Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/0135/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

улсын яллагч Ч.М,

   шүүгдэгч Н.Э ,

   шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ө.Ө нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000019 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б  овогтой Н-ын Э , (РД:********) 20** оны ** дугаар сарын **-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, ** настай, эрэгтэй тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт, Дархан-Уул аймаг * дугаар баг Хушаатын **-** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,

 

Монгол Улсын иргэн, Т  овогтой Ц ын Б (РД:*******), 200** оны ** дугаар сарын **-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, автомашин засдаг, ам бүл 6 аав, ээж, эмээ, 2 дүүгийн хамт, Дархан-Уул аймаг ** дүгээр баг */** дүгээр байрны *** тоотод оршин бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.Э  нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд аппликейшнд гар утасны дугаарыг нь бүртгүүлэн ашиг олох боломжтой ажил байна гэж И-Монголиа цахим бүртгэл дэх хувийн мэдээллийг нь авч Бизнес инвест девелопмент банк бус санхүүгийн байгууллагын зээлийн аппликейшнаас зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар, хуурч төөрөгдөлд оруулж хохирогч Б.Д д 2,000,000 төгрөг, хохирогч Б.Б д 2,000,000 төгрөг, хохирогч Х.Х д 2,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн шүүгдэгч Н.Э , Ц.Б нар нь бүлэглэн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр аппликейшнд гар утасны дугаарыг нь бүртгүүлэн ашиг олох боломжтой ажил байна гэж И-Монголиа цахим бүртгэл дэх хувийн мэдээллийг нь авч Бизнес инвест девелопмент банк бус санхүүгийн байгууллагын зээлийн аппликейшнаас зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар, хуурч төөрөгдөлд оруулж хохирогч А.О т 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

 

Шүүгдэгч Н.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 19 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-д Бизнес инвест девелопмент банк бус санхүүгийн байгууллагын зээлийн аппликейшнд бүргүүлж зээл гаргаж өгнө гэж түүний И-Монголиа цахим бүртгэл дэх хувийн мэдээллийг нь ашиглан Б.Б  ийн нэр дээр 2,000,000 төгрөгийн зээл гаргуулж өөрийн эзэмшлийн ХААН банкин дахь 50****** дугаарын дансаар шилжүүлэн авч хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бага хэмжээнээс дээш буюу 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 22:30 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Д д аппликейшнд гар утасны дугаарыг нь бүртгүүлэн 100,000 төгрөгийн ашиг олох боломжтой ажил байна гэж  түүнд итгүүлэн И-Монголиа  цахим бүртгэл дэх хувийн мэдээллийг нь авч ашиглан Бизнес инвест девелопмент банк бус санхүүгийн байгууллагын зээлийн аппилкейшнаас хохирогч Б.Д  нэр дээр 2,000,000 төгрөг зээл гаргуулж өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 50******** дугаар дансаар шилжүүлж авч бага хэмжээнээс дээш буюу 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Х.Х аппликейшинд гар утасны дугаарыг нь бүртгүүлэн 50,000 төгрөгийн ашиг олох боломжтой ажил байна гэж итгүүлэн И-Монголиа цахим бүртгэл дэх хувийн мэдээллийг нь авч ашиглан Бизнес инвест девелопмент банк бус санхүүгийн байгууллагын зээлийн аппликейшнаас хохирогч Х.Х   нэр дээр 2,000,000 төгрөгийн зээл гаргуулж өөрийн эзэмшлийн ХААН банкны 50******* дугаарын дансаар шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш буюу 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн шүүгдэгч Ц.Б тэй бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт хохирогч А.О  т хамтран зээл гаргуулна гэж итгүүлэн И-Монголиа цахим бүртгэл дэх хувийн мэдээллийг нь авч ашиглан Бизнес инвест девелопмент банк бус санхүүгийн байгууллагын зээлийн аппликейшнаас хохирогч А.О  ын нэр дээр 2,000,000 төгрөгийн зээл гаргуулж өөрийн эзэмшлийн ХААН банкны 50******* дугаарын дансаар шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш буюу 2,000,000 төгийг хохирол нийт 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ

 

2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “...Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар багт гэрийнхээ гадаа байхад 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үл таних эрэгтэй миний хувийн мэдээллийг ашиглан БИД ББСБ-аас 2,000,000 төгрөгийн зээл гарган авч залилсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь тал),

 

Н.Э  ийн эзэмшлийн Хаан банк ХК-ийн 50******* дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 13-17 дахь тал),

 

2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 50 ********* дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 18 дахь тал),

 

            2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “...Б.Д хохирогчоор тогтоох тухай” тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал),

 

Хохирогч Б.Д н өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн орчимд манай найз н.Т  намайг дуудаад зуун мянган төгрөг олох боломж байна гэж дуудаад гэрийнхээ гадаа буюу Дархан сумын 18-р багийн Хөтөл хорооллын *-* тоотын гадаа яваад очиход үл таних 3 хүний хамт н.Т   найз байж байсан. Тэгээд надад Н.Э   гэх үл таних залуу 100,000 төгрөг олох боломж байна гэр утасны чинь дугаарыг холбоод болоо татлаа түтлээ байхгүй гэж надад хэлсэн. Тэгээд миний гар утсыг аваад өөрийнхөө гар утастай зэрэгцүүлж оролдоод байсан. Надаас нууж оролдож байх шиг байсан. Тэгээд 5 орчим минут болоод миний гар утсыг буцаагаад өгсөн. Тэгээд миний дансыг асуугаад миний 51***** тоот Хаан банкны данс руу 50******* тоот Хаан банкны данснаас 50,000 төгрөгийн орлого орж ирсэн. Тэгээд өнөөдөр буюу 11 дүгээр сарын 28-ны өглөө сэрээд И-Монголиа сайт руу ороод харахад 2,000,000 төгрөгийн зээл БИД ББСБ-аас авсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон. ...надад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан. 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр миний Хаан банкны 51******* дугаартай дансанд 2,003,000 төгрөг шилжүүлж барагдуулсан. ...сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 23-25 дахь тал),

 

Гэрч Т.Т ын өгсөн “...Б.Д  нь манай үеэл буюу манай аавын төрсөн ахын хүүхэд, бид 2 цуг өссөн сайн найзууд. Тухайн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би Б.Б гээд найзтайгаа уулзаад надаас 100,000 төгрөгийн ажил байна гэж санал болгосон. Тэгээд Б.Б тэй уулзсан чинь Н.Э гэж залуу байсан. Тэгээд Н.Э  надаас утсаа өгч бай нэг юм дээр бүртгүүлээд болоо юм хараад өгье гэж хэлсэн. Тэгээд би утсаа өгсөн чинь удалгүй И-Монголиа би оруулаад үзүүлтэл Н.Э чинийх дээр болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд Н.Э надаас зээлийн хар түүхгүй хүн байна уу, чи хүн олоод өгвөл чамд 50,000 төгрөг өгье гэж асуусан. Тэгэхээр нь би Б.Д  гээд найз руугаа яриад аппликейшнд бүртгүүлээд 100,000 төгрөг олох боломж байна гэнээ андаа гэхэд асуудал байхгүй биздээ дараа нь надад лай болохгүй биздээ гэхээр нь би гайгүй байлгүйдээ, над дээр болохгүй хүн олоод өг гэхээр нь чам дээр ирж байна гэсэн уулзаад хүнээс нь асуучихгүй юу гэж би хэлсэн. Тэгээд Б.Д   Н.Э  , Б.Б  нэг танихгүй залуу бид хэд уулзаад Н.Э   Б.Д  д нэг юманд дугаарыг чинь бүртгүүлээд болоо тэгээд 100,000 төгрөг өгнө чамд дараа нь лай болохгүй гээд Б.Д ийн гар утсыг Н.Э   аваад оролдож сууж байгаад И-Монголиагаа оруулчих гээд утсыг нь өгч оруулчихаад эргүүлж аваад хэдэн минутын дараа болчихлоо дансаа өгчих гээд Б.Д   руу 50,000 төгрөг шилжүүлээд Б.Д   гэрлүүгээ ороод би цаашаа явсан. Тэгээд Н.Э   дахиад хүн байна уу гээд би Х.Х   гээд дүүтэйгээ уулзуулаад адил үйлдлээ хийсэн. Тэгээд дахиад хүн байна уу гэж Н.Э   асуусан чинь би нэг хүн  байгаа гэхэд цаг орой болчихож гээд манай гэрийн үүдэнд очоод би 100,000 төгрөг өгнө гэсэн яасан гэж асуусан чинь Б.Б   рүү дансаа явуулчих гээд би удахгүй хийчихнэ гэхээр нь би дансаа явуултал удалгүй 50******* тоот данснаас миний 43****** тоот Голомт банкны данс руу 23 цаг 45 минутад Э*********** гэсэн гүйлгээний утгатай 100,000 төгрөг орж ирсэн байсан. Би Х.Х   Н.Э  г уулзуулахаас өмнө Б.Д  гэх найзыгаа Н.Э  тэй уулзуулаад бас адилхан нэг юмтай холбоод болоо гээд 50,000 төгрөг өгсөн байсан. Тэгээд маргааш нь Б.Д  , Х.Х   хоёр над руу яриад зүв зүгээр гээд байсан 2,000,000 төгрөгийн зээл авчихсан байна гэсэн. Би Н.Э  г ойлгохдоо над дээр Н.Э  ирэхдээ аппликейшнтай дугаарыг чинь бүртгүүлээд болоо тэгээд мөнгө авах юм байна гэж ойлгосон. Тэгээд Х.Х  , Б.Д   бид 3 цагдаад хандсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 30 дахь тал), 

 

