Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 00181

 

 

 

 

 

 

 

                             

 

 

 

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, шүүгч Ш.Эрдэнэцэцэг, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга Э.Булгантамир

Иргэдийн төлөөлөгч Н.Эрдэнэчимэг

Улсын яллагч Ц.Идэрмөнх  

Хохирогч Б.Адъяатөмөр

Иргэний нэхэмжлэгч Э.Сонинбаяр

Хохирогчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,

Шүүгдэгч Г.Ариунболд нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овгийн Готовын Ариунболдод холбогдох 201714000091 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгч Сартуул овгийн Готовын Ариунболд, Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Зуухан цехэд гагнуурчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Рашаант баг 33-08 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх РД:ФА93011536.

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Г.Ариунболд нь 2017 оны 01 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чка” нэртэй зочид буудалд найз Б.Адъяатөмөртай орноос түлхэж унагаасны улмаас маргалдаж түүний нүүр рүү нь цохиж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Адъяатөмөрийн “2017 оны 01 сарын 20-ны орой 22 цаг 30 минутаас эхлэн 24 цаг хүртэл дуулж сууж байгаад гарцгаасан. Эндээсээ бүгд тараад Билгүүн, Ариунболд бид гурав хамт яваад гэр хорооллын Чка буудалд орсон юм. Тэр буудалд Ариунболдын таньдаг 2 залуу байсан, Хаш-Эрдэнэ, Баярболд гэдэг залуучууд юм. Ингээд архиа ууж байтал шөнө 4 цагийн орчим Ариунболдтой хамт сурч байсан Ука, Доржоо /бүтэн нэрийг мэдэхгүй гэдэг залуучууд Улаанбаатар хотоос ирлээ гээд жолооч нь гээд Тэмүүжин гэдэг залуутай хамт гурвуулаа ирсэн юм. Ингээд  хүмүүс бүгд юм ярьж байхад Ариунболд миний дэргэд сууж байгаад надаар тоглоом хийгээд бүдүүн энэ тэр гээд байсан /ер нь бол оройноос хойш надаар тоглоом хийгээд байсан/ болохоор нь би гаынхаа алгаар Ариунболдын мөр рүү түлхтэл Ариунболд над руу эргэж хараад зүүн гараараа миний баруун нүд рүү цохисон. Миний нүднээс цус гоожоод би доошоо тонгойсон. Дахиж цохиж зодоогүй. Хаш-Эрдэнэ майкаа тайлаад өгөхөөр нь нүдээ дарж сууж байгаад Тэжүүжингээр гэррүүгээ Оюут баг 2-25-11 тоотод хүргүүлсэн. Тухайн үед нүд маань хавдаад нүднээс цус гоожоод хамарнаас цус гараад байсан. Ингээд гэртээ осоод цаг унтаад нүд өвдөөд байхаар нь боссоны дараа Ариунболд ирсэн юм. Тэгээд бид хоёр өглөө орцны доохон талд байдаг нүдний эмнэлэгт үзүүлэхэд яаралтай хот яв гэсэн. Ингээд Тэмүүжин гэдэг бандийн Приус 20 маркийн машинаар манай ээж, ээжийн найз Энхсайхан нарын хамт Улаанбаатар хотод осоод нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүлээд тэр шөнөдөө хэвтсэн. Маргааш өглөө нь нүдний хагалгаанд ороод нүдийг маань авсан. Ингээд 2017 оны 01 сарын 25-ны өдөр эмнэлэгээс гараад Эрдэнэт рүү ирсэн. Энэ үед Ариунболд, ээж нь холбоо барьж байсан. Ах нь гээд нэг хүн эмнэлэг дээр ирж уулзсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 5-6-р хуудас/

 

