Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/286

 

 

Т.Эад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Оюунбат,

цагаатгагдсан этгээд Т.Э, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/90 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Оюунбатын бичсэн 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлээр Т.Эад холбогдох эрүүгийн 1906047482006 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

..................., 19........... оны ........... дугаар сарын ..........-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ................дүүргийн ............... дугаар хороо, ..................дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны хд 37 дугаар байрны 1 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

Т.Э нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Ц.Дэлгэрдалайгаар дамжуулан Б.Тулгабаатарт Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд 43 м.кв байрыг зарахаар тохиролцон байрны урьдчилгаа гэж 18.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч тухайн байрыг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Шижирт Гүн” ХХК-тай байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 66.572.500 төгрөгийн үнийн дүнд оруулан тухайн байрны өмчлөх эрхийг “Шижирт Гүн” ХХК-нд шилжүүлэн өгч, хохирогч Б.Тулгабаатарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Т.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, цагаатгах тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор М.Оюунбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...“Яллагдагч Т.Э хохирогч Б.Тулгабаатар нарын хооронд тохиролцоо байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэх заалтын талаар: яллагдагч Т.Э нь шүүх хуралдааны гэм буруугийн хэлэлцүүлгийн шат болон мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ гэрч Ц.Дэлгэрдалай болон хохирогч Б.Тулгабаатар нартай байр худалдах, худалдан авах талаар гэрээ хэлцэл хийж байгаагүй ба энэ талаар харилцан тохиролцсон зүйл байхгүй гэдэг. Мөн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд 43 м.кв байрыг Б.Тулгабаатарт үзүүлж байгаагүй гэж мэдүүлдэг. Гэвч хавтаст хэрэгт хохирогч Б.Тулгабаатар “...тэгэхээр нь би Ц.Дэлгэрдалайтай утсаар яриад маргааш ирж байрныхаа түлхүүрийг ав гэж байна гэж хэлтэл Ц.Дэлгэрдалай нь тэр байранд орох боломжгүй болсон. Тэр байрыг эзэн болох Т.Э өөр хүнд зарчихсан байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Ц.Дэлгэрдалайгаас урьдчилгаа болгож өгсөн 18.000.000 төгрөгөө буцааж авъя гэж хэлтэл Ц.Дэлгэрдалай нь би тухайн үед чиний мөнгийг Т.Э гэгчид өгсөн бөгөөд чамд байрыг чинь авч өгөх гэж байсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т.Э гэгчтэй холбогдоход би чиний мөнгийг байр зарагдсаны дараагаар өгнө гэж хэлж байсан боловч одоо болохоор тэр байраа зарчихсан, намайг залгахаар утсаа авахгүй надаас зугтаагаад яваад байгаа юм. Тухайн үед би хашаа байшингаа 18.000.000 төгрөгөөр зарсан ба Ц.Дэлгэрдалай, Т.Э бид гурав хамт Дэнжийн 1000-н 61 дүгээр сургуулийн өргөтгөл дээр ажиллаж байсан. Маргааш нөгөөдрөөс нь Ц.Дэлгэрдалайгийн дансыг асуухаар залгасан боловч утсаа аваагүй. Ц.Дэлгэрдалай, Т.Э хоёр хамт байсан болохоор нь Т.Э руу залгаад асуухад би дансыг нь мэдэхгүй, цаадах чинь миний хажууд байхгүй байна гээд тасалсан. Удалгүй Ц.Дэлгэрдалай над руу буцаж залгаад дансныхаа дугаарыг өгсөн. ...байр авах талаар мэдэж байсан ба байр үзэхээр ажлаа дуусгаад манай гэрт очоод цай унд уугаад нөгөө байрыг гурвуулаа очиж үзсэн. ...миний урьд өмнө нь өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, надад худал мэдүүлсэн зүйл байхгүй. Би үнэн зөвөөр мэдүүлгээ өгөөд хэргээ хаалгана гэсэн зүйл хэлж тохиролцоогүй...” гэж, Ц.Дэлгэрдалай гэрчээр “...Б.Тулгабаатарын хэлж байгаа үнэн. Т.Э бид 3 тэднийд очиж цай уугаад бартердана гэж байсан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академийн харалдаа баригдаж байсан 13 давхар ногоон өнгийн байрны хамгийн дээд давхрыг орж үзсэн...” гэж тус тус мэдүүлсэн мэдүүлэг, мөн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б.Тулгабаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагаа, Ц.Дэлгэрдалайгийн 5018190937 дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх бөгөөд Т.Эын тухайд дээрх хохирогч, гэрч нартай байр үзүүлэх талаар харилцан тохиролцож уулзаагүй бол өөр бусад ямар шалтгааны улмаас тухайн маргаан бүхий байранд хамт очсон болох нь эргэлзээтэй, түүнчлэн Ц.Дэлгэрдалайгаас байрны мөнгийг Т.Эад шилжүүлэхдээ “байрны мөнгө” гэсэн утгатай шилжүүлсэн нь Т.Э байрыг Ц.Дэлгэрдалайгаар дамжуулж Б.Тулгабаатарт зарахаар тохиролцсон гэдгийг нотолж байна. Хэдийгээр Ц.Дэлгэрдалай нь хохирогчоос байрны урьдчилгаа гэж 18.000.000 төгрөг гэж шилжүүлэн авсан атлаа 17.000.000 төгрөгийг Т.Эын дансанд шилжүүлсэн байх боловч үүнийг Б.Тулгабаатар, Т.Э нарын хооронд хийгдсэн хэлцсийн үндсэн шилжүүлэгдсэн гэж үзэх, эсхүл хохирогчийг төөрөгдөлд оруулах арга хэлбэр гэж үзэх үндэслэлгүй юм.

Худалдах, худалдан авах гэрээний зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байх бөгөөд Б.Тулгабаатар тухайн хөрөнгийг худалдан авах талаар хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдтэй хэлцэл хийсэн гэж үзэхээргүй, худалдагч талд орон сууцыг Б.Тулгабаатарт худалдах санаа зорилго байсан эсэх нь бодит байдалд тодорхойгүй энэ талаар хийсэн тодорхой баримтад тохиролцоо байхгүй байхад бусдаар буюу Ц.Дэлгэрдалайгаар дамжуулан хэлцэл хийгдсэн гэж үзэн урьдчилгаа төлбөрийг Ц.Дэлгэрдалайд шилжүүлж, улмаар орон сууцны өмчлөх эрх гуравдагч этгээдэд шилжсэнийг, мөн Т.Эын дансанд 17.000.000 төгрөг Ц.Дэлгэрдалайгаас шилжүүлэгдсэн үйл баримтыг шүүгдэгч хохирогчийг хуурч бусдыг төөрөгдөлд оруулсан гэж үзэх үндэслэлгүй байна гэх заалтын талаар: Т.Э нь тухайн байрыг хохирогч Б.Тулгабаатарт урьдчилгаа төлбөр авч зарахаар тохиролцохдоо шүүгчийн цагаатгах тогтоолд дурдсан тодорхой төрлийн хэлцэл хийсэн эсхүл худалдах, худалдан авах гэрээ хийсэн бол дээрх иргэдийн хооронд үүссэн маргаан бүхий харилцаа нь иргэний хуульд заасан гэрээ, хэлцэл түүний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой иргэд хоорондын маргаан болно гэж үзэж байна. Учир нь, Т.Э нь хохирогч Б.Тулгабаатарт байрыг Ц.Дэлгэрдалайгаар дамжуулан зарахаар тохиролцож, улмаар дээрх тохиролцооны биелэлт мэргэжлийн хяналтын байгууллага нь байрыг улсын комисст хүлээн авсанаар эрх шилжих талаар Б.Тулгабаатар, Ц.Дэлгэрдалай нар нь мэдүүлдэг бөгөөд энэхүү биелэлт хэрэгжиж эхлэх хугацаанд Т.Э нь 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Шижирт Гүн” ХХК-нд Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөрт оруулан тооцохоор тохиролцсон нь хохирогч Б.Тулгабаатарыг хуурч, төөрөгдөлд оруулах гэмт санаа зорилготой байсан болохыг нотолж байх бөгөөд үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Б.Тулгабаатарыг төөрөгдүүлэх замаар “би чамтай анхнаасаа байр зарах талаар харилцан тохиролцоогүй” гэж, мөн өөрийн дансанд Ц.Дэлгэрдалайгаас “байрны мөнгө” гэх утгатай орж ирсэн 17.000.000 төгрөгийг Ц.Дэлгэрдалайгийн өрөнд шилжүүлсэн мөнгө гэж өөрийн бусдыг хууран мэхлэх идэвхитэй үйлдлийг зөвтгөх үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл...”-ийг тусгахаар заасан байтал хохирогч Б.Тулгабаатар, гэрч Ц.Дэлгэрдалай нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтыг үгүйсгэж байгаа нотлох баримт хэрэгт авагдаагүй байтал дан ганц шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлж гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр Т.Эад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.гэв.

Цагаатгагдсан этгээд Т.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Б.Тулгабаатар гэх хүнийг огт танихгүй. Энэ хүнд байр зарна гэж хэлээгүй. Би залилах гэмт хэрэг үйлдээгүй, анхан шатны шүүх үнэн зөвөөр шийдвэрлэж өгсөнд баярлаж байна. Би ямар ч үйлдэл хийгээгүй, Б.Тулгабаатартай гэрээ хэлцэл байгуулаагүй. Ц.Дэлгэрдалай гэх хүн миний өмнөөс Б.Тулгабаатараас мөнгө аваад над руу явуулсан байдаг. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн.” гэв.

Цагаатгагдсан этгээд Т.Эын өмгөөлөгч Д.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх үйл баримтыг дүгнэхдээ хавтаст хэрэгт авагдсан баримтаар Т.Э, Б.Тулгабаатар нарын хооронд ямар нэгэн байр худалдах, худалдан авах талаар тохиролцоо байгаагүй, яллах дүгнэлтэд дурдсан Б.Тулгабаатарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэсэн шинжүүдийг бичсэн байсан. Т.Эын зүгээс ямар нэгэн идэвхитэй үйлдэл гаргаагүй байдаг. Залилан мэхлэх гэмт хэрэг нь залилж буй этгээд нь бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулсан идэвхитэй үйлдлээр илэрдэг. Тэгвэл Т.Э, Б.Тулгабаатар хоёрын хооронд “байр байгаа” гэх талаар мөн “байрандаа ор, мөнгөө шилжүүл” гэх байдлаар ямарваа нэг тохиролцоо явагдаагүй байдаг. Яллах дүгнэлтэд бичигдсэнээр Ц.Дэлгэрдалайгаар дамжуулсан гэдэг. Ц.Дэлгэрдалайгаас орж ирж буй мөнгийг Т.Э өр зээлэндээ авсан гэж ойлгож явсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Ц.Дэлгэрдалай болон Т.Э нарын мэдүүлэг, дансны хуулгаар нотлогдож тогтоогддог. 1 дүгээр хавтаст хэргийн 214 дүгээр талд 4 дүгээр сарын 13-ны өдөр хохирогчийн өмгөөлөгч Анхбаяр хүсэлт гаргасан байдаг. Уг хүсэлтдээ “Т.Э, Ц.Дэлгэрдалай нар нь тооцоо нийлж, гэрч Ц.Дэлгэрдалай хохирогч Б.Тулгабаатарын дансанд хохирол болох 18 сая төгрөгийг бүрэн шилжүүлж, хохирлыг барагдуулсан. Т.Эын үйлдэлд хуурамч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилан мэхлэх гэмт хэргийн шинж байхгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн байдаг. Т.Эын хувьд барилгын компанийн захирал хийдэг. Ц.Дэлгэрдалай нь Т.Эын ажилтан байсан. 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр уг мөнгө Б.Тулгабаатараас шилжиж орох үед тухайн байр нь Т.Эын компанийн эзэмшилд шилжээгүй байсан. 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шилжсэн байдаг. Т.Эын хувьд энэ байрыг 7 дугаар сарын 20-ны өдөр өөр компани руу бартераар шилжүүлснээр Т.Эын дансанд мөнгө шилжсэн. Нөгөөтэйгүүр байрыг өөр компани руу шилжүүлсэн нь залилан мэхлэх гэмт хэрэг юм гэж ташаа ойлгож байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, Б.Тулгабаатар Ц.Дэлгэрдалайгийн данс руу бүх мөнгөө хийх болсон нь хэнд итгэж, юунд найдаж мөнгийг хийсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байдаг. Харин Ц.Дэлгэрдалай Б.Тулгабаатар нар Т.Этай байрыг зарах талаар харилцан тохиролцсон ямар нэгэн яриа хэлцэл болоогүй талаар маш тодорхой мэдүүлдэг. Хэрвээ Т.Эыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол Ц.Дэлгэрдалайгаар дамжуулж гэж прокуророос дүгнээд байгаа нь ямар учиртай юм бэ. Нөгөөтэйгүүр 18 сая төгрөгөөс 1 сая төгрөгийг Ц.Дэлгэрдалай өөртөө авч үлдээд 17 сая төгрөгийг Т.