Гэрч Б.Б  ийн өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Н.Э -г би гараад ир юм яриад сууя гэж дуудаад бид 2 байж байсан. Тэгээд Н.Э   надад мөнгөний хэрэг байна нэг зээлийн аппликейшн байна тэр аппликейшнаар тэр хүний утасны дугаар байхад болно тэгээд миний И-Монголиад бүртгүүлж оруулаад над дээр зээл гарна. Тэгээд 100,000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т.Т   гээд нэг найзыгаа уулзахаар дуудаад ирэхээр нь Н.Э  , Т.Т т 100,000 төгрөгийн ажил байна гар утсаар чинь юманд бүртгүүлье гэж хэлсэн. Тэгээд Т.Т   зөвшөөрөөд гар утсаа өгөөд Н.Э   оролдож байгаад болохгүй байх шиг байсан. Тэгээд Н.Э   Т.Т  ас өөр хүн байна уу чинийх болохгүй байна гэхээр нь Т.Т  бид хэд хуучин хороолол руу явсан. Тэгээд Б.Д   гарч ирээд Н.Э   Б.Д   гар утсаа өгч бай зээлийн аппликейшнд чамайг бүртгүүлээд болоо 50,000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгээд Б.Д   Н.Э  д гар утсаа өгөөд хэдэн минутын дараа буцаагаад өгсөн. Тэгээд Б.Д  д Н.Э  50,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал),

 

Н.Э ийн мөрдөн шалган ажиллагааны явцад өгсөн “...Анх 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би Б.Б гээд найздаа би “БИД” нэртэй утасны зээлийн аппликейшнаар зээл гаргаж өгч байсан. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б.Б найздаа би дугаарыг нь бүртгүүлээд над дээр зээл гаргуулаад өгөх хүн байна уу 100,000 төгрөг өгье гэж асуусан. Тэгтэл Б.Б нь Т.Т гээд найз байдаг гэсэн. Тэгээд бид 2 Т.Т  гэдэг залуу дээр очоод Б.Б  Т.Т т гар утсаа өгч бай нэг аппликейшнд бүртгүүлээд чамд 100,000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгсэн чинь Т.Т  зөвшөөрөөд би гар утсыг нь үзээд аппликейшнд нь бүртгүүлээд бүртгэл нь үүсээд зээлийг нь шалгуулсан чинь зээл гарах боломжгүй байсан. Тэгээд Т.Т  над дээр аппликейшнд бүртгүүлээд болохгүй байгаа бол би хүн олж өгье гэсэн. Тэгээд Т.Т манай үеэл байдаг үеэл дээр очъё гээд үеэл Б.Дэ дээр Дархан сумын Хөтөл хороололд очоод Т.Т утсаа юманд бүртгүүлчих 50.000 төгрөг өгье гэхэд нь Б.Д   зөвшөөрмөн. Би Б.Д  ын гар утсыг аваад би өөрийнхөө утсан дээр БИД аппликейшнд Б.Д  ийн бүртгэлийг үүсгээд утсанд ирсэн мессежийг аппликейшнд хийж баталгаажуулаад бүртгэл нь үүссэн. Тэгээд зээл авах данс дээр өөрийн 53 ****** тоот Хаан банкны дансыг бүртгүүлээд Б.Д аар бүртгүүлсэнг БИД аппликейшноос 2,000,000 төгрөгийн зээл авсан. Тэгээд Б.Д  д ирсэн баталгаажуулах  код бүхий 4 оронтой мессежийг нь устгасан. Тэгээд болчихлоо гэж хэлээд Б.Д  ийн 51****** тоот Хаан банкны данс руу 50,000 төгрөгийг “1” гэсэн гүйлгээний утгатай 22 цаг 45 минутад шилжүүлсэн. Т.Т  нь намайг Б.Д г залилж 2,000,000 төгрөг авсан талаар мэдээгүй. Б.Б  мэдэж байсан гэхдээ яг хэдэн төгрөгийн зээл авсан талаар мэдээгүй. Би тэгээд хүн олж өгсөн гээд Т.Т т 100,000 төгрөг өгсөн. Т.Т намайг зүгээр аппликейшнд бүртгүүлээд 50,000 төгрөг өгдөг юм байна гэж ойлгож байгаа.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дахь тал),

 

2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “...Дархан-Уул аймгийн Дархан сумын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зүс таних эрэгтэй 500,000 төгрөгийн зээл гаргаад өгье гэж хэлээд миний нэр дээр БИД ББСБ-аас 2,000,000 төгрөгийн зээл гарган авч намайг залилсан” гэх гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл  хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 63 дахь тал),

 

Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12/02/01 дугаартай албан тоот (1 дүгээр хавтаст хэргийн 66 дахь тал),

 

Н.Э ийн эзэмшлийн Хаан банк ХК-ийн 50*****  дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дахь тал),

 

2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Хаан банкны 50****** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 71 дэх тал),

 

