Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 09

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 145/ШШ2018/00848 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.М-н нэхэмжлэлтэй

Хариуцагч Өвөрхангай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгч Г.Б-н гаргасан давж заалдах гомдлоор 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал, нэхэмжлэгч Т.М, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Р.Шүрхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шавийнхаа гуйлтаар 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн *** сумын *** гэх газраас адуу үзэж авахаар сурагчийн 02 дугаар улирлын амралтын өдрүүдийг ашиглаж явсан. Тухайн үед 01 дүгээр сарын 22-ны өдөр хичээл эхлэхээс өмнө амжиж ирэх юм байна гэж тооцоод явсан. Ингээд Архангай аймгийн ***сумын  *** гэх газар очоод буцах замд цаг агаар эрс муудаж, огцом хүйтэрсэн. Үүний улмаас зүгээр явж байсан автомашины түлш царцан унтарч, асаж байгаад сүүлдээ огт асахгүй болсон тул *** суманд чирүүлж очоод маргааш нь буюу даваа гаригийн өглөө энэ тухай эхнэр Ч.Ж-д хэлж, дараа нь учир байдлаа хэлж, чөлөө авахаар 10 цагийн үед захиралтай утсаар ярихад уурлаад утсаа салгасан.

Тэгээд автомашинаа дулаан газар оруулж асаагаад мягмар гаригийн өглөө *** суманд ирсэн боловч 02 хоног нойргүй явсан тул ядраад лхагва гаригийн өглөө ажил дээрээ очсон. Гэтэл сургуулийн бичиг хэргийн ажилтан Л.Х 16 цагийн үед надад ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөөд, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажлаас халсан.

Миний хувьд ажлын хариуцлага алдахгүйн тулд цаг агаарын аргагүй нөхцөл байдлын улмаас даваа, мягмар гаригийн чөлөөг захирлаас гуйсан. Уг нь Архангай явахаасаа өмнө чөлөө авах гэсэн боловч тухайн үед захирал байгаагүй. Мөн намайг ажилдаа тэнцэхгүй гэсэн ямар нэг дүгнэлт гаргаагүй тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Мд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөх албан мэдэгдэл өгч, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 22 дугаар зүйлийн 22.1.3, Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.3-д заасан  заалтаар ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангаагүй, шалтгаангүйгээр 02 хоног ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

Миний өмнөх захирал ямар нэг сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Т.М-г шууд ажилд авч, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Гэтэл дизайн технологийн багш Т.М мэргэжлийн бус буюу биеийн тамирын багш мэргэжилтэй байсан нь түүний анкет болон хувийн хэрэгт байгаа материалаар тогтоогдсон. Мөн Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “багш нь багшлах эрхтэй байна” гэсэн заалтыг хангахгүй буюу түүний багшлах эрх нь 2010 онд дууссан болох нь илэрсэн. Нөгөө талаар дизайн технологийн багшийн ажлын байрны тодорхойлолтын В-д энэ талаар ерөнхий болон тусгай шаардлага тавьсан бөгөөд энэ шаардлагыг Т.М хангахгүй байсан.

Миний хувьд 2018 оны 01 дүгээр сарын 22, 23-ны өдөр Т.Мд чөлөө, зөвшөөрөл олгоогүй. Гэтэл дээрх өдрүүдэд Т.М шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь хичээлийн цагийн бүртгэлээр нотлогдож байгаа. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.7-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 02-оос дээш өдөр ажил тасалсан бол ажлаас чөлөөлөхөөр заасан.

Мөн 2017 оны 11 дүгээр сард аймгийн Боловсрол соёл урлагийн газраас явуулсан дизайн технологийн багшийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой кредиттэй сургалтад хамруулахаар цохолт хийж, үүрэг өгөхөд Т.М тус сургалтад хамрагдаагүй.

Иймд Т.Мгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг огт зөвшөөрөхгүй байна... гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Т.М-г Өвөрхангай аймаг *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн Хөдөлмөрийн багшийн ажилд эгүүлэн тогтоон, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулиас ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор 5041647 төгрөгийг гаргуулж Т.М-д олгохоор, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 95616 төгрөгийг нөхөн гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулахаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Б гаргасан давж заалдах гомдолдоо:  Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд гаргасан 145/ШШ2018/00848 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргав.

Гомдол гаргах үндэслэл:

Өвөрхангай аймгийн *** сумын ЕБС-ийн захирал Г.Б нь дизайн технологийн багш Т.М-г 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 6/04 тоот тушаалаар чөлөөлөхдөө доорх эрх зүйн актуудыг удирдлага болгож түүнийгээ нотлох баримтаар хэрэгт хавсаргасан.

Нэг: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэсэн заалтыг баримталсан үндэслэлийг тодруулбал: дизайн технологийн багш Т.М нь мэргэжлийн бус буюу биеийн тамирын багш мэргэшилтэй байсан нь түүний анкет болон хувийн хэрэгт байгаа материалуудаар тогтоогдсон, мөн БСУГ-ын Шүүхэд гаргаж өгсөн дүгнэлт хэрэгт хавсрагдсан.

2. Бага дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 “ багш нь багшлах эрхтэй байна” гэсэн заалтыг хангаагүй буюу БСШУ яамнаас шалгуур хангасан нөхцөлд олгодог “Багшлах эрхийн үнэмлэх”-гүй болох нь илэрсэн. /эрхийн үнэмлэх нь 2010 онд дууссан байсан./

3. Бага дунд боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 “бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартыг мөрдөж, заах арга, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх”, Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.3 “онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх” гэсэн заалтуудыг тус тус удирдлага болгосон нь дизайн технологийн багш Т.М нь 2017 оны 11 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд аймгийн БСУГ-аас МУБИС-ийн хөтөлбөрийн багтай хамтран Дизайн технологийн багшийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой кредиттэй сургалтад хамруулах тухай БСУГ-аас *** сумын ЕБС-д цахим шуудангаар ирүүлсэн бичигт захирал тус мэргэжлийн багш нарыг сургалтад хамруулахаар цохолт хийж үүрэг өгсөн атал үүргийг биелүүлээгүй, сургалтад хамрагдаагүй байна.

Хоёр: 1. Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан багшийн ажлын байрны тодорхойлолтын В хэсэгт дурдсан тавигдах шаардлагын 1.1-д тусгагдсан Ерөнхий шаардлагын мэргэшлийн шаардлагад “дизайн, технологийн багш байх” гэсэн, 1.2-т тусгагдсан тусгай шаардлагын “багшлах эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн шаардлагуудыг тус тус хангахгүй байна.

2. 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЕБД Сургуулийн захирал А.Н-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дахь хэсгийн 5.2.7-д заасан “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 2-оос дээш өдөр ажил тасалсан” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн багш Т.М-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь холбогдох хууль болон гэрээний заалтад харшлаагүй хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж шүүхэд тайлбар гаргасан.

Тайлбарт дараах нотлох баримтуудыг хавсаргаж өгсөн.

  1. Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 6/40 тоот Г.Б-г захирлаар томилох тухай захирамж /1 хуудас/
  2. Дизайн технологийн багшийн ажпын байрны тодорхойлолт /4 хуудас/
  3. Хөдөлмөрийн гэрээ /3 хуудас/
  4. Хичээлийн цагийн бүртгэл /1 хуудас/
  5. БСУГ-аас *** сумын ЕБС-д цахим шуудангаар ирүүлсэн бичиг
  6. УЦУОША-ны авсан цаг уурын мэдээ /2 хуудас/
  7. Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 1 хуудас/ зэрэг тайлбар нотлох баримтууд, мөн БСУГ-ын мэргэжилтэн Ч, сургалтын менежер С.Д нарын гэрчээр асуусан тэмдэглэл,  мөн нэхэмжлэгч М-н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2018 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр буюу пүрэв гаригт хувийн шалтгаанаар Архангай аймаг руу явсан,... 01 дүгээр сарын 22-ны өглөө буюу мягмар гаригт *** сум буюу гэртээ ирсэн тухай, өдөр нойргүй ядарсан болохоор амраад лхагва гаригт ажилдаа очсон...” гэсэн тайлбар зэргээр Т.М нь сургуулийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний заалтыг ноцтойгоор зөрчиж  4 хоног ажил тасалсан нь тогтоогдсон, ажлын байрны үндсэн болон тусгай тавигдах шаардлага хангахгүй байсан, багшлах эрхийн үнэмлэхгүй сургалтын хөтөлбөрт тусгагдсаны дагуу мэдлэг боловсролоо дээшлүүлнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь хангалттай нотлогдож, бүрэн тогтоогдсон байтал иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэртээ хөдөлмөрийн багшийн орон тоонд ажиллуулахаар эгүүлэн тогтоосон нь БСШУЯ-ны сайдын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/220 тушаалын хавсралтад дурдсан хичээл судлагдахуун гэсэн нэршилд “Хөдөлмөр” гэсэн нэршил байхгүй “дизайн технологи” гэсэн нэршлээр эрх зүйн актад дурдсан байгаатай нь тохирохгүй байгаа зэрэг нөхцөл байдлууд болон манайхаас гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлж үзээгүй хэт нэг талыг барьж шийдсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадсангүй гэж үзэн гомдол гаргалаа.

Нэхэмжлэгч Т.М нь хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

1. Хариуцагч Г.Б-ийн давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

А. Хариуцагч Г.Б нь 2019 оны 02 дугаар сарын  20-ны өдөр давж заалдах гомдол гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Анхан шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдол гаргах эрхийг хууль бусаар сэргээсэн гэж үзэж байна.

Б. Мөн анхан шатны шүүх хариуцагч Г.Б-ийн давж заалдах гомдолтой шинэ нотлох баримтууд хүлээж авсан нь хууль бус гэж үзэж байна.

В. Г.Б нь намайг ажлаас халснаа мэргэжил, ур чадвар хангалтгүй байсан гэх үндэслэл гаргасан. Үүнийг хөндлөнгийн ямар ч байгууллага тогтоогоогүй.

2. Хариуцагч Г.Б нь хөдөлмөрийн тухай хуулийн хэм хэмжээний хүрээнд намайг ажлаас халаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Өмгөөлөгч Р.Шүрхүү нь хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 145/ШШ2018/00848 тоот шийдвэрт хариуцагч Г.Б давж заалдах гомдол гаргасантай холбогдуулан тайлбар гаргах нь:

Тус шүүх Т.М-н нэхэмжлэлтэй Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургууль буюу захирал Г.Б-д холбогдох Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх хуралдаанар хэлэлцээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргасан.

Хариуцагч Г.Б шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа хэд, хэдэн үндэслэлүүд дурьдсаны дотор Т.М хөдөлмөрийн гэрээний 5.2.7-д заасан “..хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш өдөр ажил тасалсан”-ыг ажил олгогч хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор заасан тул энэ үндэслэлээр Т.Мг ажлаас чөлөөлсөн гэдэг нь үндэслэлтэй. Учир нь:

Т.М нь сургуулийн захирлаас зохих журмын дагуу чөлөөний хуудас бичиж зөвшөөрсний дагуу чөлөө авах ёстой байтал энэ журмыг баримтлаагүй явсан. Ингэж яваад 22, 23-ны өдрүүдэд дараалан 2 өдрийн ажил таслаад 24-ний өдрийн эхний 2 цагийн ажил тасалсан байдаг. Энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасан 2-оос дээш өдөр тасалсан заалтанд хамаарана.

Шүүх энэ 2 өдөр 02 цаг ажил тасалсныг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь:

Т.М зохих журмын дагуу чөлөө аваад явтал хүйтнээс шалтгаалж машин асахгүйн улмаас чөлөөний хугацаандаа ирээгүй бол уг шалтгааныг хамруулж болох боловч огт чөлөө зөвшөөрөлгүй хувийн ажилд явснаа захирал байгаагүй гэдгээр үгүйсгэх боломжгүй.

Нэгэнт чөлөө авалгүй амралтаараа яваад ирэх зорилоготой л байсан бол хувийн ажлаа зохицуулах нь түүний үүрэг. Тухайлбал 4 дэхь өдөр ажлын өдөр байсан байдаг. 22-ны өглөө буюу 2 дахь өдөр өглөө сумандаа ирээд ядарсан тул унтаж амраад 3 дахь өдрийн эхний цагийг таслаад ажилдаа очсон гэж тайлбарлаж байгаа нь хэтэрхий өөрийн эрх ашгийг тэргүүнд тавьж, ажиллаж байгаа байгууллагаа болон хүүхдийн эрх ашгийг анхаараагүй байдал харагдаж байна.

 Иймд ажил олгогч Т.М-г 2 өдөр 02 цаг ажил тасалсныг хөдөлмөрийн гэрээнд заасан 2-оос дээш өдөр шалтгаангүйгээр ажил тасалсан, ноцтой зөрчил гэж тооцон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.М нь хариуцагч Өвөрхангай аймаг *** сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Т.М-г ажлаас чөлөөлөх тухай Өвөрхангай аймаг *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 22 дугаар зүйлийн 22.1.3, Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.3-т заасныг баримтлан Дизайн технологийн багш Т.М-г ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангаагүй,  шалтгаангүйгээр 02 хоног ажил тасалсан үндэслэлээр 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дизайн технологийн багшийн ажлаас чөлөөлсөн байна.

Багш Т.М-г ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангаагүйг тогтоосон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан шаардлага /ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон/ салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй,

сургалтын менежер С.Д-н 2018 оны 01 дүгээр сарын 22-26-ны өдөр хийсэн багш нарын ажлын үнэлгээ тогтоосон баримтыг дээр дурьдсан мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлт, шийдвэр гэж үзэх боломжгүй,

дизайн, технологийн багшийн ажлын байрны тодорхойлолтыг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталж, хөдөлмөрийн багш гэдэг нэршлийг дизайн, технологийн багш гэж албан ёсоор өөрчилсөн гэх боловч хөдөлмөрийн багш Т.М-тэй 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дизайн, технологийн багш нэршлээр шинэчлэн байгуулахгүйгээр түүнд ямар үндэслэлээр дизайн, технологийн багшийн ажлын байрны тодорхойлолтын В-гийн 1.1-д заасан ерөнхий шаардлага буюу дизайн, технологийн багш биш биеийн тамирын багш мэргэжилтэй, мөн 1.2-т заасан тусгай шаардлага буюу багшлах эрхийн үнэмлэхгүй гэх шаардлага тавьсан нь ойлгомжгүй,

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ямар зөрчлийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байхыг шаардах бөгөөд  нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн 5.2.7-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 2-оос дээш өдөр ажил тасалсан” гэж заан тухайн тохиолдолд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох, ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон,

хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Ус цаг уур, орчны шинжилгээний газрын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1/65 тоот албан бичгийн хавсралтаар,  *** суманд 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны өдрүүдэд -29.8 хэмээс -37.2 хэмийн хүйтэн байсан, гэрч Р.Э-ын “... машин нь хэт хүйтнээс болж түлш нь царцаж унтарсан байсан...” гэх мэдүүлгээр Т.М-ийн сууж явсан *** улсын дугаартай автомашин түлш царцаж асахгүй байсан болох нь  тогтоогдож байх бөгөөд үүний улмаас Т.М хүндэтгэн үзэх шалтгаантай буюу цаг агаарын нөхцлөөс болж ажил тасалсан болох нь тогтоогдсон зэргээс үзэхэд Өвөрхангай аймаг *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Т.М-г ажлаас чөлөөлөх тухай Б/04 дүгээр тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4-т заасан зохицуулалтад нийцээгүй, нэхэмжлэгчийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан болох нь тогтоогдож байна гэж үзэн Т.М-г Өвөрхангай аймаг *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн Хөдөлмөрийн багшийн ажилд эгүүлэн тогтоож / Т.М нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Хөдөлмөрийн багшийн ажлыг л хийж байсан/, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж тус тус дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байна.

Мөн анхан шатны шүүх, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар *** сумын Ерөнхий боловсролын сургуультай нэхэмжлэгч Т.М-ийн байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд тусгасан нэг сарын дундаж цалин 535,286 төгрөгийг, түүний ажилгүй байсан хугацаа 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 9 сар, 09 хоног гэж тооцон дундаж цалинтай тэнцэх олговорт нийт 5.041.647 төгрөгийг хариуцагч Өвөрхангай аймаг *** сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Т.М-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Хариуцагч Өвөрхангай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисон тул түүнээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Монгол улсын  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 145/ШШ2018/00848 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Өвөрхангай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн /захирал Г.Б-н/  давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б-ийн  төлсөн 165816 төгрөгийг улсын  төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

  4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.