Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 156/ШШ2020/00467

 

 

 

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 156/ШШ2020/00467

Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2020/00433

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Дадал сумын ... багт оршин суух, С О (РД: ............... )-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын ... дүгээр багт оршин суух, Ж О (РД:............) холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.О, хариуцагч Ж.О, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.М оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 онд Ж.О таницаж хамтран амьдарч 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамт амьдрах хугацаанд 2011 онд охин О.С, 2013 онд хүү О.С, 2015 онд охин О.С нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2017 оноос тус тусдаа амьдрах болсон. Том охиноо өөрийн асрамжинд авч хоёр бага хүүхдээ Отгонхүүгийн асрамжинд үлдээнэ. Бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Ж.О нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.О нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би 2011 онд С.О танилцаж гэр бүл болоод хамтран амьдарч байгаад 3 хүүхдийн аав, ээж болсон. Бид хоорондын таарамжгүй харилцаанаас болж 2017 оноос тус тусдаа амьдрах болсон. Том охин маань С.О дээр, 2 бага хүүхэд маань над дээр байдаг. Эд хөрөнгийн маргаангүй. С.О өөр хүнтэй сууж хүүхэдтэй болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй гэв.

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Ж.  гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон болох нь № 2304000011 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбараар, (хх-ийн 4 тал) 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр охин О.С, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр охин О.С, 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүү О.С нарыг төрүүлсэн болох нь төрсний №0048/9, №2304000102, №2304000073 дугаартай гэрчилгээний хуулбарууд (хх-ийн 6-8 тал)   нэхэмжлэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт (хх-ийн 3 тал), Хэнтий аймгийн Батноров сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаартай тодорхойлолт (хх-ийн 25 тал), Хэнтий аймгийн Батноров сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаартай тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн  зуучлахад  эвлэрэхээр хүсэлт гаргасан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. (хх-ийн 9 тал)

Шүүхээс гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон,  гэрлэгчид нь хоёулаа гэрэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, нэхэмжлэгч С.О нь өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэд төрүүлсэн зэрэг шалтгааныг харгалзан үзэж гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин О.С эх С.О асрамжид, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин О.С, 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү О.С нарыг эцэг Ж.О асрамжид тус тус үлдээхээр харилцан тохиролцсон байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг болон хүүхдүүдийн саналыг үндэслэн охин О.С эх С.О асрамжид, хүү О.С, охин О.С нарыг эцэг Ж.О асрамжинд тус тус үлдээж шийдвэрлэв.

Зохигчид нь бие биеэсээ хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн бөгөөд тэдгээр нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдүүдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгав.

Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.О нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О олгосугай.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт Ж О, Х овогт С О нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин О.С эх С.О асрамжид, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин О.С, 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү О.С нарыг эцэг Ж.О асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Зохигчид нь хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.О нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.А даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.МАРИНА