Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 156/ШШ2019/00616

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 05 өдөр            Дугаар 156/ШШ2019/00616                 Хэрлэн сум

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00569/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..............оршин суух,  Б.Ү /РД:................./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х..................тоот хаягт оршин суух,  Г.Б /РД:........../-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Б.Ү,

хариуцагч Г.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 онд Г.Бтай гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаанд  2012 онд хүү Б.О төрсөн. 2014 оноос эхлэн ажлын шаардлагаар тусдаа амьдарч байгаад, 2018 оноос гэр бүлийн харилцаагүй болсон. Цаашид хамтран амьдрах бололцоогүй тул гэрлэлтээ цуцлуулна. Мөн хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

                Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Б.Оыг эхийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэв.  

 

                Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ү нь Г.Бад холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, талууд харилцан мэтгэлцээний  өөр байр суурь илэрхийлээгүй. 

Г.Б, Б.Ү нар нь 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдөр  хүү Б.О нь төрсөн, одоо эх Б.Үтой амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн  болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй тул гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, гэрлэгчдийн 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт ... хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална ... гэж заасан, мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зохигчийн маргаагүй байр суурь зэргийг харгалзан үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргаагүй хэдий ч гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхдүүдийн асрамж, тэтгэмжийн асуудлыг маргааны онцлогт тохируулан шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн нэг талд давуу байдал олгосон асуудал биш бөгөөд ийнхүү асрамж, тэтгэмжийг гэрлэлт цуцлахтай хамт шийдвэрлэх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ гэж үзсэнд оршино.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдүүдийн асрамж, тэтгэмжийн талаар өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн болно. 

Г.Б, Б.Ү нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдүүдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдийг эхийн асрамжинд үлдээх дээр маргаагүй, мөн хуульд зааснаар асрамжийн талаар тайлбар өгөх насанд хүрсэн хүүхэд эхийн хамт амьдрах болохоо илэрхийлсэн тул хүү Б.Оыг эх Б.Үгийн асрамжид үлдээж байна.  

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эцгийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан байдаг.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эхийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан хүү Б.Оыг сар бүр эцгээр нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Зохигч нь дундын эд хөрөнгийн талаар энэ хэрэгт маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 101 764 төгрөг гаргуулан 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д  зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 31 564 төгрөгийг төрийн санд тус тус олгов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон 

          

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бүжин овогт Ганзоригийн Б, Цогт овогт Баатархүүгийн Ү нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Б.Оыг эх Б.Үгийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Оыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Баар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Үд даалгасугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

                6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,

хариуцагчаас 101 764 төгрөг гаргуулан 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид, нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 31 564 төгрөгийг төрийн санд тус тус олгосугай.

                7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

                8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