Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/287

 

 

Ч.Пид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

яллагдагч Ч.Пийн өмгөөлөгч Э.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/318 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлээр Ч.Пид  холбогдох эрүүгийн 1908036010746 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

.............., 19......... оны .... дүгээр сарын ...-ны өдөр .......... аймгийн .............. суманд төрсөн, ........... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 81-02 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Ч.П нь 2019 оны 7 дугаар сарын 4-ний шөнө 04 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн нийтийн байрны 2-139 тоотод оршин суух иргэн Э.Сосорбурамыг гэртээ унтаж байх үед нь онгорхой байсан хаалгаар нь орж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, түүний эзэмшлийн “Самсунг Эс 6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 130.000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан,

мөн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд баригдаж буй Инсталл Наран Констракшн ХХК-ийн барилгын талбайд Хос Алтайн хүчтэн ХХК-нд харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж байх үедээ 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр барилгын пум төмөр 50 ширхэг, 2019 оны 5 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө барилгын тулаас төмөр 100 ширхэгийг тус тус зарж үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 3.890.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ч.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/1954 дугаартай захирамжид заасан ажиллагаануудыг бүхэлд нь хийж, шалгаж тогтоогоогүй ирүүлсэн байна. Тус өдрийн шүүх хуралдаанд оролцсон хохирогч байгууллагын төлөөлөгч, иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч нар нь хэргийн оролцогчдоос асуусан асуултад “байгууллагын удирдлага, захирал мэднэ, би мэдэхгүй байна гэх байдлаар хариулж оролцсон төдийгүй учирсан хохирлын хэмжээ, төлөгдсөн дүн, хохиролд тооцуулахаар өгсөн сапуд төмрийг авсан, аваагүй гэх асуудлын талаар, төлбөл зохих дүн зэргээ мэдэхгүй, тодорхойгүй байдлаар оролцсон. Иймд шүүхээс хохирогч байгууллагад учирсан хохирлын хэмжээ, төлөгдсөн дүн, хохиролд тооцуулахаар өгсөн сапуд төмөртэй /хохирогч байгууллага, иргэний хариуцагч байгууллага хоорондоо авсан, аваагүй гэж маргадаг/ холбоотой асуудлыг шалгуулах, шийдвэрлүүлэхээр хохирогч байгууллага болон иргэний хариуцагч байгууллагаас тухайн хохирол төлбөр, тооцооны талаар мэдэж буй, хариуцвал зохих хүмүүсээс асууж тодруулахаар хэргийг буцаасан атал С.Содтуяа гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авч, улмаар “Инсталл Наран Констракшн” ХХК-аас гомдол саналгүй гэсэн албан бичгийг авсан төдийгөөр хязгаарлаж ирүүлсэн нь учир дутагдалтай байна. /гэтэл гэрч нь байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх/

Үнэлгээний асуудлын тухайд, уг хэрэгт алдагдсан гэх 100 ширхэг сапуд төмөр, 50 ширхэг пум төмрийг үнэлсэн 3 өөр дүн бүхий хөрөнгийн үнэлгээний тайлан авагдсан. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 270 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 759 дугаартай яллах дүгнэлтэд “Инсталл Наран Констракшн ХХК-нд учирсан хохирлын дүнг 3.481.000 төгрөг гэж ирүүлж байсан бол хэргийг прокурорт буцааснаас хойш хохирол, түүний үнэлгээтэй холбоотой асуудлаар ямар нэгэн тодорхой ажиллагаа хийгээгүй атлаа 10 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолоор хохирлын хэмжээг 3.890.000 төгрөг учирсан хэмээн өөрчилж, уг дүнгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн төдийгүй ямар баримтад үндэслэсэн нь тодорхойгүй орхигдсон байна. Бусад үнэлгээнүүдийг хэрхэн үгүйсгэсэн нь тодорхойгүй байна. Хэдийгээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон прокурор нь шүүх эдгээр үнэлгээнээс алийг нь үнэлэхээ өөрөө шийдэх, зүйлчлэлд өөрчлөлт орохгүй энэ тохиолдолд шүүх нь хохирлын үнийн дүнгээ ихэсгэх буюу багасгах байдлаар бүрэн шийдвэрлэх боломжтой гэж тайлбарласан хэдий ч шүүх нь өөрийн үзэмжээр, баримт нотолгоогүйгээр хохирлын дүн, төлөгдсөн дүн, төлбөл зохих дүн зэрэг нь тодорхойгүй байхад таамаглалд үндэслэн дээрх дүнг ихэсгэх буюу багасгах байдлаар шийдвэрлэх боломжгүй байх тул яллагдагч Ч.Пид холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэргийг прокурорт очтол яллагдагч Ч.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Д.Ганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжид дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Шүүгчийн захирамжид заагдсан тухайн байгууллагад учирсан хохирлын хэмжээ, төлөгдсөн дүн, хохиролд тооцуулахаар өгсөн гэх сапуд төмөртэй холбоотой асуудлыг шалгуулж, хохирогч байгууллага болох “Инсталл Наран Констракшн” ХХК болон иргэний хариуцагч Ө.Гантулга, гэрч С.Содтуяа нараас мэдүүлэг авч, улмаар “Инсталл Наран Констракшн” ХХК-аас гомдол саналгүй гэсэн албан бичгийг авч хэрэгт хавсаргасан. Гэрч С.Содтуяагийн “...“Харанга хийц” ХХК нь сапуд төмөрнүүдээ нэхэж эхэлсэн ба тэр даруйд манай захирал Чулуунбаяр “Харанга хийц” ХХК-ийн сапуд төмрийг өөрийнхөө компанийн эзэмшлийн төмөрнүүдийг хүлээлгэж өгсөн. Одоо “Харанга хийц” ХХК-тай ямар нэгэн тооцоо байхгүй. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл огт байхгүй гэсэн” гэх мэдүүлэг /2хх 153-154/ хэрэгт авагдсан. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад эргэлзээ төрүүлж байгаа нотлох баримт байхгүй бөгөөд яллагдагчийн шууд санаатай хөрөнгө завших гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол төлөгдсөн, хохирол төлбөргүй болох нь нотлогдсон байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр дахин өөр хүнийг тогтоож, ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж байна. Шүүх эргэлзээтэй гэж үзвэл хохирогч Т.Оюунзаяагаас дээрх асуудлыг шүүхийн хэлэлцүүлгийн явцад давхар тодруулах боломжтой бөгөөд шүүх нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад заагдсан үнэлгээний асуудлын тухайд, уг хэрэгт алдагдсан гэх 100 ширхэг сапуд төмөр, 50 ширхэг пум төмрийг үнэлсэн 3 өөр дүн бүхий “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №ХУД919/008 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 115/, “Виннэ вэй” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №ХҮ-06/24 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 56-60/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №Ц-851 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 52-54/ гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлангууд хэрэгт авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж хуульчлагдсан байх тул гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой бөгөөд хохирол төлөгдсөн, үнэлгээ өөрчлөгдсөн ч учирсан хохирлын хэмжээ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагч Ч.Пийн гэм бурууг шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Яллагдагч Ч.Пийн өмгөөлөгч Э.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокуророос “Инсталл Наран Констракшн” ХХК-иас гаргасан “гомдолгүй” гэсэн албан бичгийг үндэслээд захирамжид заасан ажиллагаануудыг хийгээгүй байдаг. Эд хөрөнгө завших гэмт хэргийн тухайд хохирлын асуудлыг зайлшгүй тодруулах шаардлагатай байдаг. Иргэний хариуцагч Гантулгын хувьд 900.000 төгрөгийг “Инсталл Наран Констракшн” ХХК-нд өгсөнийхөө дараа Пүрэвдоржоос авсан 100 ширхэг сапуд төмрийг Завхан аймгаас буцааж авчираад огт ашиглалгүйгээр хүлээлгэж өгсөн гэж тайлбарладаг. Гэтэл “Инсталл Наран Констракшн” ХХК-ийн төлөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “100 ширхэг сапуд төмрийг хүлээж авсан. 70 ширхэг нь ашиглалтын шаардлага хангахгүй байсан. 30 ширхэг сапуд төмөр нь ашиглалтын шаардлага хангаж байсан” гэдэг. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Инсталл Наран Констракшн” ХХК-ийн төлөөлөгчөөр томилогдсон этгээдээс “Гантулга гэдэг хүнээс ямар ч сапуд төмөр хүлээж аваагүй” гээд зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Иргэний хариуцагч Гантулгад “Инсталл Наран Констракшн” ХХК-иас өгвөл зохих сапуд төмөр юм уу, мөнгөн дүн нь хэд юм бэ гэх нөхцөл байдлууд тодорхойгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн байдаг. Прокуророос яллах дүгнэлт үйлдэх үед гурван шинжээч, гурван өөр дүгнэлт гаргасан байдаг. Прокурор анх үйлдсэн яллах дүгнэлтээ үгүйсгэж хохирлын хэмжээг ихэсгэж буюу анхны яллах дүгнэлтдээ дурдсан дүгнэлтээс өөр дүгнэлтийг үндэслэл болгож хоёр дахь яллах дүгнэлтээ үйлдсэн байдаг. Энэ нь ямар учиртай болох нь тодорхойгүй байдаг. Яг хэдэн төгрөгийн хохирол учирсан гэдэг нь тогтоогдоогүй. “Инсталл Наран Констракшн” ХХК-нд яг хичнээн төгрөгийн сапуд төмөр бүртгэлтэй байсан. Энэ талаар бүртгэл мэдээлэл огт авагдаагүй байдаг. Асууж тодруулахаар холбогдох баримтыг ирүүлдэггүй. Шүүгдэгчээс “би 100 ширхэг сапуд төмөр худалдсан. 50 ширхэг төмрийг бусдад зарсан” гээд байдаг боловч “би тоо мэдэхгүй, 50 ширхэгийг зарсан уу, 100 ширхэгийг зарсан уу гэдгээ тодорхой мэдэхгүй байна” гэдэг. “Инсталл Наран Констракшн” ХХК-нд 50 ширхэг пум төмөр байсан уу, үгүй юм уу гэдгийг Мөнхжаргалаас асууж тодруулах шаардлагатай. Ингэж байж хохирлын хэмжээг тогтооно гэсэн боловч прокурор анхан шатны шүүхийн захирамжид заасан ажиллагааг хийгээгүй байдаг. Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй, захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх яллагдагч Ч.Пид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/318 дугаартай захирамж нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээнд яллагдагч Ч.Пийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна гэж үзэв.

            Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын үнэлгээг үнэлсэн 3 өөр дүн бүхий “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №ХУД919/008 дугаартай /1хх 115/, “Виннэ вэй” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №ХҮ-06/24 дугаартай /2хх 56-60/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №Ц-851 дугаартай /2хх 52-54/ хөрөнгийн үнэлгээний тайлангууд хэрэгт авагдсан байх бөгөөд шүүх эдгээрийг шүүх хуралдааны явцад хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

            Түүнчлэн, хохирогч “Инсталл Наран Констракшн” ХХК нь хохирлын хэмжээнд маргадаггүй бөгөөд гомдол саналгүй гэсэн албан бичиг ирүүлсэн /2хх 156/ байх ба хохирлын хэмжээнээс шалтгаалж хэргийн зүйлчлэлд өөрчлөлт орохооргүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасны дагуу хэрэгт холбоотой гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гарган тэднийг шүүх хуралдаанд оролцуулж, хэргийн бодит байдлыг нотлох ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой.

            Түүнчлэн яллагдагч Ч.П, түүний өмгөөлөгч Э.Даваасүрэн нараас шүүхэд дээрх хүсэлтийг гарган шийдвэрлүүлэх, хэргийн нөхцөл байдлыг мэтгэлзээн явуулж үндэслэлтэй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн тус тус зохицуулалтад нийцнэ.

            Иймд анхан шатны шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд яллагдагчийн гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжтой гэж үзээд “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ч.Пид холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/318 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ч.Пид холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл яллагдагч Ч.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ                                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ

                  ШҮҮГЧ                                                      Д.МЯГМАРЖАВ