Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 156/ШШ2019/00493

 

 

 

 

 

 

                                                                                       

   

      2019 оны 09 сарын 11 өдөр

    Дугаар 156/ШШ2019/00493

      Хэнтий аймаг

                                                                                      

                                                            

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ............тоот хаягт оршин суух, О.А /РД:........../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн .......... сумын Соёлын төвд холбогдох

Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            нэхэмжлэгч О.А, өмгөөлөгч Д.Оюунцэцэг,

            хариуцагчийн төлөөлөгч Д.Г,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сайнболд нар оролцов.

                                                            

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс ........ сумын Соёлын төвийн номын санчаар томилогдсон бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэнэт ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Баримталсан хуулийн заалтуудыг зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг хэзээ хэрхэн зөрчсөн талаар тушаалд байхгүй, ямар үндэслэлээр халсан нь тодорхойгүй, ёс зүйн зөрчил шалгаж тогтоосон, ёс зүйн зөвлөлөөр хэлэлцүүлсэн асуудал байхгүй.

Иймд Хэнтий аймгийн ........ сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн б/5 дугаар тушаалыг хүчингүй болгож, номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 3 608 956 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А өмнө нь ажил тасалдаг, ажлаас байнга хоцрох асуудал гаргаж байсан боловч арга хэмжээ авалгүй, өөртэй нь ярилцаж тохиролцож байсан.

Боловсрол, соёл, урлагийн газраас хийсэн шалгалтын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтээр А нь хангалтгүй дүн авсан. Хамт олны өмнө Аид шалгалтын дүнтэй холбогдуулан үндсэн цалингийн 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл авах тухай мэдэгдэхэд зөвшөөрөхгүй маргаж, хэрүүл дэгдээсэн. Тэгэхдээ А нь хамтарч ажиллахгүй, халагдлаа гэж хэлсэн, би өргөдлөө аваад ир гэхэд бичихгүй гэсэн. Тэгээд хүлээж байгаад өөрөө халагдана гэсэн болохоор чөлөөлөх тушаалыг гаргасан гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч О.А нь Хэнтий аймгийн ........ сумын Соёлын төвд холбогдуулан ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

            Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 11-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гэж 3 608 956 төгрөг нэхэмжилж байгаа болохоо тодруулсан.

            Нэхэмжлэлийг шүүхэд 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан шүүхийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээж байна. Учир нь тус шүүхэд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 871 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан, уг захирамжид заасан татгалзах үндэслэл болгож шаардсан баримтыг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1519 дүгээр захирамжаар хариуцагч байгууллагаас нотлох баримтаар гаргуулсан болно.

            Хэнтий аймгийн ........ сумын Соёлын төвын эрхлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаар тушаалаар О.Аийг номын санчийн ажилд томилж, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн б/07 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 44 дүгээр зүйлийн 44.1 /шүүх хуралдаан дээр тодруулсан/, 131 дүгээр зүйлийн 131.3, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор батласан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.1.7-к, 3.1.2-в хэсэгт зааснаар номын санчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ. 

            Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд

            Хариуцагчийн тушаал гаргахад үндэслэл болгосон хуулийн зохицуулалтаас хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буй зүйлчлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсгийн зохицуулалт байх ба үүний дагуу ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах, улмаар ажлаас чөлөөлөх эрхтэй байдаг.

          Харин Хэнтий аймгийн ........ сумын Соёлын төвын эрхлэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн .....дугаар тушаалаар О.Аийн хэзээ гаргасан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ямар үйлдлийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэн ажлаас чөлөөлсөн болох нь тодорхойгүй болжээ. Өөрөөр хэлбэл дээрх тушаалд О.Аийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болсон үйлдэл, эс үйлдлийг тодорхой тусгаагүй, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын аль хэсгийг ажилтан зөрчсөн болохыг дүгнээгүй, сахилгын шийтгэл ногдуулах болсон үйл баримтын талаар нотлох баримт байхгүй байна.

            Ийнхүү ажилтны хэзээ гаргасан үйлдлийг сахилгын зөрчил гэж үзэж буй нь тодорхойгүйгээс шалтгаалан ажил олгогч нь өөрт ашигтай байдлаар сахилгын шийтгэл ногдуулах болсон үйл баримт, үндэслэлийг дараа нь тодорхойлох боломжтой, мөн сахилгын зөрчил гаргаснаас эхлэн тооцох хөөн хэлэлцэх хугацааг тоолох боломжгүй болгосон, ямар зөрчил, үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж байгаагаа мэдэх ажилтны эрхийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг шүүхийн зүгээс өгөв.

            Ажилтны хэзээ гаргасан ямар үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулсан болох нь ойлгомжгүйгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлтийг шүүх өгөх боломжгүй байна.

            Мөн шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч өөрөө ажлаас гарна гэсний дагуу тушаал гаргасан гэж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаас харахад Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах өргөдөл гаргаж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэх үйл баримт нотлогдсонгүй.

            Хариуцагч байгууллагын О.Аийг ажлаас чөлөөлөх тушаалд төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг удирдлага болгосон боловч ёс зүйн зөрчилд ямар үйлдлийг тооцож байгаа нь ойлгомжгүй, энэ нь баримтаар нотлогдоогүйн зэрэгцээ ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах, сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалтын хүрээнд шийдвэрлэгдэх ёстой.

            Иймд өгсөн дүгнэлтийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, О.Аийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

          О.Аийг ажилд нь эгүүлэн тогтоож байгаа тул түүнийг ажлаас чөлөөлсөн Хэнтий аймгийн ........ сумын Соёлын төвын эрхлэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн б/07 дугаар тушаал нь цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд энэ нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагын үндэслэл болох учраас хүчингүй болгох шаардлагагүй байна.

 

            Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагын тухайд

            Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагаа тодруулан 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 11-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин  гэж 3 608 956 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаандаа буюу 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 11-ны өдөр хүртэлх хугацааны 4 сар 26 хоногийн дундаж цалин хөлстэйгээ тэнцэх олговорыг нэхэмжлэх эрхтэй байна. 

            О.Аийн 2019 оны 1, 2, 3 дугаар саруудын цалин хөлсний дундаж нь 732 577 төгрөг  болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх ба 4 сар 26 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3 828 743 төгрөг болж байна. Үүнээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээд 3 608 956 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлагын тухайд

            Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч нь хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгаж байна.

 

Нийт өгсөн дүгнэлийн хүрээнд О.Аийг Хэнтий аймгийн ........ сумын Соёлын төвийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Хэнтий аймгийн ........ сумын Соёлын төвөөс 3 608 956 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлсэн болохыг дурдвал зохино.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                                           ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Аийг Хэнтий аймгийн ........ сумын Соёлын төвийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хэнтий аймгийн ........ сумын Соёлын төвөөс 3 608 956 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Аид олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар О.Алтанавчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Хэнтий аймгийн ........ сумын Соёлын төвд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 088 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,

нэхэмжлэгчээс 16 605 төгрөг гаргуулан төрийн санд,

хариуцагчаас 142 893 төгрөг гаргуулан 70 200 төгрөгийг төрийн санд, 72 693 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.БАДРАХ