Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/0136/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

улсын яллагч Б.Д ,

   шүүгдэгч Д.С  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000138 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б  овогт Д ийн С , (РД:РФ*******), 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, С  ХХК-д мэдээллийн технологийн инженер ажилтай, ам бүл *, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, ** дугаар байр ** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.С  нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын ** дүгээр  баг ** дугаар байрны гаднаас хохирогч П.Б ийн эзэмшлийн Honor X7c  загварын гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас 650,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

 

Шүүгдэгч Д.С  нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын ** дүгээр  баг ** дугаар байрны гаднаас иргэн П.Б ийн гээгдүүлсэн Honor X7c  загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч завшсаны улмаас бусдад 650,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ

 

2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “...2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хонгор сумын ** дүгээр  баг ** дугаар байрны гадна Honor X7c  маркийн гар утсаа гээгдүүлсэн” гэх гэмт хэргийн гомдол, мэдээллийг 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цаг 35 минутад хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

 

2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “...П.Б  миний бие нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Honor X7c  утас гээгдүүлсэн тул олж өгч тусална уу” гэх өргөдөл (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “...П.Б ийг хохирогчоор тогтоох тухай” тогтоол (хавтаст хэргийн 4 дэх тал),

  

Хохирогч П.Б-ийн өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хонгор сумын ** дүгээр баг ** дугаар байрны гадна өөрийнхөө машинаас буугаад гэртээ орох замдаа HONOR Х7с маркийн гар утсаа гээгдүүлсэн байсан. Гэртээ ороод гар утсаа халаасандаа үзсэн чинь байхгүй болохоор нь өөрийнхөө дугаар луу залгаад үзсэн чинь холбогдох боломжгүй болсон байсан. Миний гар утас 45 орчим хувийн цэнэгтэй байсан. Миний гар утас HONOR Х7с маркийн хар өнгийн шинэвтэр гар утас байсан. Би гар утасныхаа имэй кодыг мэднэ. Миний гар утсыг 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай нөхөр Х  мобикомоос худалдаж авч өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал),

 

Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 10-14 дэх тал),

 

2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “...Д.С аас хар өнгийн HONOR Х7с  загварын 1 ширхэг гар утсыг хураан авсан” тэмдэглэл (хавтаст хэргийн 23 дахь тал),

 

2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “...хар өнгийн HONOR Х7с  загварын гар утсыг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 18 цаг 30 минутад хохирогч П. Б хүлээлгэн өгсөн” тэмдэглэл (хавтаст хэргийн 25 дахь тал),

 

Д.С ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын ** дүгээр багт интернэтийн холболт хийж явж байсан юм. Тэр үед 2 давхар байрны ертөнцийн зүгээр хойшоо харсан орцтой байрны орцны үүдэнд нэг гар утас байхаар нь гар утас олж авлаа гээд баярлаад авсан. Тэгээд уг олж авсан гар утсаа гэртээ авчраад өөрийн юнителийнхээ 88****** гэсэн дугаараа хийгээд ашиглаж байсан. Энэ гар утас нь ямар нэгэн код байхгүй шууд ашиглах боломжтой гар утас байсан. Уг гар утас нь сим карт байхаар нь гар утаснаас нь гаргаад хог руу хаясан. Миний олж авсан гар утас тухай үед асаалттай байсан би олж аваад унтраасан. Би гэмт хэрэг гэдгийг нь мэдэхгүй байсан. Миний олж авсан гар утас надад байгаа. Ажиллагаа нь хэвийн байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Д.С: Хууль зөрчиж байгаагаа мэдээгүй. Би 2 ой, 2 сартай хоёр хүүхэдтэй. Эхнэр маань ажил хийдэггүй. Намайг өршөөж нэг удаа уучилж өгнө үү гэв.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.С нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

 

1.4. Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэжээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Д.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “... гээгдэл эд хөрөнгө, ...завших” гэдэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг олж авсан этгээд өөрийнх нь биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.С ы үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас гээгдэл эд зүйл болох “HONOR Х7с” загварын гар утсыг 650,000 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээ болох 300,000 төгрөгөөс дээш байх тул “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

 

Шүүгдэгч Д.С ы үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.С ыг “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг:

 

Шүүгдэгч Д.С ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч П.Б т 650,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд гээгдүүлсэн хар өнгийн HONOR Х7с  загварын гар утсыг биет байдлаар хохирогч П.Б т хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

 

2.1 Талуудын санал, дүгнэлт

 

Улсын яллагч: Шүүгдэгч Д.С  нь хохирогч П.Б ийн гээгдүүлсэн гар утсыг олж бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж өөртөө захиран зарцуулсан буюу завших гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч П.Б т 650.000 төгрөгийн хохирол учирсан. Гээгдүүлсэн гар утсыг биет байдлаар буцаан өгсөн тул хохирогчид төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэлтэй холбоотой маргаангүй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг сарын 100,000 төгрөгөөр тогтоож 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж байна. Д.С  нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн зүйлгүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай, шүүгдэгч Д.С-аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэх саналыг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

 

Шүүгдэгч Д.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.С ы автотээврийн хэрэгсэл эзэмших,  өмчлөх эрхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, С ХХК-ийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45, 49-55 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлөгдсөн байдал зэргийг харгалзан Д.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь  шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.С д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

2.3. Бусад асуудлын талаар

 

Эрүүгийн 2518000000138 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б  овогт Д ийн С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Д.С д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.  

 

4. Шүүгдэгч Д.С  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БАТ-АМГАЛАН