2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 159 дугаартай дүгнэлтэд: “Б.Адъяатөмөрийн биед баруун нүдний алимны хүнд зэргийн доргилт, салст дор цус харвалт, эвэрлэгийн урагдал, торлог болон шиллэгийн хавчигдалт зэрэг гэмтэл үүсчээ. Гэмтлийн улмаас баруун нүдийг авах хагалгаа хийгдсэн байна. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шалан дээр хажуугаараа унах үед дээрх гэмтэл үүсэх боломжгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Дээрхи гэмтэл нь 2017 оны 01 сарын 20-ны өдөр үүссэн байж болно. Гэмтлийн зэргийн зааврын 2.2.4-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт 65% байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/

 

3.Гэрч Ц.Хаш-Эрдэний “Би Г.Ариунболд болон Б.Адъяатөмөр нартай дунд сургуульд хамт сурч байсан. Нэг сургуулийн найз нөхдийн холбоотой юм. Хэрэг гарсан өдөр буюу 2017 оны 01 сарын 20-ны өдрийн орой би гэр хорооллын Чка буудалд өөрийн танил Вовка /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэдэг ах бид хоёр ороод сууж байгаад би шөнө найз Ариунболд руу утсаар ярихад Жавхлантөгсийн гэрт байна одоо гарах гэж байсан гэсэн. Жавхлантөгс нь мөн манай нөгөө ангид сурч байсан хүүхэд байгаа юм. Би Чка буудалд байгаагаа хэлсэн. Тэгээд Ариунболд, Адъяатөмөр, Билгүүн гурав цуг ирсэн. Ирэхдээ тэр гурав архи уусан байсан. бид 5 буудлын өрөөнд нэг 0,75 литрийн Ерөөл архи хувааж уусан. Архи уугаад дуусах гэж байхад би Билгүүнтэй юм ярьж байтал Ариунболд Адъяатөмөртай тоглоом хийгээд юм ярьж байснаа Адъяатөмөр Ариунболдыг түлхээд унагаасан. Тэгтэл Ариунболд босч ирээд Адъяатөмөрийг зүгээр суугаач гээд зүүн гараараа ёврох шиг болсон. Би тэр үед юунаас болж яагаад тийм байдалд хүрснийг нь учрыг нь олоогүй. бас сайн харж чадаагүй юм. Тэгсэн Адъяатөмөр цаашаа хараад хэвтээд өгсөн. удаагүй босч ирээд нүд эвгүй болчихлоо гэсэн. Тэгээд нүдээ гараараа суугаад байсан. Тухайн үед найз болох Түвшинтөгс машинтай ирчихсэн байсан болохоор эмнэлэг явъя гэхэд Адъяатөмөр эмнэдэг явахгүй гээд байсан. Тэгээд хэсэг сууж байгаад Адъяатмөр Түвшинтөгсөөр гэртээ хүргүүлэхээр явсан. Энэ буудалд Ариунболд, Билгүүн бид гурав хоносон юм. Маргааш өглөө нь Адъяатөмөрийн ээж бидэн дээр ирээд нүд нь гэмтсэн талаар хэлээд Ариунболд хамт явсан. Би босоод араас нь очиход яаралтай хот явах хэрэгтэй гэж байсан.” гэсэн мэдүүлэг.

 

4.Гэрч П.Баярболдын “2017 оны 01 сарын 20-ны өдрийн орой би гэр хорооллын Чка буудалд найзуудтайгаа сууж байгаад Хаш-Эрдэнэ гэдэг таньдаг дүүтэйгээ таарсан юм. Эндээсээ харчихаад хуураад Ариунболдыг ярихаар нь буцаад “Чка” бааранд очсон. Энд Хаш-Эрдэнэтэй хамт байж байхад Ариунболд, хамт сурч байсан Адъяатөмөр, Билгүүн нарын хамт ирсэн. Тэд ирэхдээ архи уусан халамцуу байсан. Бид тав 2 шил 0,75 литрийн архи уусан юм. Ингээд би Хаш-Эрдэнэтэй фитнесийн талаар юм яриад сууж байх үед Адъяатөмөр Ариунболд хоёр зэрэгцэж суугаад тоглоом наадам хийгээд байх шиг байсан. Би яриаг нь сайн анзаараагүй юм. Гэнэт Адъяатөмөр Ариунболдыг орны цаашаа түлхээд унагаачихсан юм. Тэгсэн Аринболд босч ирээд Адъяатөмөрийн нүүр рүү цохисон. Цохихдоо гараараа нэг л удаа цохисон юм. Тэгтэл Адъяатөмөрийн нүднээс цус гараад бид нар эмнэлэг явах уу гэхэд Адъяатөмөр яах юм бэ гээд суугаад байсан. Сүүлдээ эмнэлэг хүргэж өг гээд явуулсан. Бид нар дээр Ариунболдын найз гээд хотоос ирсэн гээд нэг банди машинтай ирсэн байсан. Тэр банди машинтайгаа Адъяатөмөрийг хүргэж өгсөн. Би тэндээсээ шууд гэртээ харьсан юм. Маргааш нь би Ариунболд руу утсаар залгаад юу болсон бэ гэхэд Адъяатөмөрийн нүд нь сохроод хот руу эмчилгээнд явахаар болсон гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/  шүүгдэгч Г.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Адъяатөмөр мэдүүлэхдээ “ Г.Ариунболд миний нүд рүү цохиж гэмтэл учруулсан нь үнэн. Хохирол төлбөрийг төлсөн. Цаашид хиймэл нүд хийлгэх төлбөр 7 632 000 төгрөгийг 7 хоногийн дотор төлнө гэсэн. Найзыгаа шоронд оруулмааргүй байна” гэв.

 

Шүүгдэгч Г.Ариунболд мэдүүлэхээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Цаашид гарах хохирлыг төлнө. Найзыгаа ийм болгосондоо маш их харамсаж байна” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Э.Сонинбаяр мэдүүлэхдээ “Одоо нэхэмжлэх зүйлгүй.Өөр ярих зүйлгүй” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд санал дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон. Хохирол төлбөрийн хувьд нэхэмжилсэн зардлыг төлсөн. Одоо хиймэл нүд хийлгэхээр нэхэмжилж байгаа 7 632 000  төгрөгийн зардлыг шүүгдэгчийн тал 7 хоногийн дотор төлөхийг зөвшөөрсөн” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг санал дүгнэлтдээ “Гэм буруугийн хувьд мэтгэлцэхгүй. Хохирлыг гарасан зардлын хэмжээнд нөхөн төлсөн. Цаашид гарах зарлыг төлөхөө илэрхийлж байгаа. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж түүнийг торгох ялаар шийтгэж өгнө үү. Уг ялыг эдлүүлэхдээ шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчилсэн төлүүлэхээр зааж өгнө үү” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Г.Ариунболд нь 2017 оны 01 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чка” нэртэй зочид буудалд найз Б.Адъяатөмөртай маргалдан нүүр рүү нь цохиж хүнд гэмтэл санаатай гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Адъяатөмөрийн мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлт, гэрч Ц.Хаш-Эрдэнэ, П.Баярбат нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Ариунболдод яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Ариунболдод ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчлөн ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж үзлээ.

 

Хохирогч шүүгдэгч нар харилцан тохирцож зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Г.Ариунболдоос 7 632 000 /долоон сая зургаан зуун гучин хоёр мянга/ төгрөг гаргуулж шүүгдэгч Г.Адъяатөмөрт олгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                               ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Сартуул овгийн Готовын Ариунболдыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасныг зааснаар шүүгдэгч Г.Ариунболдыг 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Ариунболдод оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Ариунболдоос 7 632 000 /долоон сая зургаан зуун гучин хоёр мянга/ төгрөг гаргуулж шүүгдэгч Г.Адъяатөмөрт олгосугай.

5.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Г.Ариунболдын хохирол төлөх хугацааг 7 хоногийн хугацаагаар тогтоосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ариунболдод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС

                         ШҮҮГЧИД                                           Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

                                            Ж.БАЙГАЛМАА