| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Бат-Амгалан |
| Хэргийн индекс | 307/2025/0121/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/155 |
| Огноо | 2025-03-25 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0121/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,
улсын яллагч Ч.М
шүүгдэгч О.Б , түүний өмгөөлөгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2518000000110 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт О ын Б , (РД:ТГ******), 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Дархан-Уул аймаг төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Дархан төмөрлөгийн үйлдвэрт автын засварчин ажилтай, ам бүл-*, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, **дүгээр байр ** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг *** хотхоны ** дүгээр байрны автомашины зогсоол дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.О лийн эзэмшлийн **-** ДАР улсын дугаартай Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгслийн баруун урд крыло, баруун хойд крыло руу өшиглөж гэмтээсний улмаас 960,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээ хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Б нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг *** хотхоны ** дүгээр байрны автомашины зогсоол дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.О лийн эзэмшлийн **-** ДАР улсын дугаартай Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгслийн баруун урд крыло, баруун хойд крыло руу өшиглөж гэмтээсний улмаас 960,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээ хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “...Дархан сумын ** дүгээр баг, *** хотхоны дэлгүүрийн гадаа манай салсан нөхөр О.Б миний машиныг эвдсэн байна” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),
Ашид билгүүн ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 921 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ (хавтаст хэргийн 12-16 дахь тал),
2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “...Б ын Оч ийг хохирогчоор тогтоох тухай” тогтоол (хавтаст хэргийн 18 дахь тал),
Хохирогч Б.О ийн өгсөн “...Би өнөөдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ байж байтал 14 цагийн орчим манай найз М над руу залгаад Булган аймаг руу ангийн уулзалттай юмаа ангийнхан маань хотоос автобустай гарсан чи намайг урд пост руу хүргээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би машинтайгаа ажлаасаа хөдлөөд М-ыг МБМ зочид буудлын тэндээс автал бас нэг найз маань байгаа парк таунаас авчихъя гэхээр нь парк таун орсон тэгээд нөгөө найз нь машинд суухад М эмийн сан орж эм аваадахъя гэж хэлээд эмийн сан орсон. Би найзтайн машиндаа үлдсэн. Тэгтэл машиндаа сууж байтал хамт машинд сууж байсан М-ын найз нь машиныг чинь хүн өшиглөчихөөд яваад өглөө, мэдсэнгүй юу гэсэн. Тэгэхээр нь би хэн бэ гээд гараад хартал манай салсан нөхөр О.Б цаашаа алхаж явсан. Ингээд М эмийн сангаас гараад ирэх үед нь би машинаа хараад зогсож байтал М юу болсон талаар асуугаад хэн ингэв гэж асуухаар нь манай хуучин нөхөр ингэчихлээ гэж хэлсэн. Тэгээд юм яриад зогсож байтал нөхөр цаанаас гартаа хутга барьчихсан хүрж ирж байсан. Тэгэхээр нь бид нар машиндаа М машиныг бариад тэндээс хөдлөхөд машины арын хэсэг рүү хэд хэд цохиод явж байсан. Тэндээс хөдлөж яваад би нөгөө хоёрыг хүргэж өгчихөөд буцаад би цагдаа дээр ирсэн. Энэ хооронд над руу залгаад байгаа газарт чинь очиж ална гэж заналхийлж байсан. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-22 дахь тал),
Гэрч М.М ын өгсөн “...Би тэр өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ангийн найзуудтайгаа Булган аймаг руу явахаар болсон. Ингээд манайхан Улаанбаатар хотоос микр автобусаар ирсэн байна урд пост дээр байна чи хүрээд ирээ гэхээр нь би өөрийн нэг найз Б-ны хамт очихоор болсон. Б Сэлэнгэ аймгаас Дарханд ирсэн байсан. Ингээд бид хоёр машингүй байсан тул О ийг урд пост руу хүргээд өгөөч гэсэн. Би О тэй хамт бүжигт явдаг тул таньдаг найз маань байгаа юм. Тэгээд парк тауны эмийн сангаас эм авах гээд зогсоол дээр машинын үлдээгээд машин дотор Б , О нар үлдсэн. Би эмийн сан орсон юм. Тэр үед О ийн салсан нөхөр Баагийтай хальт таарсан би бүтэн нэрийг нь мэдэхгүй. Тэгээд эргээд гараад ирсэн чинь Б сая нэг залуу О ийн **-** ДАР улсын дугаартай Тоёота Приус 41 загварын тээврийн хэрэгслийг өшиглөчихөөд яваад өглөө гэж хэлсэн. Тэгтэл О манай салсан нөхөр байгаа юм гэж тайлбарлаж байсан. Одоо яах вэ ийм юм болчихож байгаа юм чинь камерыг нь хараад цагдаа дуудах уу гээд ярьж байхад Б цаанаас хутга бариад гүйгээд ирж байсан. Тэгэхээр нь би гялс явья наадах чинь хутга бариад ирж байна юу ч болох юм билээ гээд машинд сууцгаасан. Би жолоон дээр суугаад О урд суугаад Б ард суусан. Тэгтэл машин огцом хааз аваад цасан дээр хий эргээд хөдөлж чадаагүй бахад Б ийн ирээд машины арын хэсэг рүү цохиод төв рүү орон ортол шил хойд кирло хэсэг рүү цохисоор байсан. Ингээд төв зам руу гараад машин хурдаа аваад Баагий ард хоцорсон. Тэгээд би О ээс одоо яах вэ гэхэд та хоёр явдагаараа яв би учраа олъё гэсэн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),
2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн MN370021002143004311 дугаартай зээлийн гэрээ (хавтаст хэргийн 26-34 дэх тал),
О.Б ийн өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өглөө ажил дээрээ очиж цагаа бүртгүүлээд, чөлөө аваад буцаад гэр лүү ирээд, гэрийн гадаа байдаг эмийн сан орчоод гараад ирсэн чинь манай эхнэр машиндаа нэг залуутай явж байсан. Тэр цуг явж байсан залуу нь бид хоёрыг ер нь хоёр тийшээ салгасан залуу байсан. Тэгээд би цуг явж байгааг нь хараад уурандаа эмийн сангаас гараад машин дээр нь очоод шууд урд талын карлан хэсэг рүү нэг удаа өшиглөж, хойд талын карлан хэсэг рүү нэг удаа цохисон. Би ээлжийн ажилтай байдаг болохоор өдрөөр гэр эзэнгүй байдаг, Манай эхнэрт гэрийн илүү түлхүүр байдаг. Тэгээд 2024 оны 10 сард орой ажлаа тарчаад гэртээ ирсэн чинь гэрт хүн ирсэн шинжтэй харж байгаагүй салфетка байсан. Тэгээд би бодохдоо манай эхнэр намайг гэрт байхгүй байх үед тэр залуутайгаа гэрт ирээд байж магадгүй гэж бодсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дэх тал),
Шүүгдэгч О.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Д ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 41-46 дахь тал), зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч О.Б нь өөрт холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Б ийн үйлдлийн улмаас хохирогч Б.О ийн эд хөрөнгөд учирсан 960,000 төгрөгийг хохирлыг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан байх тул О.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч О.Б ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаатай хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг тогтоох хэсэгт тусгайлан санууллаа.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт О ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 110,000 (нэг зуун арван мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч О.Б цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН