Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 156/ШШ2019/00492

 

 

 

 

 

 

 

            2019 оны 09 сарын 11 өдөр

    Дугаар 156/ШШ2019/00492

      Хэнтий аймаг

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00446/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..............тоот хаягт оршин суух,М. Ц /РД:........../-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ................. тоот хаягт оршин суух, К.Б /РД:.........../-д холбогдох

16 855 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:                            

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашням нар оролцов.

                                                                                                                                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр К.Бд ......... УБН улсын дугаартай, ниссан патрол машинаа 23 000 000 төгрөгөөр худалдсан. Тухайн үедээ 12 000 000 төгрөгийг дансаар авсан. Мөн өдөр байгуулсан хэлцэлдээ үлэгдэл 11 000 000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор Б нь төлж барагдуулах, энэ хугацаанд сарын 6%-ийн хүү тооцохоор тохиролцсон. Хүүнд 600 000 төгрөг төлөөд өөр мөнгө огт төлөөгүй. Үүнээс шалтгаалаад машинаа барьцаалан зээлдүүлэх газар барьцаалсан, хүүгээр хохирсон асуудал байгаа боловч өнөөдөр энэ асуудал яригдахгүй. Хариуцагч нь төлбөр төлөөгүй хугацаандаа алданги төлнө гэж нэхэмжлэгчтэй тохирсон байгаа. Шүүхэд нэхэмжлэл өгөх, өр нэхэх явцад 530 000 төгрөгийн зардал гарсан. Төлбөр төлөгдсөн тохиолдолд машины гэрчилгээний нэрийг шилүүлж өгөхөд маргах зүйлгүй.

Иймд машины үлдэгдэл төлбөр 11 000 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны хүүг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар тооцоод 3 000 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх 155 хоногийн алдангийг 0.5%-иар тооцоод 2 325 000 төгрөг, замын зардал 530 000 төгрөг, нийт 16 855 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв. Хариуцагч К.Б нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлийн талаарх хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, мэтгэлцээний эсрэг байр суурь илэрхийлээгүй болно.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ц нь К.Бд холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөр 11 000 000 төгрөг, хүү 3 000 000 төгрөг,  алданги 2 325 000 төгрөг, замын зардал 530 000 төгрөг, нийт 16 855 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Мэтгэлцээний байр суурийн хувьд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 16 855 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар тайлбарыг гаргаагүй болно.  

 

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, ......... УБН улсын дугаартай, ниссан патрол маркийн автомашиныг 23 000 000 төгрөгөөр худалдаж, худалдан авсан болох нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хэлцэл, нэхэмжлэгч талын тайлбар, хариуцагчийн маргаагүй байдал зэргээр тогтоогдож байна.

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч К.Бд 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хариуцагчийг хуульд зааснаар мэтгэлцэх боломжийг эхлүүлсэн. 

Хариуцагч К.Б нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор буюу 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дотор хариу тайлбар /нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримт/-ыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу товыг 7 хоногийн өмнө мэдэгдсэн байхад шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул К.Бг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж байна.

Хэдийгээр хариуцагч маргаагүй байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зарчмын хүрээнд хянаж үзээд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэв:

- Хэлцлээр нотлогдсон, хариуцагч маргаагүй зэргийг харгалзан автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 11 000 000 төгрөг, замын зардал 530 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж байна,

- 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хэлцлийн хугацаа дуусгавар болсоноос хойш буюу 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 07 дугаар сарын 19- ний өдөр хүртэлх хугацааны хүү 3 000 000 төгрөгийг мөн хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Учир нь хариуцагч тал нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй байх тул үүний хариуцлага болгож Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд сарын 6%-иар тооцож, 3 000 000 төгрөгийн хүү нэхэмжилснийг буруутгахгүй, мөн уг хүүгийн хэмжээ нь дээрх харилцаанд тохирсон гэж үзэв,

- Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анз /торгууль, алданги/-ыг талууд гэрээний харилцаанд хэрэглэх тохиолдолд заавал бичгээр уг тохиролцоог баталгаажуулах ёстой байхад нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд энэ талаар бичгээр хийгдсэн гэрээ байхгүйг харгалзан алданги 2 325 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иймд өгсөн дүгнэлтийн хүрээнд хариуцагч К.Бгаас зээлээр худалдах-худалдан авах гэрээний төлбөр 11 000 000 төгрөг, хүү 3 000 000 төгрөг, замын зардал 530 000 төгрөг, нийт 14 530 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Цд олгож, бичгээр гэрээ байгуулж тохиролцоогүй тул алданги 2 325 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.

Нэхэмжлэлийн хувийг гардуулсан 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хариуцагч нь өөрөө биечлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй танилцсан бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх эрхээ хэрэгжүүлэх эрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны турш нээлтэй явж ирсэн болно.

Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын хүрээнд товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэхдээ нотлох баримтын хуулийн шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй зэргийг харгалзан нэхэмжлэгчийн ........... ХХК, ...........ХХК зэрэгтэй байгуулсан гэрээ, эмнэлгийн болон гар утасны мессэж, байшин, хөрөө рамны зургийг нотлох баримтаар үнэлээгүйг дурдав.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

           

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 222 дугаар зүйлийн 222.5, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч К.Бгаас  14 530 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Цд олгож,

нэхэмжлэлийн шаардлагын 2 325 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 242 250 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 230 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