Б.Б ийн эзэмшлийн Хаан банкны 50****** тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 73-74 дэх тал),

 

2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн  Б.Б ийг хохирогчоор тогтоосон тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 76 дахь тал),

 

Хохирогч Б.Б ийн өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Н.Э  гэх найзтайгаа Дархан сумын 8-р багт байх хойд уулын замын машины зогсоол дээр уулзаад 500,000 төгрөг зээлэх үү гэж асуухад надад мөнгө байхгүй чиний нэр дээр зээл гаргаж өгч чадна гэж хэлсэн. Тэгэхээр нь би нийгмийн даатгал төлдөггүй надад зээл гарахгүй гэхэд ямар ч байсан оролдоод үзье чиний регистерийн дугаар утас, хоёр чинь байхад болно гээд би гар утсаа регистерийн дугаартайгаа өгөөд 3 минут орчим болсны дараа зээл гарчлаа гээд миний хаан банкны 50******  тоот дансруу Н.Э  өөрийн 50****** тоот данснаасаа 500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө И-Монголиа сайт руу ороод шалгахад 2,000,000 төгрөгийн зээл БИД ББСБ-аас авсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон. ....надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр миний хаан банкны 50******* дугаартай дансанд 1,600,000 төгрөг шилжүүлж барагдуулсан. ...сэтгэл санааны хохирол гэж нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 78, 80-81 дэх тал),

 

Н.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б.Б гээд манай багийн найз байдаг тэр найзтайгаа уулзаад байж байсан. Тэгээд Б.Б  надаас чамд яаралтай 500,000 төгрөг байна уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би аппликейшнаас зээлээд өгье гэж хэлээд БИД гээд аппликейшнд Б.Б ийн нэр дээр утасны дугаарыг нь бүртгүүлээд Б.Б ийн И-Монголиаг баталгаажуулаад, зээл авах данс дээр нь өөрийн 50******* тоот Хаан банкны дансыг бүртгүүлээд 2,000,000 төгрөгийн зээл авсан. Тэгээд би Б.Б-д БИД нэртэй аппликейшнаас 500,000 төгрөгийн зээл авлаа шүү гээд 500,000 төгрөг Б.Б ийн 50******* тоот данс руу өөрийн 50******** тоот данснаас шилжүүлсэн. Б.Б****** 2,000,000 төгрөгийн зээл авсан гэж мэдээгүй, 500,000 төгрөгийн зээл өөрийн нэр дээр авсан гэж бодож байсан. Тэгээд тэр үедээ тэр аппликейшнийг нь Б.Б ийн гар утаснаас устгачихсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дахь тал),

 

2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “...Миний БИД нэртэй программыг ашиглан миний нэр дээр аппликейшнээс 2,000,000 төгрөг авсан байна” гэх гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 117 дахь тал),

 

БИД ББСБ ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/16/01 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 120 дахь тал),

 

2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Н.Э*** ийн эзэмшлийн Хаан банкны 50****** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 122-135 дахь тал),

 

2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Ц.Б-ний эзэмшлийн Голомт банкны 5****** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 137-140 дэх тал),

 

2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А.О ын эзэмшлийн Хаан банкны 52********* тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 142-145 дахь тал),

 

2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А.О ыг хохирогчоор тогтоосон тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 145 дахь тал),

 

Хохирогч А.О ын өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн орчим би хааяа цагаар ажилладаг Экспрэсс гээд угаалга дээр байж байтал Ц.Б  гэх хүн над руу залгаад чамд мөнгө хэрэгтэй юу гэхээр нь би хэрэгтэй гэтэл хэд хэрэгтэй вэ гэхээр нь би 150,000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Ингээд 19 цагийн орчим над дээр машинтайгаа ирээд би нэг машины номер зарах гээд байгаа юмаа мөнгө маань бүтчихвэл би чамд 150,000 төгрөг өгье гэсэн. Тэгээд чи интернет банкаараа ороод юм хараад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би Ц.Б тэй хамт ирсэн Н.Э  хын утсан дээр интернет банкны нууц үгээ хийгээд оруулаад өгчихөөд тэр хоёр нэг юм харах шиг болсон. Тэгээд буцааж программаа гаргаад машинаас буусан. Ингээд над руу Ц.Б   20 цагийн орчим чатаар зээл гарчихсан шүү чи хамтрангаар орсон шүү дансаа гэхээр нь Хаан банк 52******** дугаартай дансаа явуултал над руу 150,000 төгрөг явуулсан. Тэгээд би гайхаад ямар зээл хамтран авсан бэ гээд залгаад хаана байгааг нь асуугаад олон улс дээр очоод уулзтал би мэдэхгүй ээ “БМД” нэртэй аппликейшнээс чиний хаан банкны эрхээр орж Н.Э ах авсан шүү дээ гэхээр нь би ямар зээл авсан юм бэ лавлагааг явуулчихаарай гээд яваад өгсөн. Үүнээс 2 хоногийн дараа Н.Э ахтай очиж уулзсан. Ямар шалтгааны улмаас миний зөвшөөрөлгүй БИД нэртэй аппликейшнээс зээл авсан юм бэ гэхэд би аваагүй ээ Ц.Б авсан шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би таныг авсан шүү дээ гэхэд би аваагүй Ц.Б авсан гэсэн. Тэгэхээр нь би маргааш нь Ц.Б-тэй авто хүлэг гээд засварын газар очиж уулзахад за би авчихсан юмаа уучлаарай мөнгийг чинь хэд хоногоос гаргаад өгье гэж хэлсэн. Үүнээс 2 хоногийн дараа би ээждээ юу болсон талаар хэлэхэд ээж уурлаад Ц.Б дээр очиж уулзаад миний хүүхдийн мөнгийг өгөө гэхэд за эгчээ би машин янзалж байгаа зараад мөнгийг нь олоод өгье гэж хэлсэн. Тэгээд тэр орой над руу чи миний машиныг автомат болгоод мөнгөндөө бодоод авчихаа гэж чатаар хэлсэн. Мөн тэгэх үедээ надад мөнгөний боломж байхгүй байна чи хроп, цээж, утсаа өөрөө олоод тавьчих гэж хэлхээр нь би тэр хоёрыг нь авсан. Үүний дараа надад 500,000 төгрөг дансаар өгсөн. Үүний дараа удаа дараа мөнгөө өгөхийг шаардсан боловч янз бүрийн шалтаг хэлээд болохгүй зугтаад байгаа. ...Би өөрт учирсан 1,443,000 төгрөгөө төлүүлж авмаар байна” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 149 дэх тал),

 

БИД ББСБ ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Д.М д итгэмжлэл олгосон 02/11/02 тоот албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 154 дэх тал),

 

Гэрч Д.М ын өгсөн “...Зээлийн төрлөөс шалтгаална. Автомашин, үл хөдлөх барьцаалах бол тухайн газрын салбар зээл авах гэж байгаа хүн биечлэн ирж зээлийн судалгаа авч зээл гаргах боломжтой эсэхээ судлуулдаг. Харин онлайн зээлийн хавьд манай байгууллагын БИД нэртэй аппликейшнийг суулган бүртгэл үүсгэн нэвтрэн орж зээлийн эрхээ шалгуулдаг. Ингэхдээ зээл авах боломжтой эсэхээ шалгуулахын тулд заавал И-Монголиа буюу ДАН системээр холбогддог. Ингээд шаардлагыг хангасан байвал онлайн зээлийг аппликейшнээрээ зээлийн эрх үүсгэн авдаг. Энэ нь цахимаар буюу онлайнаар явагдаж байгаа тул ямар хүн хэний мэдээллийг ашиглаж явж байгааг мэдэх боломжгүй. И-Монголиар нэвтэрч байгаа тул тухайн хүн өөрийн мэдээллээ хэн нэгэнд задруулснаас болж байгаа” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 155 дахь тал),

 

Н.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...А.О ыг сайн танихгүй ээ. Манай дүү Ц.Б  таньдаг. Би 2024 онь 12 дугаар сарын 17-ны өдөр би Ц.Б тэй уулзаад байж байтал ... ахаа машин авах гээд байна. Мөнгө хэрэгтэй байна. Танд мөнгө байна уу гэхээр нь би надад байхгүй ээ гэж хэлсэн. Тэгээд би Ц.Б д хандаж би чамд яахав нэг тус больё чиний хамгийн сайн таньж мэддэг хүн дээр чинь банк бусаас зээл гаргаж өгье гэж хэлээд бид хоёр Ц.Б ий нэг найз дээр нь микр хороололд очсон. Ингээд нөгөө найзад нь хэлэхэд тэр найз нь дургүйцсэн. Тэгээд бид хоёр хэсэг байж байтал Ц.Б  надад хандаж ахаа Экспрэсс оръё тэнд нэг найз маань байгаа гэж хэлээд бид хоёр тийшээ явсан. Ингээд тэнд машинтайгаа очиход А.О  гэх хүүхэд гарч ирсэн. Тэгээд Ц.Б  эр хүүхдэд хандаж чамд мөнгө хэрэгтэй байна уу гэхэд нөгөөх нь тиймээ надад 150,000 төгрөг хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь Ц.Б   түүнд хандаж тэгүүл би чамд 150,000 төгрөгийг чинь гаргаад өгье. Чи харин манай энэ ахын утсан дээр И-Монголиагаа оруулчих гэж хэлсэн. Тэгээд миний утас дээр нөгөө хүүхэд И-Монголиа оруулаад өгсөн. Тэгэхээр нь “БИД” апплейкшин нөгөө хүүхдийн мэдээллээр ороод 2 сая төгрөгийн зээл авах эрх үүсгэсэн. Ингээд тухайн мөнгө орох дансаа би өөрийнхөө хаан банкны “50********** дансыг оруулсан бөгөөд мөнгө ч миний дансанд орсон. Тэгээд за болчихлоо гээд А.О ын 5*********3 дугаартай данс руу 150,000 төгрөг явуулсан. Үлдсэн мөнгийг Ц.Б ий голомт банкны данс руу шилжүүлсэн. Дансны дугаарыг нь бол би санахгүй байна” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 158 дахь тал),

 

Ц.Б ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би О  гэх хүүхдийг танина. Миний ажилладаг гарааш дээр анх танилцаж байсан. Н.Э ахаас машин авах гээд 1,000,000 төгрөг зээлсэн. Харин үлдсэн 2,100,000 төгрөгийн хувьд тухайн өдөр Н.Э ахтай уулзаад байж байгаад надад мөнгөний хэрэг байна би машин авах гээд байна, танд мөнгө байна уу гэж асуусан. Тэгтэл надад байхгүй ээ харин мөнгөтэй болох арга байна гэсэн. Тэгэхээр нь би яаж вэ гэхэд "BID" гэх апплейкшинаас зээл гардаг чамд сайн таньдаг хүн байна уу гэж асуусан. Би фейсбүүкээс чат харж байгаад А.О  онлайн байхаар нь мөнгөний хэрэг байгаа юу гэж асуухад байна яасан юм бэ гэсэн. Тэгэхээр нь би мөнгөтэй болох боломж байна апплейкшинаас хамтран миний нэг таньдаг Н.Э   гээд ахын нэр дээр гарах юм байна гэж хэлсэн. Тэгтэл А.О  хаана байгаагаа хэлээд Н.Э ах бид хоёр очсон. Ингээд байгаа газарт нь машинтайгаа очоод А.О   ын И-Монголиан мэдээллийг Н.Э  ахын утсан дээр оруулж үзсэн. Тэгээд Н.Э   ах удалгүй болчихлоо миний данс руу 2,000,000 төгрөг апплейкшинээс орчихлоо гэж хэлсэн. Тэгээд над руу Н.Э   ах 3,100,000 төгрөг шилжүүлээд би А.О   150,000 төгрөг шилжүүлсэн. Надад машин авахад мөнгөний хэрэг байсан тул Н.Э   ахаас мөнгө асуухад BID апплейкшинг ашиглаж хүний нэр дээр зээл гаргаад чамд өгье гэж хэлсэн. Ингэхдээ тэр хүнд өөрийнх нь нэр дээр зээл авж байгаа талаар мэдэгдүүлэхгүй, харин хамтрангаар орж байгаа гэж итгүүлнэ шүү гэж хэлсэн. Ингээд би тэрийг нь зөвшөөрөөд А.О  дээр дагуулж очоод А.О ын нэр дээр зээл аваад хамтрангаар орсон гэж итгүүлэн 150,000 төгрөг шилжүүлсэн. А.О т тухайн үед бол энэ талаар хэлээгүй. Харин орой нь А.О   над руу миний нэр дээр зээл гарчихсан байна шүү дээ гэж хэлээд бид хоёр олон улс дээр уулзсан. Тэр үед нь би сайн мэдэхгүй байна. Маргааш Н.Э   ахаас асуугаад цуг уулзъя гэж хэлсэн. ...миний хувьд өөрийн 5*******дугаартай данснаас А.О ын данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дахь тал),

 

2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “...Дархан-Уул аймаг, Дархан сумын 12 дугаар багт гэрийнхээ гадаа байхад 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үл таних эрэгтэй миний хувийн мэдээллийг ашиглан БИД ББСБ ХХК-иас 2,000,000 төгрөгийн зээл гарган авч залилсан” гэх гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 204 дэх тал),

 

2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Х.Х  ийг хохирогчоор тогтоосон тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 206 дахь тал),

 

