| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00857/И |
| Дугаар | 156/шш2020/00895 |
| Огноо | 2020-12-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 156/шш2020/00895
156/ШШ2020/00895
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00857/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт оршин суух, Б.М-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороонл оршин суух, Д.Д-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, нэхэмжлэгч Б.М-, хариуцагч Д.Д- /онлайн/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд Д.Д-тэй танилцаж, 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр гэр бүлээ батлуулсан. Биднийг хамт амьдрах хугацаанд 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүү Д.А төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оноос хойш тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань эх Б.М- миний асрамжид амьдарч байгаа. Одоо бид тус тусын амьдралтай цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Миний бие Хэрлэн суманд амьдардаг хоёр хүүхэд харах хүн байхгүй тул хариуцагч Б.Д-тэй зохицсоны улмаар Хэнтий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Д.А-ыг миний асрамжид үлдээж, эцэг Д.Д-гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Д- нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Гэрлэлт цуцлуулж, хүү Д.Аыг ээжийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч Д.Д-д холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.М-, хариуцагч Д.Д- нар нь 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүү Д.А төрсөн болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 5 тал), хүү Д.А нь эрүүл эсэн мэнд бойжиж байна гэх өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын наймдугаар цэцэрлэгийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандан эвлэрэхээр хүсэлт гаргасан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. (хх-ийн 3 тал)
Шүүхээс гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, тэдгээрийн гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, зохигчид нь тус тусын өөр амьдрал зохиосон зэрэг шалтгааныг харгалзан үзэж гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Д.Аыг эх Б.М-гийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон байх тул түүнийг эх Б.М-гийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.
Гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.М-гийн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Д.Д-гээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,210,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,595 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М, Д.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Д.А-ыг эх Б.М-гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Д.А-ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Д-гээр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.М-д даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай
5.Зохигчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.М-гийн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Д.Д-гээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,210,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,595 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн Иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Ариун-Эрдэнэд даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА