| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Бат-Амгалан |
| Хэргийн индекс | 307/2025/0137/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/162 |
| Огноо | 2025-03-31 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0137/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,
улсын яллагч Ч.М
шүүгдэгч Д.М түүний өмгөөлөгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000096 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М овогт Д йн М , (РД:ТЯ*******), 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Э ХХК-д ахлах цахилгаанчин ажилтай, ам бүл *, эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, ** дугаар брак байр ** тоотод оршин суух бүртгэлтэй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1 жилийн хугацаатай хасуулсан боловч дахин 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 20 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвийн урд талын асфальтан зам дээр **-** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.28 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч Д.М нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ЗШ/10 дугаартай шийтгэврээр “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дах хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 20 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвийн урд талын асфальтан зам дээр **-** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг (1.28 %) согтуурсан үедээ жолоодсон нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчин, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Яллах дүгнэлтэд тусгасан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон болно. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл “...Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар багт байрлах үйлчилгээний төвийн урд талын асфальтан зам дээр **-** ДАХ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан гомдол, мэдээллийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 20 цаг 00 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв (хавтаст хэргийн 6 дахь тал),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.28 хувийн үзүүлэлт илэрч Д.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал),
Согтуурал шалгах багажийн баталгааны хуудас болон багажийн гэрэл зураг (хавтаст хэргийн 9-10 дахь тал)
Гэрч Т.Э гийн өгсөн: “...Би тус өдөр үйлчилгээний төв дээр 17 цагийн орчим хуучин нэг байгууллагад хамт ажилладаг байсан өөрийн найз Д.М тай таараад ойр зуурын юм ярьж байгаад дэлгүүрээс нэг шил архи аваад түүнийгээ хувааж уусан. Ингээд дахиад нэгийг нэмээд уучихъя гэж ярилцаад Д.М би машинаа хуучин хорооллын 29 дүгээр байрны урд тавьчихсан тэндээс очоод картаа аваадахъя гэхээр нь бид хоёр тийшээ явсан. Ингээд машин дээр нь очоод картаа авсныхаа дараа Д.М ер нь үйлчилгээний төв ойрхон юм чинь машинаа халаангаа унаад явчихъя чи суучих гээд бид хоёр Д.М ын эзэмшлийн **-** ДАХ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Тэр үед М бид хоёр хоёулаа уучихсан байсан. Ингээд үйлчилгээний төв дээр ирээд машинаа ухраад байрлуулах гэж байхад цагдаагийн алба хаагч алхаад хүрээд ирсэн. Тэгээд жолоо барьж явсан Д.М д хандан бичиг баримтаа шалгуулна уу гэхэд Д.М машины гэрчилгээгээ гаргаж өгч байсан. Тэгээд Д.М надад хандан за чи ямар тэрэг барьсан биш яв яв гэхээр нь би гэр лүүгээ яваад өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
Д.М ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчим хуучин хорооллын 10 дугаар байрны хажууд өөрийн найз Т.Э тай уулзаад бид хоёр дэлгүүрээс нэг шил 0.5 шилтэй хараа нэртэй архи авсан. Ингээд үнийгээ хуваагаад уусан. Тэгээд хуучин хорооллын 29 дүгээр байрны гадна тавьсан байсан машинаасаа картаа авах гэж очоод картаа аваад ер нь машинтайгаа ойрхон юм чинь үйлчилгээ орчихъя гэж бодоод өөрийн эзэмшлийн **-** ДАХ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслээ унаад хөдөлсөн. Ингээд үйлчилгээний төв дээр очоод машинаа зогсоол руу байрлуулах гээд ухарч байхад цагдаагийн алба хаагч алхаж ирээд шалгасан. Ингээд тэр цагдаа та бичиг баримтаа шалгуулна уу гэхээр нь би машины гэрчилгээгээ гаргаж өгөөд жолооны үнэмлэхний хувьд би эрхээ хасуулсан гэдгээ хэлсэн. Тэгтэл таниас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байна. Таныг шалгана гээд намайг үлээлгэж шалгахад 1.28% согтолттой гарж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
Д.М ын эзэмшлийн Тоёота Приус загварын **-** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 33 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ЗШ/** дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 36-38 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт: Өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй, өөрийн гэм буруугаа маш их ойлгож байна гэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч Д.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.М нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ЗШ/** дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож үйлдсэн” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, уг үйлдлийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд эрүүлжүүлэн хориглосон үйлдэл хийгдсэн цаг хугацааг гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд хамааруулдаг онцлогтой бөгөөд шүүгдэгч Д.М ын хувьд 2025 оны 02 дугаар сарын 06-ны шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноор гэмт хэрэг төгссөнд тооцно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг:
Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол хор уршиг учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: Шүүгдэгч Д.М нь жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь гэм буруу дэрээ маргадаггүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг иргэд сайн ойлгохгүй байна. Энэ гэмт хэргийн хор уршиг гэх мэт зүйлсийг анхаарахгүй байна. Шүүгдэгч Д.М ын хувьд 2 сарын дотор энэ гэмт хэргийг үйлдсэн боловч хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй. Шүүгдэгчийн хүүхэд нь өвчтэй болон ар гэрээ авч явдаг мөн ажил эрхэлдэг байдал зэргийг харгалзан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь сард авдаг цалин нь 3,000,000 төгрөг гэж шүүгдэгч хэлсэн. Иймд шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгож, үүнийг сар бүр 250,000 төгрөгөөр 20 сарын хугацаанд хэсэгчилж төлүүлэх саналтай байна гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Шүүгдэгч Д.М д Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.М ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Дархан сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 23-26, 28, 30 дахь тал) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.
Шүүх шүүгдэгч Д.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэв.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. М овогт Д ийн М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болмогц тоолсугай.
5. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН