Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 156/ШШ2021/00402

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 156/ШШ2021/00402

Хэнтий аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Дадал сум, ..... оршин суух, Гилбэр харуул овогт Б.Г /РД:ЦГ69070611/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймаг, Мөрөн сум, 2 дугаар баг, Өлзийтэд оршин суух, Боржигон овогт О. Б/РД:..../-д холбогдох  гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.У , нэхэмжлэгч Б.Г , хариуцагч О.Б /онлайнаар/ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1988 онд танилцаж, 1992 онд албан ёсоор гэр бүлээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 1989 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүү Г.Х , 1992 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр охин Г.Х нар  төрсөн. Улмаар 1994 оны 6 дугаар сараас эхлэн таарамжгүй харьцаатай болоод тус тусдаа амьдарч эхэлсэн. Хүүхдүүд эхийнхээ асрамжид үлдсэн. О.Б нь 1996 онд Мөрөн сумын иргэн Д. Э эхнэр болж, өнөөдрийг хүртэл хамт амьдарч байна. Миний бие 2015 онд өөр хүнтэй танилцаж, гэр бүл болж бидний дундаас 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүү Чингис төрсөн. Иймд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан. Бид хоёрын дунд хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаан байхгүй. Тусдаа амьдраад олон жил болсон. Тус тусдаа амьдралтай болсон. Захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулах гэтэл О.Б нь гэрлэлтээ цуцлуулахгүй гэсэн тул бид нарыг шүүхээр цуцлуул гэж хэлсэн. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч О.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Миний бие 18 настайдаа Б.Г тай танилцсан. Бидний дундаас 2 хүүхэд төрсөн. 1992 оны 9 дүгээр сард Б.Г  нь дөнгөж 10-р анги төгссөн охинтой гэр бүлээс гадуур харилцаатай болсон тул бид салсан. Түүнээс салаад би эцэг эх дээрээ очиж амьдарсан. Би 1998 оны 3 дугаар сараас эхлэн Д. Э хамтран амьдраад 2000 оны 3 дугаар сард хүү Содбилэг, 2001 онд охин Я  нар төрсөн. Б.Г  нь хүү Г.Х ийг оюутан байх хугацаанд 400,000 төгрөг өгснөөс өөр ямар ч амьдралд хэрэгтэй зүйл хийгээгүй, эцэг хүний үүргээ биелүүлсэн зүйлгүй. Хэдийгээр би Д. Э хамтран амьдарч үр хүүхэдтэй болсон ч түүнийг өөрийн хүүгээ дунд сургууль төгсөх, оюутан болж дээд боловсрол эзэмших, гэр бүлтэй болох зэрэг амьдралын бүхий л хугацаанд анхаарч бага ч болов сэтгэлийн дэм үзүүлээсэй гэж хүсч байсан ч тийм зүйл огт байгаагүйд нь гомдолтой байна. Хүү Г.Х  гэр бүлтэй, 2 хүүхэдтэй болсон бөгөөд байнга байр түрээсэлж амьдарч байгаа. Иймд би Б.Г т эцэг эхийн хувьд хүүгээ тусад нь гаргахад дэмжлэг үзүүлье. Хүү маань хэдэн хүүхдээ аваад энд тэнд явж байна. Би эцэг эхтэйгээ нийлж 20,000,000 төгрөг, чи 20,000,000 төгрөг өг, 48,000,000 төгрөгний байр авах гэж байгаа. Тэгвэл би гэрлэлтээ цуцлуулах өргөдөлд гарын үсэг зурья гэж хэлсэн. Энэ бол түүний эцэг хүний үүргээ огт биелүүлээгүй, надад болон хүүхдэд минь үлдээсэн сэтгэлийн шарх, хүүхдээ дагуулсан нөхөргүй эмэгтэй гэж хэлүүлж, гоочлуулж байсан амьдралтай минь харьцуулахад өгөх л ёстой зүйл гэж бодсон учраас би түүнийг хүүдээ амьдралаа төвхнүүлэхэд нь тусалсны дараа гэрлэлтийг цуцлуулахыг зөвшөөрнө. Мөн одоо Б.Г ийн өмчилж байгаа эд хөрөнгөөс би болон хүүхэд маань зохих хувийг авах ёстой гэж бодож байна. Учир нь бид гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа. Иймд гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г  нь хариуцагч О.Б холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч  Б.Г , хариуцагч О.Б нар нь 1992 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 1989 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүү Г.Х , 1992 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр охин Г.Х нар төрсөн, одоо хүү Г.Х  32 нас, охин Г.Х нь 29 нас хүрсэн болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаанууд, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

Хариуцагч О.Б нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөөгүй боловч тэдгээр нь 1994 оноос эхлэн тус тусдаа амьдарч, өөр өөр амьдрал зохиосон, гэрлэгчдийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон зэрэг үндэслэлүүдийг харгалзан үзэж гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч О.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлахдаа ...Б.Г ийг 20,000,000 төгрөг өг, хүү 48,000,000 төгрөгний байр авах гэж байгаа. Тэгвэл би гэрлэлтээ цуцлуулах өргөдөлд гарын үсэг зурья, хүүдээ амьдралаа төвхнүүлэхэд нь тусалсны дараа гэрлэлтийг цуцлуулахыг зөвшөөрнө... гэх боловч энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т  заасан гэрлэлтийг цуцлахыг хориглосон заалтад хамаарахгүй байна. Мөн шүүхээс гэрлэгчидэд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзлээ.

Хариуцагч О.Б нь ...одоо Б.Г ийн өмчилж байгаа эд хөрөнгөөс би болон хүүхэд маань зохих хувийг авах ёстой, эд хөрөнгийн маргаантай... гэж тайлбарлах боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, ямар ямар эд хөрөнгийн талаар маргаантай байгаагаа тайлбарлаагүй болно. Иймд гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаарх маргаантай асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гилбэр харуул овогт Б.Г., Боржигон овогт О. Бнарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаарх маргаантай асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г т олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ      Б.МАРИНА