Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 156/ШШ2019/00591

 

 

 

 

 

 

 

 

Дугаар 156/ШШ2019/00591                 Хэнтий аймаг

 

 

                                 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ......................тоотод үндсэн хаягтай,

...................... тоотод түр оршин суух, Г. О /РД:............/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..............тоотод оршин суух,  Н. Б /РД:................/-т холбогдох

гэрлэлт цуцлуулж,  хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв:

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Г.О,

хариуцагч Н.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд Бтой гэрлэж, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр охин Б.П, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүү Б.Ч нарыг төрүүлсэн. Таарамжгүй харилцааны улмаас 2017 оноос тусдаа амьдарч байна. Иймд гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдээ өөрийн асрамжинд авч, эцгээс тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Одоо надад хамтран амьдрагч байхгүй. Хүү Ч надтай хамь амьдарч байгаа. Охин, хүү 2 аав дээрээ байсныг 7 сард очиж өөр дээрээ авсан, намар сургууль орох үеэр охиноо Хэнтий аймагт хамаатны эгчийндээ орхиж, хот явж ажил хийсэн гэв.  

 

Хариуцагч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэр бүлээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Би охин Б.Пг өөр дээрээ авмаар байна. 2018 оны 08 дугаар сараас 2 хүүхдээ харж хандаж ирсэн. Ээж нь 2 хүүхдээ зун 7 сард авсан боловч охиноо айлд үлдээсэн байсныг 9 сард очиж авсан. Надад хамтран амьдрагч одоо байхгүй. Хүүдээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

                Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Н.Бод холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Г.О нь Н.Бтой 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр охин Б.П, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүү Б.Ч тус тус төрсөн болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

             

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилага гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, эхнэр, нөхрийн 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа, өөр хүмүүстэй хамтран амьдарч буй болон шүүхийн зүгээс авсан гэрлэгчдийг эвлэрлүүлэх бүх талын арга хэмжээ амжилтгүй болсон зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Н.Б, Г.О нарын хувьд хэн аль нь Монгол улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенци болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд дурдаж буй конвенци, хуулийн зохицуулалтаар эцэг, эхийн хэн нэгэнд хүүхдийн асрамж тогтоолгох асуудал дээр давуу эрх олгоогүй болно.  

Мэтгэлцээний байр суурийн хувьд хариуцагч нь хүү Ч эхийн асрамжид үлдэхэд татгалзаагүй бөгөөд харин охин Б.Пг өөрийн асрамжид авна гэж маргасан.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэдэг. Хуулийн уг зохицуулалтад заасан эцэг, эхийн асрамжид хүүхдийг үлдээх урьдчилсан нөхцөл буюу халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдлын хувьд хэргийн оролцогчийн аль нэг талд давуу байдал олгох боломжгүй, талууд охин Б.Пг цаашид асран хамгаалж, эрхийг нь хамгаалах дээр адил тэгш боломжтой болно.

Харин хэргийн нөхцөл байдлын хувьд охин Б.П нь  2018 онд 1 дүгээр ангид орсон үеэс одоог хүртэл эцгийн асрамж хамгаалалтанд сургуульд суралцаж байгаа, хуульд зааснаар асрамжийн талаар охин Б.П нь санал өгөхдөө эцэгтэйгээ хамт амьдарна гэжээ.

Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 07-09 дүгээр сар хүртэлх хугацаанд охиноо өөрийн асрамжинд байлгаж байхдаа Хэнтий аймагт айлд орхиж явсан байсан тул хариуцагч нь очиж охиноо авч, одоо хүртэл өөрийн асрамжинд байлгаж байгаа  үйл баримт талуудын маргаагүй байдлаар өгсөн тайлбараар тогтоогдсон.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар шүүхийн зүгээс охин Б.Пг эцгийн, хүү Чэхийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эцгийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар дахин маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.

           

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ

Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эхийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан хүү Чсар бүр эцэг Н.Боор нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Харин охин Б.Пд тэтгэлэг гаргуулахгүй гэх байр суурийг хариуцагч илэрхийлсэн тул уг асуудлыг хэлэлцэхгүй орхиж байгаа бөгөөд дахин тэтгэлгийн талаар шүүхэд хандах эрх нээлттэй болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон 

          

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Наранхишигийн Б, Өөлөг овогт Гансүхийн О нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан охин Б.Пг эцэг Н.Бын, хүү Чэх Г.Отгонбулгын асрамжинд тус тус үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Ч11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Боор нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Од  даалгасугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

                6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,

хариуцагчаас 101 764 төгрөг гаргуулан 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид, нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 31 564 төгрөгийг төрийн санд тус тус олгосугай.

 

                7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

                8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