| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00863/И |
| Дугаар | 156/шш2020/00909 |
| Огноо | 2020-12-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 156/шш2020/00909
156/ШШ2020/00909
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00863/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина би даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багт оршин суух, З.Б-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багт оршин суух, Б.Б-д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, нэхэмжлэгч З.Б- /онлайн/, хариуцагч Б.Б- нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б-тэй 2011 онд гэр бүл болж, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр охин Б.Х-ийг төрүүлсэн. Бид гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2014 оноос тусдаа амьдрах болсон. Одоогоор тус тусдаа амьдарч байна. Бидэнд дундын эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар маргаан байхгүй. Одоо би өөр амьдрал зохиох хүсэлтэй байгаа. Охин Б.Х-ийг аав Б.-ний асрамжид үлдээж, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Б.Б- нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би З.Б-тай 2011 онд гэр бүл болж 2012 онд охин Б.Х-ийг төрүүлсэн. Бид гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2014 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа. Охин Б.Х- нь 2014 оноос хойш миний асрамжид өсөж торниж байгаа, би эцгийн ёсоор хайр халамжаар дутаахгүй, сурлага хүмүүжилд нь анхаарал анхаарч байгаа. Одоо би өөрийн ээж Д, охин Х-ийн хамт Хэнтий аймгийн Биндэр сумын төвд өөрийн хашаа байшинд амьдарч байна. Би охин Б.Х-ийг өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг авахгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Б- нь хариуцагч Б.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэгчид нь 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон болох нь хэрэгт авагдсан № 0160354 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбараар, (хх-ийн 6 тал) тэдгээрийн дундаас 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр охин Б.Х- төрсөн болох нь төрсний 2322000084 дугаартай гэрчилгээний хуулбар (хх-ийн 8 тал) Хэнтий аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт (хх-ийн 10 тал), Биндэр сумын Сум дундын эмнэлгийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид З.Б-, Б.Б- нар хандаж, улмаар 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулсан боловч амжилтгүй болж, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 156/ЭТ2020/00256 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр дуусгавар болгосон байна. (хх-ийн 5 тал)
Шүүхээс гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, гэрлэгчид нь хоёулаа гэрэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон зэрэг шалтгааныг харгалзан үзэж гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б.Х-ийг эцэг Б.Б-ийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн охин Б.Х-ийг эцэг Б.Б-н асрамжид үлдээж шийдвэрлэв.
Зохигчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдүүдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч З.Б- нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-эс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Б-д олгож шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан регистрийн дугаартай, З.Б, Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б.Х-ийг эцэг Б.Б-ний асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид нь хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч З.Б- нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-эс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Б-д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Одцэцэгт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА