| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2019/00448/И |
| Дугаар | 156/ШШ2019/00513 |
| Огноо | 2019-09-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 156/ШШ2019/00513
| 2019 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 156/ШШ2019/00513 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00448/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...........тоотод байрлах, ......... ХХК /РД:.........../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: .................тоот хаягт оршин суух, М. А /РД:.........../,
Хариуцагч: ..................тоот хаягт оршин суух, Чү.Г /РД:............./ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг 20 886 631.39 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д.,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.А, Ч.Г нар нь .........ны Хэнтий Мөрөн тооцооны төвөөс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн гэрээгээр 27 409 000 сарын 1.7 хувийн хүүтэйгээр, 50 сарын хугацаатай авсан. Зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу хийгдээгүй гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой мэдэгдэл өгч, зээлдэгчтэй уулзаж, утсаар удаа дараа холбогдож байсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрийг төлж барагдуулахгүй байгаа тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна, мөн барьцаа үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.
Үндсэн зээл 19 629 378.27 төгрөг, хүү 1 211 663.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 589.48 төгрөг, нотариатын хөлс 34 000 төгрөг, нийт 20 886 631.39 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.А, Ч.Г нар нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлийн талаарх хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, мэтгэлцээний эсрэг байр суурь илэрхийлээгүй болно.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
......... ХХК нь М.А, Ч.Г нарт холбогдуулан үндсэн зээл 19 629 378.27 төгрөг, хүү 1 211 663.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 589.48 төгрөг, нотариатын хөлс 34 000 төгрөг, нийт 20 886 631.39 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.
М.А, Ч.Г нар нь ......... ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 07, 07 дугаар сарын 06-ны өдрүүдэд байгуулсан гэрээний үүрэг дээр нэмж 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 731 дугаартай барьцаат зээлийн гэрээ, мөн адил дугаар бүхий барьцааны гэрээ байгуулж, 50 сарын хугацаатай, жилийн 20.40 хувийн хүүтэйгээр 1 600 000 төгрөгийг хүлээн авсан байх бөгөөд ингэснээр нийт 27 409 000 төгрөгийн зээлийн мөнгөн төлбөрийн үүргийг хариуцах үүрэг хүлээсэн байна.
Барьцааны гэрээгээр
- улсын бүртгэлийн Ү-............ дугаартай 45 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
- улсын бүртгэлийн Г-............... дугаартай 621 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
- цалин, 31 инчийн зурагт, Frestech маркын хөргөгч зэргээр үүргийн гүйцэтгэлийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалж, үл хөдлөх хөрөнгийн барьцааг зохих улсын бүртгэлд бүртгүүлжээ.
М.А, Ч.Г нар нь гэрээнд заасан хуваарьт хугацаанд төлөлт хийгээгүй, нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар удаа дараалан мэдэгдэж ирсэн нь хэрэгт авагдсан гүйлгээний баримт, мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт зааснаар урьд нэмэлт хугацаа тогтоож байсан тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлагдсан байна гэж үзэв.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор хариу тайлбар /нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримт/-ыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу товыг мэдэгдсэн байхад шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэж байна.
Иймд хариуцагч нараас үндсэн зээл 19 629 378.27 төгрөг, хүү 1 211 663.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 589.48 төгрөг, нотариатын хөлс 34 000 төгрөг, нийт 20 886 631.39 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.А, Ч.Г нараас 20 886 631.39 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ......... ХХК-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд дараах ипотекийн болон хөдлөх хөрөнгийн барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
Үүнд:
- улсын бүртгэлийн Ү-........... дугаартай 45 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
- улсын бүртгэлийн Г-............... дугаартай 621 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
- цалин, 31 инчийн зурагт, Frestech маркын хөргөгч.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 262 383 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 262 383 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