Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 129/ШШ2021/00058

 

 

 

129/ШШ2021/00058

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Эх голомтын Илч ХХК-ийн /РД:2002779/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын Намын хороонд холбогдох

46.331.424 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******, нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч *******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Эх голомтын Илч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эх голомтын Илч ХХК нь дулаан эрчим хүч үйлдвэрлэдэг халаалтын 12 дугаар зуухнаас Монгол ардын намын 2 давхар барилгын нийт 858,6 м кв талбайтай барилгыг ашиглалтанд орсноос хойш жил бүр 09 сарын 15-наас 05 сарын 15-ны өдөр хүртэл халаалтаар үйлчилдэг. Монгол Ардын Нам халаалтын хөлсөө төлдөг байсан. Гэтэл Монгол Ардын нам 2017 оны 01 сараас 05 сар, 09 сараас 12 сарын халаалтын төлбөр нийт 15.443.808 төгрөг, 2018 оны 01 сараас 05 сар, 09 сараас 12 сарын нийт төлбөр 15.443.808 төгрөг, 2019 оны 01 сараас 05 сар, 09 сараас 12 сарын нийт төлбөр 15.443.808 төгрөг төлөөгүй. Иймд хариуцагч Монгол ардын намаас 2017, 2018, 2019 оны халаалтын хөлсний төлбөр нийт 46.331.424 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Ардын Нам халаалтаар байнга үйлчлүүлж байсан бөгөөд эдний талбай өөрчлөгдөөгүй, үнэ нэмэгдээгүй. Эднийх 2017 оноос хойш халаалтаа төлөөгүй. Дулаанаа зогсоох гэхээр халаалтын төв шугам нэг, мөн Монгол ардын намын байрны 1 дүгээр давхарт өөр хэрэглэгч нар байдаг болохоор дулааныг таслах ямар ч боломжгүй байдаг. Тухайн хэрэглэгч нар цаг тухай бүрд нь халаалтын хөлсөө өгч явдаг. Иймээс халаалтыг зогсоох ямар ч боломжгүй. Ийм болохоор өөрсөдтэй нь халаалтын төлбөр төлөх талаар ярилцаж тохиролцож байсан боловч төлөхгүй байсаар өдий хүрсэн. Тэгээд шүүхэд хандсан. Нэхэмжлэхээ гарын үсэг зурж хүлээж авдаг мөртлөө халаалтын хөлсөө төлдөггүй. Эрчим хүчний тухай хуулийн дагуу 0.5 хувийн алданги тооцох ёстой боловч алданги тооцоогүй. Хариуцагч байгууллагаас дулааны төлбөрөө нэхэхээр төлнөө л гэдэг. Шүүхэд нэхэмжлэл өгснийхөө дараа хариуцагч байгууллагад халаалтын төлбөрөө төлөхийг шаардсан ч төлбөрөө төлөөгүй. Иймд нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. Эх голомтын илч ХХК-ийн 12 дугаар зуухнаас Монгол Ардын Намын 858.16 м.кв талбайтай барилгыг халааж байсан. 2016 оны халаалтын төлбөрөө төлсөн, 2017 оноос 2019 оны 12 дугаар сар хүртэлх халаалтын мөнгөө төлөөгүй учраас энэ хугацааны мөнгөн дүнг нэхэмжилж байгаа. Энэ цаг хугацаанд Монгол Ардын Намын байрыг дулааны эрчим хүчээр хангаж байсан. Хангаагүй гэж маргадаггүй. Гэрээний санал илэрхийлсэн боловч нөгөө тал нь гэрээг хүлээж аваад гэрээн дээр гарын үсэг зураагүй явсан байдаг. Гэхдээ халаалтаа авч байсан. Дараа нь 2017-2019 онд халаалт өгч байх үедээ Монгол Ардын Намын хариуцвал зохих дарга нартай нүүр тулж уулзахад амаар зөвшөөрч байсан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д зааснаар нүүр тулж уулзаад, намын дарга нар нь амаар хүлээн зөвшөөрч байсан юм байна лээ. Нэхэмжлэгч тал өмнө нь шүүхэд дулааны хөлсөө нэхэмжлэхэд хариуцагч тал тохиролцоё гээд нэхэмжлэлийг нь авахуулж байсан байдаг. Иргэний хуулийн 196.1.2-т гэрээний саналыг хүлээж аваад хариу ирүүлээгүй тохиолдолд гэрээг байгуулсанд тооцох нөхцөл байдал үүсч байгаа. Ажил төрлийн холбоо бүхий этгээдээс тухайн ажил гүйцэтгэх саналыг хүлээн авсан бол ердийн боломжит хугацааны дотор хариу хүргүүлэх үүрэгтэй боловч хариу өгөөгүй. Энэ үүргээ биелүүлээгүй бол түүнийг гэрээ байгуулахыг дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Тэгэхээр гэрээ байгуулаагүй ч гэсэн гэрээний саналыг хүлээж аваад хариу өгөөгүй учраас гэрээ байгуулсанд тооцох хууль зүйн үндэстэй гэж үзэж байна. Халаалтын хөлс ямар байх вэ гэдэг тал дээр маргахгүй байгаа юм байна. Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор Үйлдвэр аж, ахуй нэгжийн дулааны халаалтыг Архангай аймгийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг баталсны дагуу мөнгөө нэхэмжилж байгаа. Мөн талбайн хэмжээн дээр маргадаггүй. Нэгэнт Эх голомтын илч ХХК нь Монгол Ардын Намын байрыг дулаанаар хангаж байсан үйл явдал дээр маргадаггүй, одоо ч халаалт өгч байгаа. Иймд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч хариуцагчаас халаалтын хөлсөө нэхэмжилж 2019 онд шүүхэд нэхэмжлэл өгсөн, дахиад хавар 2020 оны Улсын их хурлын сонгуулиас өмнө өгөөд буцааж авч байсан. 2 ч удаа Монгол Ардын Намаас халаалтын хөлсөө нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл өгч байсан юм байна лээ. 2020 оны 1 дүгээр улиралд өгөөд сонгуулийн өмнө нотлох баримт бүрдүүлэх, хоорондоо бас тохирч магадгүй гээд нэхэмжлэлээ буцааж авч байсан юм байна лээ гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч *******шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Ардын Намын тухайн үеийн удирдлагууд нь компанитай ямар ямар яриа ярьсан гэдгийг нь мэдэхгүй байна. Нэхэмжлэгч халаалтын төлбөрөө хэд хэдэн удаа шүүхэд өгөөд буцааж авсан. 2019 оноос өмнө ч шүүхэд өгсөн байж магадгүй. Энэ талаар 2 тал өмнө нь тодорхой аман хэлцэл хийж байсан юм байлаа. 2007 оноос хойш Монгол Ардын Намын байрыг халааж байгаа юм байна лээ. Эх голомтын илч ХХК-аас 2017-2019 оны хооронд нэхэмжлэх өгөөд тухайн үеийн нягтлангууд нь хүлээж авч байсан гэдэг тайлбар хэлж байгаа болохоор дулааны үйлчилгээг үзүүлж байсан байна гэж ойлгогдож байгаа. Хэрэглэгч гэдэгтэйгээ маргахгүй байна. Нэхэмжлэхэд бичигдсэн Монгол Ардын Намын 858,6 м.кв талбайтай барилгыг дулааны эрчим хүчээр хангаж байгаа гэсэн талбайтай маргахгүй байна. Үе үеийн удирдлагууд нь ямар түвшинд яаж тохиролцоо хийсэн юм бол янз бүрийн аргаар хоорондоо тохироод явж байсан байх гэж би ойлгож байгаа. Гэрээнд нэгэнт гарын үсэг зураагүй, гэрээ байгуулагдаагүй учраас дулааны төлбөрийг төлөх үндэслэл алга гэж үзэж байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Эх голомтын Илч ХХК нь хариуцагч Архангай аймгийн Монгол Ардын Намын хорооноос дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 46.331.424 төгрөг нэхэмжилж байна.