Хохирогч Х.Х өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 27-ны орой 11 цагийн орчим манай ШУТИС-ийн ах Т.Т  гэртээ байж байхад чат бичээд 50,000 төгрөг олох амархан ажил байна дугаараа бүртгүүлээд болно гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад Дархан сумын 12 дугаар баг Хүслийн хотхон 2-ын гадаа буюу гэрийнхээ гадаа гартал сайн танихгүй 3 залуугийн хамт Т.Т сууж байсан тэгээд тэнд байсан Н.Э гэх үл таних залуу намайг гар утсаа өгчих зээлийн кредит оноогоо өсгөхийн тулд чамайг бүртгүүлнэ гэж хэлээд И-Монголиа руугаа нэвтрүүлээд өг гэж хэлсэн. Тэгээд би И-Монголиа руу оруулаад гар утсаа Н.Э гэх залууд өгсөн. Тэгээд 15 орчим минутын дараа болчихлоо гээд миний гар утсыг өгөөд дансаа өгчих гэж хэлсэн. Тэгээд би өөрийн хаан банкны 56******* * тоот дансаа хэлэхэд миний данс руу 50******* тоот данснаас 50,000 төгрөгийг “1” гэсэн гүйлгээний утгатай 23 цаг 25 минутад шилжүүлчээд яваад өгсөн. Би гэртээ ороод гар утсаа шалгахад 130092 гэх дугаар луу 2024 оны 11 дүгээр сарын 27-ны орой 11 цаг 18 минутанд 122439, 167707 гэх утгатай мессеж явуулсан байсан. Тэгээд өнөөдөр буюу 11 дүгээр сарын 28-ны өглөө сургууль дээрээ явж байхад Б.Д  ахтай таарахад өчигдөр Т.Т  50,000 төгрөгийн ажил байна нэг юманд бүртгүүлээд болоо гэж хэлээд бүртгүүлсэн гээд өглөө И-Монголиа сайт руу ороод харахад 2,000,000 төгрөгийн зээл БИД ББСБ-аас авсан байна гэсэн. Тэгээд би бас өчигдөр орой уулзсан гэж хэлэхэд чи И-Монголиа сайт руу ороод шалгаад үз гэж хэлээд И-Монголиа сайт руу ороод харахад 2,000,000 төгрөгийн зээл БИД ББСБ-аас авсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон. Н.Э  2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр миний хохирлыг бүрэн барагдуулсан, санал хүсэлт нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 210, 212 дахь тал),

 

Гэрч Т.Т ын өгсөн “...Х.Х нь манай ШУТИС-ийн гар бөмбөгийн бэлтгэлд хамт явдаг дүү байгаа юм. 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би Б.Б   гээд найзтайгаа уулзаад надаас 100,000 төгрөгийн ажил байна гэж санал болгосон. Тэгээд Б.Б  тэй уулзсан чинь Н.Э гэж залуу байсан. Тэгээд Н.Э надаас утсаа өгч бай нэг юм дээр бүртгүүлээд болоо юм хараадахъя гэж хэлсэн. Тэгээд би утсаа өгсөн чинь удалгүй И-Монголиаг би оруулаад үзүүлтэл Н.Э чинийх дээр болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд Н.Э надаас зээлийн хар түүхгүй хүн байна уу чи хүн олоод өгвөл чамд 50,000 төгрөг өгье гэж асуусан. Тэгээд би Х гээд дүүгээсээ и-монголиа руугаа ороод зээлийн түүхээ хараад өг гэж хэлэхэд Х.Х   зээлийн хар түүхгүй байсан. Тэгсэн чинь Н.Э   болно болно гээд бид хэд Х.Х   рүү Хүслийн хотхон руу явсан. Тэгээд Х.Х   удалгүй гарч ирээд би Х.Х   нэг юманд бүртгүүлээд болоо тэгээд 50,000 төгрөг өгнө гэж хэлсэн. Х.Х   зөвшөөрөөд Н.Э   гар утсаа өгсөн. Тэгээд Н.Э   гар утсыг нь оролдоод хэсэг байж байгаад Х.Х   утсыг өгөөд И-Монголиа оруулчих гээд буцаж утсыг нь авсан. Тэгээд нээх удаагүй 5 орчим минут болоод болчихлоо гээд гар утсыг нь буцааж өгөөд дансаа хэлчих гээд Н.Э   Х.Х   рүү 50,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дахиад хүн байна уу гэсэн чинь би нэг хүн байгаа гэхэд за за цаг орой болчихсон гээд манай гэрийн үүдэнд очоод би 100,000 төгрөг өгнө гэсэн яасан гэж асуусан чинь Б.Б   рүү дансаа явуулчих гээд би удахгүй хийчихнэ гэхээр нь би дансаа явуултал 50********тоот данснаас миний 43******** тоот Голомт банкны данс руу 23 цаг 45 минутад "ВАСНКА Н ******** Э*****" гэсэн гүйлгээний утгатай 100,000 төгрөг орж ирсэн байсан. Би Х.Х тэй Н.Э  уулзуулахаас өмнө Б.Д   гэх найзыгаа Б.Э  тэй уулзуулаад бас адилхан нэг юмтай холбоод болоо гээд 50,000 төгрөг өгсөн байсан. Тэгээд маргааш нь Б.Д  , Х.Х хоёр над руу яриад зүв зүгээр гээд байсан 2,000,000 төгрөгийн зээл авчихсан байна гэсэн. Би Н.Э г ойлгохдоо аппликейшнд дугаарыг чинь бүртгүүлээд болоо тэгээд мөнгө авах юм байна гэж ойлгосон. Тэгээд Х.Х  , Б.Д  бид 3 цагдаад хандсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 228 дахь тал),

 

Н.Э ийн эзэмшлийн Хаан банкны 50******* тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 219-223 дахь тал),

 

2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хаан банкны 50******* дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 224 дэх тал),

 

БИД ББСБ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12/02/02 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 226 дахь тал), 

 

Н.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б.Б   найздаа би дугаарыг нь бүртгүүлээд над дээр зээл гаргуулаад өгөх хүн байна уу 100,000 төгрөг өгье гэж асуусан тэгтэл Б.Б  нь Т.Т   гээд найз байдаг гэсэн. Тэгээд бид 2 Т.Т гэдэг залуу дээр очоод Б.Б   Т.Т  т гар утсаа өгч бай нэг аппликейшнд бүртгүүлээд тэгээд чамд 100,000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгсэн чинь Т.Т зөвшөөрөөд би гар утсыг нь үзээд аппликейшнд нь бүртгүүлээд бүртгэл үүсээд зээлийг нь шалгуулсан чинь зээл гарах боломжгүй байсан. Тэгээд Т.Т над дээр аппликейшнд бүртгүүлээд болохгүй байгаа бол би хүн олж өгье гэсэн. Тэгээд Т.Т  Хүслийн хотхон руу явчих гээд бид хэд Хүслийн хотхон руу очоод Х.Х   гэдэг залуу гарч ирэхээр нь миний машинд суугаад Х.Х   би чиний нэр дээр аппликейшнд бүртгүүлээд 50,000 төгрөг авах уу гэж асуусан. Тэгсэн чинь Х.Х   зөвшөөрөөд би Х.Х   гар утсыг аваад БИД гээд аппликейшнд Х.Х   дугаарыг бүртгүүлээд Х.Х   гар утсанд ирсэн кодыг нь БИД аппликейшнд хийж баталгаажуулаад, Х.Х   и-монголиа руу нь оруулж аппликейшнд баталгаажуулаад, зээл авах дансыг нь өөрийн 50******* тоот Хаан банкны дансаа бүртгүүлээд, бүртгэл нь үүсээд 2,000,000 төгрөгийн зээл эрх үүсэхээр нь 2,000,000 төгрөгийн зээл авсан. Тэгээд Х.Х   рүү болчихлоо гээд гар утсыг нь өгөөд Х. йн 56****** тоот данс руу өөрийн 50***** тоот данснаас 50,000 төгрөгийг “1” гэсэн гүйлгээний утгатай 23 цаг 25 минутад шилжүүлсэн. Т.Т т би хүн олж өгсөн гээд 100,000 төгрөг өгсөн. Т.Т т би аппликейшнд бүртгүүлээд 50,000 төгрөг өгөх юм байна гэж ойлгуулсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 232-233 дахь тал) зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4. Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.

 

Залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, хуульд заасан аргаар хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн мэдэлд шилжүүлэн авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгосноор төгссөнд тооцогдоно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Н.Э нь нэг үйлдлийн аргаар нэр бүхий хохирогч нараас 3 удаагийн үйлдлээр нийт 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан байх тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн,

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж зааснаар шүүгдэгч Н.Э , Ц.Б н нар хохирогч А.От аас 2,000,000 төгрөг шилжүүлэн авсан үйлдлийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Н.Э , Ц.Б  нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас үзвэл, улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Н.Э г үргэлжилсэн үйлдлээр, мөн шүүгдэгч Ц.Б тэй бүлэглэн “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Н.Э , Ц.Б  нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Ц.Б  ий өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

 

1.5. Хохирол, хор уршиг:

 

Шүүгдэгч Н.Э , Ц.Б  нар нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д  Б.Б , Х.Х А.О нарт учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нар нь шүүгдэгч Н.Э , Ц.Б нараас гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч Ц.Б нь хохирогч А.О т учирсан 2,000,000 төгрөгийн хохирлыг шүүхийн шатанд төлсөн байх тул шүүгдэгч Н.Э , Ц.Б  нар нь бусдад төлөх төлбөргүй байна. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

 

2.1 Талуудын санал, дүгнэлт

 

Улсын яллагч: Шүүгдэгч Н.Э д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Ц.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Өнөөдрийн шүүх хуралдаанд Ц.Б ий өмгөөлөгчөөр оролцож байна. ... Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал болон гэм буруугаа хүлээж байгаа нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Тэнсэх хугацааг доод хэмжээгээр тогтоож өгнө үү гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

 

Шүүгдэгч Н.Э , Ц.Б нарт  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдэнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.Э ийн суурь боловсролын гэрчилгээний тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 178-181, 189 дэх тал), шүүгдэгч Ц.Б ний суурь боловсролын гэрчилгээний тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 183-188 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа байдал, бусдад учруулсан хохирлын дийлэнх хэсгийг сайн дураар төлж барагдуулсан, мөн шүүхээс тогтоосон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Э д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

2.3. Бусад асуудлын талаар

 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э , Ц.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт Н ын Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх заасныг журамлан шүүгдэгч Тугчин овогт Ц ын Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаа зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Н.Э д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б *д тэнссэн хугацаанд оршин суух газар ажлаа өөрчлөх зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БАТ-АМГАЛАН