Э руу шилжүүлсэн байдаг. Ц.Дэлгэрдалайгийн идэвхитэй үйлдэл харагдаж байдаг. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Эыг 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Ц.Дэлгэрдалайгаар дамжуулан Б.Тулгабаатарт Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд 43 м.кв байрыг зарахаар тохиролцон байрны урьдчилгаа гэж 18.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч тухайн байрыг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Шижирт Гүн” ХХК-тай байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 66.572.500 төгрөгийн үнийн дүнд оруулан тухайн байрны өмчлөх эрхийг “Шижирт Гүн” ХХК-нд шилжүүлэн өгч, хохирогч Б.Тулгабаатарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Т.Эад холбогдох хэргийн үйл баримт, зүйлчлэлд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх хохирогч Б.Тулгабаатарын “...би Ц.Дэлгэрдалайтай утсаар яриад маргааш ирж байрныхаа түлхүүрийг ав гэж байна гэж хэлтэл Ц.Дэлгэрдалай нь тэр байранд орох боломжгүй болсон. Тэр байрыг эзэн болох Т.Э өөр хүнд зарчихсан байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Ц.Дэлгэрдалайгаас урьдчилгаа болгож өгсөн 18.000.000 төгрөгөө буцааж авъя гэж хэлтэл Ц.Дэлгэрдалай нь би тухайн үед чиний мөнгийг Т.Э гэгчид өгсөн бөгөөд чамд байрыг чинь авч өгөх гэж байсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т.Э гэгчтэй холбогдоход би чиний мөнгийг байр зарагдсаны дараагаар өгнө гэж хэлж байсан боловч одоо болохоор тэр байраа зарчихсан, намайг залгахаар утсаа авахгүй надаас зугтаагаад яваад байгаа юм. Тухайн үед би хашаа байшингаа 18.000.000 төгрөгөөр зарсан ба Ц.Дэлгэрдалай, Т.Э бид гурав хамт Дэнжийн 1000-н 61 дүгээр сургуулийн өргөтгөл дээр ажиллаж байсан. Маргааш нөгөөдрөөс нь Ц.Дэлгэрдалайгийн дансыг асуухаар залгасан боловч утсаа аваагүй. Ц.Дэлгэрдалай, Т.Э хоёр хамт байсан болохоор нь Т.Э руу залгаад асуухад би дансыг нь мэдэхгүй, цаадах чинь миний хажууд байхгүй байна гээд тасалсан. Удалгүй Ц.Дэлгэрдалай над руу буцаж залгаад дансныхаа дугаарыг өгсөн. ...байр авах талаар мэдэж байсан ба байр үзэхээр ажлаа дуусгаад манай гэрт очоод цай унд уугаад нөгөө байрыг гурвуулаа очиж үзсэн. ...” /1хх 8-9, 58-59, 215-216/, гэрч Ц.Дэлгэрдалайгийн “...Б.Тулгабаатарын хэлж байгаа үнэн. Т.Э бид 3 тэднийд очиж цай уугаад бартердана гэж байсан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академийн харалдаа баригдаж байсан 13 давхар ногоон өнгийн байрны хамгийн дээд давхрыг орж үзсэн. ...” /1хх 10-11, 60-61, 223-224/ гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдал, хэрэгт холбогдсон Т.Эын үйлдэл, санаа зорилго, сэдэлттэй нийцээгүй байна гэж үзэв.

Иймд Т.Эыг “үндэслэлгүй цагаатгасан” талаарх бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/90 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/90 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Т.Эад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Т.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ                                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ

                ШҮҮГЧ                                                      Д.МЯГМАРЖАВ