 

Шүүх доорхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч Архангай аймгийн Монгол Ардын Намын хорооноос дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 2017 оны 15.443.808 төгрөг, 2018 оны 15.443.808 төгрөг, 2019 оны 15.443.808 төгрөг нийт 46.331.424 төгрөгийг нэхэмжлэгч Архангай аймгийн Эх голомтын Илч ХХК нэхэмжилж, хариуцагч Архангай аймгийн Монгол Ардын Намын хороо дээрх хугацаанд дулааны эрчим хүч хэрэглэж байсан боловч гэрээ байгуулаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

2016 оны 01 сарын 01-ний өдрийн 49 дүгээр дулааны эрчим хүчээр үйлчлэх аж ахуйн гэрээг нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг гэрээнд Монгол Ардын Намын хороо гарын үсэг зураагүй. Нэхэмжлэгч Эх голомтын илч ХХК, хариуцагч Монгол Ардын Намын хороо нарын хооронд эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ бичгээр байгуулагдаагүй тул хангагч, хэрэглэгчийн харилцааг гэрээгээр зохицуулах боломжгүй.

 

Гэхдээ хариуцагч байгууллага 2017, 2018, 2019 онд нэхэмжлэгч Эх голомтын Илч ХХК-иас дулааны эрчим хүч худалдан авч байсан гэдэг нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул хэрэглэгч Монгол Ардын Намын хороо худалдан авсан дулаан эрчим хүчний төлбөрийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Эх голомтын илч ХХК-д төлөх үүрэг хүлээнэ гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал батлагдсан үнэ тарифын дагуу халаалтын хөлс нэхэмжилснээ буюу Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 12 сарын 23-ны өдрийн 239, 2018 оны 10 сарын 15-ны өдрийн 222 тоот тогтоолын дагуу хариуцагчаас 2017, 2018, 2019 оны эрчим хүчний дулааны төлбөрийг нэхэмжилж байна гэсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.22-т заасантай нийцэж байна.

 

Мөн 2017 он, 2018 он, 2019 онд тус тус 858,6 мкв талбайн дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг нэхэмжилсэн нэхэмжлэхийг хариуцагч Монгол Ардын Намын хороонд нэхэмжлэгч байгууллага хүлээлгэн өгсөн үйл баримт болон дээрх онуудад тооцсон дулааны төлбөрийн үнийн дүнтэй хариуцагч тал маргаагүй.

 

Дээрх үндэслэлээр Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Архангай аймгийн Монгол Ардын Намын хорооноос дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 46.331.424 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Архангай аймгийн Эх голомтын илч ХХК-д олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Эх голомтын Илч ХХК нь хариуцагч байгууллагаас дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг нэхэмжилж Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Архангай аймгийн Монгол Ардын Намын хорооноос 46.331.424 /дөчин зургаан сая гурван зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Архангай аймгийн Эх голомтын илч ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 389.607 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж хариуцагч Архангай аймгийн Монгол Ардын Намын хорооноос 389.607 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эх голомтын илч ХХК-д олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА