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй, миний буруу” гэв.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй болно.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хөнгөн хохиролд тооцогдоно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Б нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, “миний аавыг зодлоо” гэх шалтгаанаар нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, болсон асуудлыг тодруулж дүгнэлт хийлгүйгээр хохирогч Д.Х ын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Х ын эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хохиролд 2,500,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 35,396 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Б төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

  2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: Шүүгдэгч Б.Б нь иргэн Д.Х тай хувийн таарамжгүй харилцааны улмаас бие эрх чөлөөнд халдаж хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид 800 нэгж буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 12 сарын хугацаанд хэсэгчилж төлүүлэх, шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул энэ байдлыг хөнгөрүүлэх нөхцөл гэж үзнэ. гэх саналыг,

 

Хохирогчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг. Би мөрдөн байцаалтын шатнаас өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн. Гэм буруугийн хувьд сайн дураараа хүлээн зөвшөөрдөг, хохирол төлбөрийг сайн дураараа төлсөн байдал зэргийг харгалзан эрх зүйн байдлыг дээрдүүлэх шийдвэр гарахад маргах зүйл байхгүй. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлах саналтай байна гэх саналыг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг  харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх учиртай. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50-54 дэх тал), болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Иймд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүхээс оногдуулсан торгох ялаас шүүгдэгч Б.Б-ыг чөлөөлж шийдвэрлэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6 Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.БАТ-АМГАЛАН