| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Бат-Амгалан |
| Хэргийн индекс | 307/2025/0152/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/177 |
| Огноо | 2025-04-08 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0152/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
улсын яллагч Ч.М ,
шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Н. Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2518000000151 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Н ийн О, (РД:ТЮ*******), 19** оны *** дугаар сарын **-ны өдөр Дархан-Уул аймгийн төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сормуус артист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, * дугаар баг *** булагт гудамжны задгай тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Н.О нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сум 4 дүгээр багт байрлах Төмөр замын цэцэрлэгийн нийтийн байрны 2 давхарт цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн жолооч, цагдаагийн ахлагч Ц.А ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбоотой тавьсан шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжлох, мөн түүний нүүрэн тус газар нь алгадаж биед нь хүч хэрэглэн эсэргүүцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.О нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сум 4 дүгээр багт байрлах Төмөр замын цэцэрлэгийн нийтийн байрны 2 давхарт цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн жолооч, цагдаагийн ахлагч Ц.А-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбоотой тавьсан шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжлох, мөн түүний нүүрэн тус газар нь алгадаж биед нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “...хууль ёсны шаардлагыг Н.О нь хүч хэрэглэн эсэргүүцэж цагдаагийн ахлагч Ц.А зүүн мөрийг түрхэж, нүүрэн тус газарт 2-3 удаа алгадаж биед нь гэмтэл учруулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал),
2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 9-10 дахь тал),
2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Ц.А ыг хохирогчоор тогтоосон тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 12 дахь тал),
Хохирогч Ц.А ын өгсөн “...Би өнөөдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн авто машины жолоочоор ажиллаж байхдаа цагдаагийн дэслэгч Д.А ын хамт үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. Тухайн үед буюу 19 цаг 10 минутын орчимд Дархан сумын 4 дүгээр баг төмөр замын цэцэрлэгийн барилга дотор байрлах нийтийн байрны 2 давхрын коридорт маргаан болоод байна гэх дуудлага мэдээлэл 102-оос станцаар өгсний дагуу тухайн дуудлага дээр очиж шалгах явцад Н.О гэх эмэгтэй согтуурсан, орилж хашгирсан байдалтай байсан. Би тухайн үед уг эмэгтэйд нийтийн байранд бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулаад байна энэ гаргаж буй үйлдлээ таслан зогсоож гэртээ орж амрах талаар хууль ёсны шаардлага тавих явцад миний нүүрэн тус газарт 2-3 удаа алгадаж над руу үсчиж дайрсан. Энэ үед нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж бугуйн гаваар 2 гарыг нь ард нь гавласан. Тухайн үед уг эмэгтэй би бие засмаар байна, миний гавыг тайлчих гээд гуйгаад байхаар нь гавыг нь тайлсны дараа гэнэт над руу дайрч миний зүүн гарын мөр хэсэг рүү маш хүчтэй түлхэх байдлаар цохисноос болж миний зүүн гарын мөр даагдахаа болж маш их өвдсөн. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлэхэд миний дал, хавирга хоёрын дунд байдаг булчирхай гэмтсэн байна гэж хэлсэн, ...би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй, миний сэтгэцэд учирсан хохирол гэх зүйл байхгүй, ...надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16 дахь тал),
Гэрч Ж.З ын өгсөн “...Намайг гэртээ буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг, Сэргэлэнгийн*- дүгээр гудамжны *** тоотод ганцаараа байхад 2025 оны 02 дугаар сарын 06-ны орой 20 цагийн орчимд манай найз н.Ү*, П.М* хоёр манайд ирэхдээ 1 шил 0.75 граммын Эдэн нэртэй архи авч ирсэн. Тэгээд бид гурав тухайн архийг нь хувааж уусан. Тухайн архийг ууж байгаад би нилээн согтоод тасарчихсан байсан. Нэг мэдэхэд манай гэрт хөрш айлын эгч О эгч ороод ирчихсэн мөн цагдаа нар манай гэрт дуудлагаар ирчихсэн байх шиг байсан. Тэгээд л цагдаа нартай О эгч маргалдаад тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй эсэргүүцээд байсныг хагас дутуу санаж байна. Тэгээд дахиад нэг ухаан ороход эрүүлжүүлэх саатуулах байранд найз П.М хамт орчихсон байж байсан. Харин нөгөө талын О эгчийг эрүүлжүүлсэн байсан. Би П.М, О эгч нараас юу болсон талаар сайн асууж амжаагүй явж байна. Манай гэрт манай хөрш айлын О эгч хэзээ яах гэж орж ирснийг санахгүй байна. Би П.М, н.Ү хоёртой архи уугаад байснаа л санаж байна” гэх мэдүүлэг мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),
Гэрч П.М.-ийн өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн өглөө цагийг нь санахгүй байна. Би найз Үүрийнцолмон, дүү н.А нарын найз Ж.З ын гэрт очсон. Тэгээд бид 0.5 литрийн 1 шил Эдэн нэртэй архи уусан. Архиа ууж дуусгачихаад 3 том савтай пиво нэмсэн. Пиво ууж байгаад н.А яваад, ганц нэг найзууд орж гараад байсан. Тэгээд н.Үүрийнцолмон намайг цохих үед Золоо гарч ирээд салгасан. Тэгээд Ү яваад 30-40 минут болсны дараа цагдаа хүрч ирээд цагдаа руу хамт явсан. Би өөр зүйл санахгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
Гэрч Д.А ын өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 19 цаг 52 минутад Дархан-Уул аймаг, Дархан сумын * дүгээр баг, Төмөр замын** дүгээр байрны хажууд байрлах нийтийн байранд иргэд маргалдаад байна гэх дуудлага мэдээллийг 102 жижүүрээс манай чиглэлд өгсөн. Тухайн үед дуудлагаар цагдаагийн ахлагч Ц.А бид хоёр очиж шалгах үед 25-30 орчим насны эрэгтэй хүн, 35-40 орчим насны махлаг биетэй 1 эмэгтэй хүмүүс тухайн нийтийн байрны тоот өрөөнд пийв уучихсан сууцгааж байсан. Тухайн үед цагдаагийн ахлагч Ц.А бид хоёр тухайн иргэдэд гаргаж буй зөрчлөө таслан зогсоож, нийтийн байранд орон сууцанд бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж чимээ шуугиан ихээр гаргаад байна гэдэг шаардлага тавьсан. Тэр үед 35-40 орчим насны өөрийгөө Н.О гэж танилцуулсан эмэгтэй нилээд согтолтын байдалтай алба хаагч нарын тавьсан шаардлага биелүүлэхгүй улмаар цагдаагийн ахлагч Ц.А-ын нүүрэн тус газарт 1 удаа алгадаж цээж мөр хэсэг рүү гараараа түлхэх байдлаар маш хүчтэй цохиж цагдаагийн алба хаагчийн биед хүч хэрэглэн эсэргүүцсэн. Тухайн үед би энгэрийн камераар бичлэг хийж байсан. Тэгээд Ц.А тухайн эмэгтэйд нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу бугуйвч зүүж цагдаагийн машинаар зөөвөрлөн эрүүлжүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
Н.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчимд гадуур найз болох н.Н тэй 4 лааз пиво уугаад Дархан сумын ** дүгээр баг ** дугаар цэцэрлэгийн байранд байрлах гэртээ орсон. Гэтэл манай 2 давхарт байдаг н.З гээд манай байрны дүү аниа та манай гэрт ороод ирээч гэж дуудсан. Би З-ийн гэрт орсон. Тухайн үед Золоогийн гэрт ... Б нараас гадна 4 залуу байсан. Намайг орсны дараа тэр хэд гаднаас 3 ширхэг 2.5 литрийн савлагаатай пиво оруулж ирээд пиво ууж байтал Ц, М гээд хоёр залуу нь хоорондоо муудалцаад байхаар нь 2 тийшээ салгаад Ц г нь найзтай нь гаргаад явуулсан. Гэтэл тэр үед гаднаас 2 цагдаа нар орж ирсэн. Би тэр үед гарч явсан Ц г дуудлага өгөөд явчихлаа гэж бодоод тэр хоёр цагдаад дуудлага өгсөн хүнээ дууд гэж хэлж байсан санагдаж байна. Тэр үед нэг цагдаа нь бид нарын ууж байсан пивыг асгана гэж хэлж байсан. Би тэр үед пиво асгуулахгүй гэж цагдаатай маргалдаж байснаа санаж байна. Гэтэл нэг мэдсэн чинь миний гарыг цагдаа гавлаад намайг доош нь тонгойлгож газарт хэвтүүлэх гээд доош нь тонгойлгочихсон байж байсан. Тэр үед миний 2 гарыг ард гавлачихсан байсан. Тэгээд би цагдаагаас гуйж байгаад гаваа тайлуулж аваад гэртээ орж утсаа аваад гэж хэлээд цагдаа нарыг дагаад явсан. ... Намайг гавлахаас өмнө Ц.А цагдаад би тэр пивыг мөнгөөрөө авсан юм чинь би гэртээ авч ороод уучихъя гэж хэлэхэд намайг яасан өлөн юм бэ гэж хэлээд доромжилсноос болж тухайн маргаан болсон. Би тухайн цагдааг түлхсэн юм. Ер нь бол тухайн үед би хэрүүл маргаан хийгээгүй, зодоон цохионд ч оролцоогүй ээ. Би тэнд маргалдаж байсан хүмүүсийг салгаж болиоч ээ гэж чанга хэлээд байж байхад тухайн цагдаа нар орж ирээд намайг зодоон болон маргаанд оролцсон мэтээр харьцаж надад шаардлага тавьсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26, 45-46 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 216 дугаартай “...Н.О-ийн биед гэмтэл тогтоогдоогүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 29 дэх тал),
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 179 дугаартай “...Ц.А ын биед зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй, цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал),
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 36 дахь тал),
Шүүгдэгч Н.О-ийн Дархан сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, И.Б-н төрсний гэрчилгээний хуулбар, О.У-ийн төрсний гэрчилгээний хуулбар, О.У-ын төрсний гэрчилгээний хуулбар, иргэнд олгох тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, (хавтаст хэргийн 47, 58-61, 66-69 дэх тал), зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Н.О нь өөрт холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Ц.А нь гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Н.О нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Н.О-ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 08 сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 08 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Н-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Н.О-ийг 8 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.О-д тэнссэн хугацаанд оршин суух газар ажлаа өөрчлөх зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН