| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00853/И |
| Дугаар | 156/шш2020/00910 |
| Огноо | 2020-12-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 156/шш2020/00910
156/ШШ2020/00910
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00853/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороонд оршин суух, К.К-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Батноров сум, 3 дугаар багт оршин суух, Э.Б-д холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, нэхэмжлэгч К.К- /онлайн/, хариуцагч Э.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К.К- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э.Б-тэй 2013 онд танилцаж, хамтран амьдрах болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүү У, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүү М нар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй ба бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү У, М нарын эцэг Э.Б мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүү К.У, К.М нар нь миний төрсөн хүүхдүүд мөн учир эцэг тогтоолгох шаардлагагүй. Би хоёр хүүхэддээ хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Бид одоо хамт амьдрах боломжгүй. Учир нь би одоо Э.Г-тай хамт амьдраад нэг хүүхэдтэй болсон гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К.К нь хариуцагч Э.Б-д холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Э.Б нь нэхэмжлэгч К.К-ын шүүхэд гаргасан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан.
Өөрөөр хэлбэл К.К-, Э.Б нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцэг Э.Б нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү К.У, К.М нарыг эцэг Э.Б-өөр хуульд заасан тэтгэлгийн хувь хэмжээгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн хүү К.У, К.М нарыг эх К.К-ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч Э.Б нь хүү К.У, К.М нарыг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцоно.
Нэхэмжлэгч К.К- нь хариуцагч Э.Б-тэй цаашид хамт амьдрах хүсэлгүй, шүүх хуралдаанд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон бөгөөд тэрээр хариуцагч Э.Б-өөс хүү К.У, К.М нарт төлөх хүүхдийн тэтгэлэгийг тусдаа амьдарсан хугацаа болох 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гаргуулна гэж тайлбарлаа.
Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх төлөгдөөгүй тэтгэлэгийг нөхөн төлүүлж болдог. Гэтэл энэхүү нөхцөл байдал зохигчдын дунд үүссэгүй, мөн нэхэмжлэгч Ж.К.К- нь 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхдийн тэтгэлэгийг тухайн үедээ нэхэмжлээгүй, энэ талаарх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байх тул хариуцагч Э.Бөөс хүү К.У, К.М нарт 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхдийн тэтгэлэгийг нөхөн гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд СА94071417 тоот регистрийн дугаартай, Цагаан овогт Э.Б-ийг 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү К.У, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү К.М нарын эцэг мөн болохыг тогтоож, хүү К.У, К.М нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Бөөр нь тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ж.К.К-д даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.К.К-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бөөс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.К.К-д олгож, мөн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хоёр хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 2,420,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53,676 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү К.У, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү К.М нарын эцэг СА94071417 тоот регистрийн дугаартай, Цагаан овогт Э.Б мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү К.У, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү К.М нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Б-хөөр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ж.К.К-д даалгасугай.
3. Нэхэмжлэгч Ж.К.К-ын хариуцагч Э.Бөөр хүү К.У, К.М нарт 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхдийн тэтгэлэгийг нөхөн төлүүлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.К.К-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бөөс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.К.К-д олгож, мөн хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хоёр хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 2,420,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53,676 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА
Жумаб