Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0885

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Б********

 

Хариуцагч: Онцгой байдлын ерөнхий газрын даргын хоорондын Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/1342 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цэргийн ахмад цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л******** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Б********ээс Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/1342 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цэргийн ахмад цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх-ээр маргаж байна.

 

2. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б/1342 дугаар Ц.Б********т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн 2021 оны зургадугаар хуралдааны шийдвэрээр Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед удаа дараа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, албан тушаалын үүргээ хэрэгжүүлээгүй Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогч, ахмад Ц.Б********т 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлд хандсаны дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 01/233 дугаар албан бичгээр ...шүүхийн байгууллагад хандах эрхтэй гэсэн хариу авсан байх ба уг албан бичгийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гардан авч, эс зөвшөөрөн 2022 оны 5 дугаар сарын 09-ний шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...1/ Миний бие "удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн", "Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн" гэх хуулийн урьдчилсан нөхцөл байдал бүрдээгүй, хангалттай тогтоогдоогүй байхад Зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоож, 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг цуглуулалгүй, 26 дугаар зүйлд зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй Ц.Б******** надаас холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож, сонсох ажиллагааг явуулаагүй шууд сахилгын хамгийн хүнд шийтгэлийг ногдуулан албанаас халсан. Үүний улмаас миний төрийн алба хаах, хөдөлмөрлөх, эрх ноцтой зөрчигдсөн.

 

2/ Маргаан бүхий тушаалд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4-т "утсаар санал авах" гэж заасныг үндэслэсэн байна. Гэвч надаас тушаал гарах өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газраас утсаар ярьж, "... таныг дуудаж, тайлбар авна" гэсэн тул миний бие Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот орохоор явж байхад үдээс хойш дахин утсаар холбогдож, түр байж бай, таныг дуудна" гэсэн боловч мөн өдөр тушаал гарсан байсан.

 

3/ Мөн тушаалд дурдагдаад байгаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн асуудал нь ажлын бус цагаар амралтын өдөр болсон. Тодруулбал, 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр буюу амралтын өдөр 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Ингэхдээ миний бие ажлын байранд байгаагүй, цэргийн дүрэмт хувцасгүй байсан. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч*********** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...1 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээ хийх журамд заасны дагуу нэхэмжлэгчээс цусанд шинжилгээг хийгээгүй байгааг анхаарч үзнэ үү.

 

2/ Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн тэмдэглэл дээр Ц.Б********тэй холбоотой удаа дараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх зүйл огт байдаггүй. Эмэгтэй албан хаагчдыг дарга нь ирээд загнахаар дарамт болдог учраас дохио өгөх үүднээс ажлаас халсан нөхцөл байдал харагдаад байгаа. Дохио өгөхөөр хүнийг ажлаас нь халж болдог юм уу. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.гэв.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г******** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 1/ Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "2021 оны 3 дугаар сараас хойш ахлах нягтлан бодогч болон газрын дарга ажлын байрны дарамт байнга үзүүлэн хавчин гадуурхаж, ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхийг удаа дараа шаардан ажил хийх боломжгүй нөхцөл байдлыг зориудаар бий болгосон..." гэх боловч энэ талаар баримт нотолгоо байхгүй, гаргасан зөрчил дутагдлаа засаж залруулах талаар шаардлага тавьсныг дарамт гэж ойлгож байгаа нь үндэслэлгүй байна.

 

Харин зөрчил дутагдал гаргаж түүний дагуу сахилгын шийтгэл хүлээсэн, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн асуудал нь нэг удаа биш бөгөөд алба хаагчийн амьдралыг нь харгалзан алдаа дутагдлаа засах боломж олгож байсан.

 

Нэхэмжлэгч Ц.Б******** нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн асуудлаа амралтын өдөр, ажлын бус цагаар буюу 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хэрэглэсэн гэх боловч 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажлын цагаар, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үндэслэлээр Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/1342 дугаар тушаалаар түүнд сахилгын шийтгэл ногдуулсан.

 

Энэ нь Цагдаагийн байгууллага болон холбогдох мэргэжлийн байгууллагын тодорхойлолт, мөн өөрийнх нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн гаргасан тайлбараар нотлогддог.

 

2/ Мөн нэхэмжлэлдээ ".... Захиргааны ерөнхий хуульд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримт цуглуулаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй..." гэсэн байна. Нэхэмжлэгч Ц.Б********ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх асуудлаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Шуурхай хуралдааны тэмдэглэл, 10 дугаар сарын 29-ний өдрийн Ёс зүйн албаны хурлын тэмдэглэл, 10 дугаар сарын 27-ны өдрийн ахмад Б.Б********ийн илтгэх хуудас, Сэлэнгэ аймгийн цагдаа, Нэгдсэн эмнэлэг, Шүүхийн шинжилгээний алба, цагдаагийн алба хаагч болон өөрийнх нь гаргасан тайлбаруудаар 0.44%-ийн согтолттой байсан нь тогтоогдож байна.

 

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны Б/1342 дугаар тушаалыг гарахаас өмнө Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Г.Б****** 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн 27 дүгээр зүйлийн 27.4.4-т зааснаар утсаар сонсох ажиллагаа хийсэн байдаг.

 

Тушаалд үндэслэл болгосон Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолд "төрийн албан хаагч ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, ...., хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох;"-oop зохицуулсны дагуу Онцгой байдлын байгууллагад алба хаах журамд тусган мөрдөн ажиллаж байна.

 

3/ Албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэдэгт 2020 оны шалгалтын дагуу гарсан зөвлөмж төлөвлөгөөнд тусгагдсан ажил байдаггүй. Мөн гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө хянаж баталгаажуулаагүй байсан.

 

4/ Согтууруулах ундаатай холбоотой асуудал дээр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч нэгж гэсэн үг. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн, Засгийн газрын тогтоол болон Онцгой байдлын Ерөнхий газрын даргын албан даалгавраар ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэвэл ажлаас хална гэх хатуу заалттай. Мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах байгууллагуудын жагсаалт гарсан, түүний дагуу ажиллах хуваарь гарсан. Түүнтэй офицер бүрэлдэхүүн танилцаж гарын үсэг зурсан байлаг. Тухайн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд 5 албан хаагч зам тээврийн осолд холбогдоход согтууруулах ундаа хэрэглэсэн, худалдаж авсан, гаргасан нөхцөл байдал дээр Ц.Б******** оролцсон. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа хурал дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд нэхэмжлэгчийг Цагдаагийн байгууллага дээр аваачиж согтолтын зэргийг тогтоолгоод ир гэж явуулсан боловч гэртээ очиж хоол идсэний дараагаар драгер багажаар үлээлгэхэд 0,44 хувийн согтолттой гарсан. Өөрөө салимон уусан гэдэг ба салимон нь согтолтын зэрэг нөлөөлөхгүй. Нэхэмжлэгч Ц.Б******** нь тухайн өдөр шуурхай удирдлагын зохицуулагчийн албан үүргийг гүйцэтгэж байхдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэж Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалыг гаргасан. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Б********ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

 

Нэхэмжлэгч Ц.Б******** тус шүүхэд хандаж Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/1342 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цэргийн ахмад цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ...2021 оны 3 дугаар сараас хойш Ахлах нягтлан бодогч болон Газрын дарга ажлын байрны дарамт үзүүлж хавчин гадуурхаж ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхийг удаа дараа шаардан ажил хийх боломжгүй нөхцөл байдлыг зориудаар бий болгож...,албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэх урьдчилсан нөхцөл бүрдээгүй, хангалттай тогтоогдоогүй байхад...сонсох ажиллагаа явуулахгүйгээр шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэх асуудал нь ажлын бус цагаар, амралтын өдөр болсон... гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/1342 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, 30.1.19, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.4, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.3, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар албан даалгаврыг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн 2021 оны зургаадугаар хуралдааны шийдвэрээр Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед удаа дараа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, албан тушаалын үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Б********Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:, 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна, 48.1.3-т төрийн албанаас халах; гэж тус тус заажээ.

 

Засгийн газрын 2018 оны Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоолын 1-д Дараах арга хэмжээ авч ажиллахыг ...Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт үүрэг болгосугай 1.7-д төрийн албан хаагч ..., ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа...хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох-оор, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Сахилга хариуцлага, дэг журмыг өндөржүүлэх тухай 03 дугаар албан даалгаврын 1.6-д Албан хаагчид ажлын болон ажлын бус цагаар...архидан согтуурсан, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан бол төрийн албанаас халах хүртэлх сахилгын хариуцлага ногдуулах-аар тус тус заажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

 

- Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/114 дүгээр тушаалаар Ц.Б********т үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, тус газрын даргын өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй бөгөөд хугацаа хоцроож тайлагнасан, ажлын цаг ашиглалт хангалтгүй, удирдлагыг үнэн бодит мэдээллээр хангаж ажиллаагүй гэх үндэслэлээр албан тушаалын үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан,

 

-Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын шуурхай хурлын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэлээс үзвэл Газрын дарга, дэд хурандаа Г.Г********аас а/х Ц.Б********архи уусан байна, одоо зогсож чадахгүй согтуу байна, ахмад Б.Б********э Цагдаагийн газарт оруулж үлээлгэж согтолтын зэрэг тогтоож илтгэх хуудсаар танилцуул гэж үүрэг өгсөн,

 

-Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Орон тооны бус Ёс зүйн албаны хурлын 2021 оны 10 дугаар сарын 29-ний хурлын тэмдэглэлд Ц.Б********ээс ...2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 9,00 цагт Соёмбо танхимд шуурхай хуралд суусан, 11 цагт яаралтай бичиг явуулах болсон тул өрөөндөө сууж байхдаа Салимон...тагаар нь нэг уусан, 0,44% согтолттой /нэхэмжлэгч тийм гэж зөвшөөрсөн/ гэж тэмдэглэн, тус зөвлөлөөс Ахмад Ц.Б******** нь Засгийн газрын 2021 оны 259 дүгээр тогтоол, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 3 албан даалгавар, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.17, мөн түүнчлэн сахилгын шийтгэлтэй /Цэргийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалт алба тушаалын үүрэгтээ тэнцэхгүй тухай харьяа анги байгууллагын захирагч даргын дүгнэлт гарсан/, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны Б/683 дугаар тушаал/ байх хугацаандаа давтан зөрчил гаргасан тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасны дагуу төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах санал гаргасан,

 

- Тус зөвлөлөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Онцгой байдлын Газрын дарга Г.Г********ад илтгэх хуудсаар дээрхи саналыг хүргүүлсэн, түүнчлэн Ц.Б********ээс ...0,44% согтолтын зэрэгтэй гарсан-ыг өөрөө хүлээн зөвшөөрч илтгэсэн, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 31/450 дугаар албан бичгээр Аймгийн нэгдсэн эмнэлгийн даргад хандаж салимоны спиртэн хандыг өдөрт хэрэглэх жор, согтолтын зэрэг тогтооход хэр зэрэг нөлөөлөх талаар мэргэжлийн эмчийн тайлбар ирүүлэхийг хүссэний хариуд ...салимоны нэг удаагийн хэрэглээ 25 дусал, 0,8 мл гэж тодорхойлсон, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 сарын 02-ны албан бичигт ...салимоныг насанд хүрсэн хүн өдөрт 3-4 удаа, 1 удаагийн хэрэглээ нь 25-30 дусал буюу нэг цайны халбагаар хэрэглэнэ, энэ нь согтолтын зэрэгт нөлөөлөхгүй... гэж тус тус тодорхойлсон,

 

Нэхэмжлэгч Ц.Б******** 2021 оны 10 сарын 28-нд ...хурлын дундаас гарч өрөөндөө ороод салимон уугаад байж байтал дарга дуудсан, хөл өвдөөд бага зэрэг чирээд явж байсан, драгер үлээхэд 0,44 гарсан гэж илтгэх хуудас бичсэн, мөн 2021 оны 11 сарын 03-нд ...2021 оны 5 сарын 15, 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэж ёс зүйн зөрчил гаргасан, гаргасан дутагдалдаа гэмшиж байна, цаашид сэлгэн ажиллах хүсэлтэй байгааг шийдвэрлэж өгнө үү, гаргасан алдаагаа давтан гаргахгүй ажиллах болно гэж өргөдөл бичсэн,

 

-Тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1-д Онцгой байдлын ерөнхий газрын ажилтан, албан хаагч дараах зөрчлийг гаргасан тохиолдолд цэргийн албаны сахилгын дүрэм, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэж, 8.1.8-д ажлын байранд болон алба үүргээ гүйцэтгэх үедээ согтууруулах ундаа хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирэх, ажлын өрөө тасалгаа, зориулалтын бус газарт утаат тамхи татах 10.3-т Энэхүү журмыг давтан буюу ноцтой зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх асуудлыг Захиргааны удирдлага хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж хариуцна гэж тус тус заасан,

 

Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 06 дугаар хурлын тэмдэглэлд ...удаа дараа архи, согтууруулах ундаатай холбоотой сахилгын зөрчил, дутагдал гаргасан Ц.Б********ийг халах сахилгын шийтгэл ногдуулах-ыг Захиргааны удирдлагын газар /хурандаа Л.Б**********/-т даалгасан үйл баримтууд тус тус тогтоогдов.

 

Дээр дурдсан үйл баримтууд болон хуулийн заалтуудаас үзвэл нэхэмжлэгч Ц.Б******** нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь 2021 оны 10 сарын 27-ны өдрийн шуурхай хуралдааны тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Орон тооны бус ёс зүйн албаны хурлын тэмдэглэл /салимон уусан гэж тайлбар гаргасан/, 2021 оны 10 дугаар сарын 27-нд Ц.Б********ийн өөрийнх нь бичсэн илтгэх хуудас, Салимоны ханд нь согтолтын зэрэгт нөлөөлөхгүй талаарх эрх бүхий байгууллагын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдсон, энэ үндэслэлээр Ц.Б********ийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Тухайлбал, тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэж сахилгын шийтгэл хүлээлгэхээр зохицуулсан, нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн...ажлын бус цагаар, амралтын өдөр болсон асуудал гэж маргасан боловч нэхэмжлэгчийг төрийн албанаас халахаар шийдвэрлэсэн тушаал нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан зөрчилд холбогдуулан гаргасан тушаал байх тул нэхэмжлэгчийн энэ тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

 

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно. 27.4-т Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна:, 27.4.4-т утсаар санал авах; гэж заасан, нэхэмжлэгч нь мэдэгдэх сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргасан боловч хэрэгт цугларсан нотлох баримт болох 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Захиргааны шийдвэрийн төсөл танилцуулах хуудас-аар нэхэмжлэгч Ц.Б********т мэдэгдсэн, тэрээр хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг утсаар өгсөн, энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагыг сонсох ажиллагаа явуулаагүй гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг захиргааны акт гаргахдаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн нь үндэслэлгүй хэмээн маргасан, маргаан бүхий захиргааны актад албан тушаалын үүргээ хэрэгжүүлээгүй гэж дурдсан байх хэдий ч хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл тухайн асуудал нь тушаалын гол үндэслэл болоогүй, харин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажлын байрандаа согтуу байсан гэх үйл баримтыг голлон уг тушаалыг гаргасан гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан хориглосон заалтуудыг мөрдөж ажиллах үүрэгтэй, гэтэл Ц.Б******** нь хуулийн 37.1.7-д заасан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх заалтыг зөрчсөн нь нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасан шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн, уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь ...2021 оны 3 дугаар сараас хойш ахлах нягтлан бодогч болон газрын дарга ажлын байрны дарамт байнга үзүүлэн хавчин гадуурхаж, ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхийг удаа дараа шаардан ажил хийх боломжгүй нөхцөл байдлыг зориудаар бий болгосон..." гэх үндэслэл дурдаж маргасан хэдий ч тухайн үйл баримтууд нь нотлох баримтуудаар тогтоогдоогүй, нөгөө талаар маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр зохих журмын дагуу явуулсан хяналт шалгалтын явцад цугларсан нотлох баримтууд болон Ёс зүйн хорооны хурлын шийдвэр зэрэгт үндэслэн гарсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөн шүүхийн энэ шийдвэрээр нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн захиргааны актыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч Ц.Б********ээс гаргасан урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цэргийн ахмад цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгов.

 

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.            Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б********ээс гаргасан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/1342 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цэргийн ахмад цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН