Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 156/шш2020/00866

 

156/ШШ2020/00866

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

156/2020/00814/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт оршин суух, О.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт оршин суух, О.Х-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, нэхэмжлэгч О.Э, хариуцагч О.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Х-тай 2017 онд танилцаж, эр эмийн харьцаатай болж хамтран амьдрахаар болсон. 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр охин Х.А төрсөн. О.Х бид хоёр охиноо төрөхөөс өмнө нэг гэрт хамтран амьдарч байгаад  түүний охин бид хоёрт тавих анхаарал халамж муу, гэр орондоо тогтвортой байхгүй, тоглоод явчихдаг байдлаас болж таарч нийлэхгүй, хэрүүл маргаантай байснаас болж 2018 оны 11 сараас тусдаа амьдарсан. Охин Х.А нь одоо 2 нас 3 сартай, О.Х-ын төрсөн хүүхэд мөн. О.Х одоогоор охиноо хайхрахгүй, мөнгө төгрөгийн туслалцаа үзүүлэхгүй байна. Миний хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдээ хараад ээжтэйгээ хамт амьдарч байна. Иймд О.Х-аас охин Х.А-д хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч О.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний хувьд эхнэр охин хоёртоо анхаарал халамж муу тавьсан. Нэг удаа ч асууж байгаагүй гэдэг нь буруу байх. Заримдаа ажил төрөлгүй, мөнгө төгрөггүй болохоор санаа зовоод уулзаж чаддаггүй байсан. А миний хүүхэд мөн хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч О.Х-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч О.Х нь нэхэмжлэгч О.Э-ын шүүхэд гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан.

Өөрөөр хэлбэл О.Э, О.Х нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцэг О.Х нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул охин Х.А-г эх О.Э-ын асрамжид үлдээж, эцэг О.Х-аар хуульд заасан тэтгэлгийн хувь хэмжээгээр охин Х.А-г тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг О.Х нь охин Х.А-г хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцоно.

Иймд 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Х.Аг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.Хаар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх О.Эд даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч О.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Х-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Э-д олгож, мөн нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,210,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,595 төгрөгийг хариуцагч О.Х-аас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Х.А-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.Х-аар нь сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч О.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Х-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Э-д олгож, мөн хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,210,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,595 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.МАРИНА