Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2021/00399

 

 

 

 

 

 

 

 

156/ШШ2021/00399

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2021/00197/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ..... оршин суух, Бариач овогт Г.О(РД:....)-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ....... оршин суух, Морьтон овогт Б.Б (РД:.... )-д холбогдох хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.О  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б 2011 онд танилцаж, 2012 оноос хамтран амьдарсан. Хамт амьдрах хугацаанд 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр охин О.М маань төрсөн юм. Б.Б нь хамт амьдрах хугацаанд их догшин ширүүн зантай, биед халдаж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, архи дарс уудаг байсан. Миний дагавар том хүүг маань байнга муу гичий нохой чи хэний шээс вэ гэж дандаа загнаж дарамталдаг. Ийм байдал нь хүүхдүүдийн маань хүмүүжил болон надад маш их дарамт, айдас түгшүүртэй байдаг. Цаашид хамт амьдрах боломжгүй тул охин О.М миний асрамжид үлдээж, Б.Б хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2011 онд Г.О тай танилцаж, 2012 оноос хамтран амьдарсан. Хамт амьдрах хугацаанд 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр охин О.М нь төрсөн. Охин О.М нь миний төрсөн хүүхэд мөн. Г.О  нь нэхэмжлэлдээ намайг архи, дарс ууж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэж бичжээ, надад Г.О г зодож цохиж байсан зүйл байхгүй. Г.О  нь өөр хүнтэй хувийн харилцаатай болж одоо тэр хүнтэйгээ хамт амьдарч байгаа. Охин О.М маань нэг ч удаа уулзуулаагүй, охинд маань миний талаар буруу ойлголт төрүүлж намайг буруутан мэт ойлгуулдагт эцэг хүний хувьд сэтгэл эмзэглэж явдаг.

Охин О.М хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин охин О.М хүссэн үедээ уулзаж байх эрхээр хангаж, Б.Б намайг охин О.М сард 2 удаа уулзаж байх боломжийг олгож тодорхой хугацаа зааж шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.О  нь хариуцагч Б.Б холбогдуулан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Г.О гийн шүүхэд гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан. Өөрөөр хэлбэл Г.О , Б.Б нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцэг Б.Б нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Иймд охин О.М эх Г.О гийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч Б.Б нь охин О.М хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох бөгөөд эцэг Б.Б охин О.М 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.О д  даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.О гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.О д олгож, мөн нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,261,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,833 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин О.М 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Б сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.О д  даалгасугай

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.О гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.О д олгож, мөн нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,261,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,833 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАРИНА