| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00869/И |
| Дугаар | 156/шш2020/00896 |
| Огноо | 2020-12-17 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 156/шш2020/00896
156/ШШ2020/00896
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00869/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороонд суух, Ц.Б-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Дадал сумын 2 дугаар багт оршин суух, Э.Б-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, нэхэмжлэгч Ц.Б /онлайн/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Б-той танилцаж дотносон 2019 оны 7 дугаар сард жирэмсэн болсноо мэдсэн. Э.Б хилийн сургууль төгсөөд Хэнтий аймгийн Дадал суманд ажиллахаар болсон. Миний бие хотод ажилладаг байсан учир хөдөө явах боломжгүй байсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй. 12 дугаар сараас эхлээд хүүхдээ авахуул гэж байнга дарамталдаг болсон. Хүүхэд хэт томорсон, анхны хүүхэд тул авахуулж чадаагүй. Өөр хүнтэй болсон уу гэхээр тийм юм байхгүй гэдэг байсан. Төрөхөөс сарын өмнө өөр хүнтэй болсон, Дадалд ирж очин байдаг байсныг нь мэдээд нөгөө эмэгтэй рүү нь бүгдийг нь хэлтэл намайг тоогоогүй ингээд дахиж холбогдоогүй байж байгаад 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр охиноо төрүүлсэн. Төрснөөс хойш 2 сарын дараа манай аав бид хоёртой ирж уулзаж өөр хүнтэй болсноо хэлээд шүүх гэлгүйгээр охинд сар сардаа мөнгөн тэтгэлэг өгөөд явна гэж хэлсэн. Э.Б-ын хувьд жирэмсэн байх хугацаанд, хүүхэд төрснөөс хойш мөнгөн тэтгэлгээ өгдөг. Саяхан нөгөө эмэгтэйгийн нь хаяг руу орж хартал 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр охинтой болсон байна лээ. Миний хувьд шүүхээр тэтгэлгээ тогтоолгоод Э.Б-той дахиж холбогдохгүй байх хүсэлтэй байна. Иймд Э.Б-оос охин Э-ад хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү, эцэг тогтоолгох шаардлагагүй, учир нь Э.Б хүүхдийн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Хариуцагч Э.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.Б би Ц.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Ц.Б-тай 2019 оны 3 сард танилцаж хүүхэдтэй болсон. Охин Б.Э-ад хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Э.Б-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Э.Б нь нэхэмжлэгч Ц.Б-гийн шүүхэд гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан.
Өөрөөр хэлбэл Ц.Б, Э.Б нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцэг Э.Б нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул охин Б.Э-ыг эцэг Э.Б-оор хуульд заасан тэтгэлгийн хувь хэмжээгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн охин Б.Э-ыг эх Ц.Б-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч Э.Б нь охин Б.Э-ыг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцоно.
Иймд 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Б.Э-ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Б-оор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ц.Б-д даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-оос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгож, мөн нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,210,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,595 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Б.Э-ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Б-оор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ц.Б-д даалгасугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-ос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгож, мөн хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,210,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,595 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА