| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2019/00523/И |
| Дугаар | 156/ШШ2019/00592 |
| Огноо | 2019-10-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 156/ШШ2019/00592
| 2019 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 156/ШШ2019/00592 | Хэрлэн сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00523/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............ тоотод оршин суух, С.С (РД: ..............)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................. оршин суух, Б. Г (РД: ............)-д холбогдох,
"хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.С, хариуцагч Б.Г шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 2011 онд Б. Гтэй танилцаж, 2012 оноос хамтран амьдарсан юм.
Бид 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүү Г.Мыг төрүүлсэн. Бид 2015 оны хавар 04 дүгээр сараас зан харилцааны таарамжгүй байдлын улмаас тус тусдаа амьдрах болсон.
Хүү М, настай ээж Б.Сгийн хамт бид Биндэр сумандаа ажиллаж амьдардаг. Энэ хугацаанд Б.Г нь хүүтэйгээ огт уулздаггүй, тэжээн тэтгэж, харж ханддаггүй байсан. Хүүтэйгээ хааяа нэг утсаар ярьдаг байсан.
Одоо Б.Г нь өөр хүнтэй хамт амьдарч байгаа. Иймд хүү Мыг өөрийн асрамжид байлгах хүсэлтэй байна.
Иймд 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Мыг миний асрамжид үлдээж, хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү.
Би 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр авто осолд орсны улмаас байнгын эмчийн хяналтад байдаг болсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т зааснаар тэжээн тэтгэхтэй холбоотой нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т зааснаар нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй... хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хариуцагчийн байгаа газарт очиход бэрхшээлтэй байвал нэхэмжлэгчийн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно гэсний дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авч тусална уу... (хх-ийн 1-2, 18 тал)
Хариуцагч Б.Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... би Солонгын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардаж авлаа.
Би зун хөдөө явж шонхор шувууны ажил хийдэг. Хүүдээ хичээлийн хэрэгслэлийг бэлдэж өгөх, ойр зуурын хэрэглээний зүйлсийг авч өгдөг болсон. Хүү Мд тэтгэлэг төлөхийг зөвшөөрнө. Хүү Мг ээж Солонгынх нь асрамжид үлдээхийг зөвшөөрнө.
Энэ хэрэгт маргаангүй тул нэмж гаргах нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй... (хх-ийн 17 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Б.Гээс насанд хүрээгүй хүү Г.Мдаа тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч С.С, хариуцагч Б.Г нар нь 2011 онд танилцаж, улмаар эр, эмийн харилцаатай болж, 2013 оны 01 дугаар сарын 30-ны өдөр хүү Г.Мг төрүүлсэн болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1-2, 17, 18 тал) хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, (хх-ийн 4 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар ...эцэг, эх нь хүүхдээ ...хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т ...эцэг, эх нь харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэснийг үндэслэн хариуцагч (эцэг) Г.Гээс тэтгэлэг гаргуулж насанд хүрээгүй, хүү Г.Мг тэжээн тэтгүүлэхээр тогтов.
Хариуцагч нь энэ талаар маргаагүй, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. (хх-ийн 17 тал)
Тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан олгохоор шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.7 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Г.Мг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, эцэг Б.Гээс сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж хүү Г.Мг тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.Сд даалгасугай.
3. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурьдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүү Г.Мг эцэг Б.Гтэй уулзуулж байхыг эх С.Сд даалгасугай.
6. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Гээс 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