Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/288

 

 

 

 

 

 

    2021         03           23                                       2021/ДШМ/288

 

 

Б.А, Л.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ариунболд,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч А.Ариунаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Б.....ийн өмгөөлөгч А.Ариунаагийн гаргасан давж заалдах гомдлоор Б.А, Л.Б нарт холбогдох эрүүгийн 1806038880385 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. .............., 19.... оны..... дугаар сарын ..........-ны өдөр .......... аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Чулуут конкрет” зуурмагны үйлдвэрийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ...............дүүргийн ........ дүгээр хороо, .........хорооллын ........... дугаар байрны ......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..................../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

2. ..............., 19............ оны 7 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ................. дүүргийн ............. дугаар хороо ............... хотхоны 830 дугаар байрны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................./;

Б.А нь Л.Бтэй бүлэглэн 2017 оны 4 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд иргэн Н.Мөнхсоёлоос “Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, “Sunny town” хотхоны байранд байрлах 77 мкв 3 өрөө байр зарна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, бэлнээр 10,000,000 төгрөг, дансаар 5,000,000 төгрөг, 2006 оны Lexus IS250 маркийн автомашиныг 15,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлэн авч, нийт 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sunny town” хотхоны 830 дугаар байрны 68 тоот байрыг “10 хувийг нь өгөөд үлдсэнийг нь 4 жилийн хугацаатай хувь лизинг хийгээд худалдан авч болно” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, иргэн А.Нямдаваагаас нийт 47,000,000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч залилсан,

Л.Б нь Б.Атэй бүлэглэн 2017 оны 4 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд иргэн Н.Мөнхсоёлоос “Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, “Sunny town” хотхоны байранд байрлах 77 мкв 3 өрөө байр зарна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, бэлнээр 10,000,000 төгрөг, дансаар 5,000,000 төгрөг, 2006 оны Lexus IS250 маркийн автомашиныг 15,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлэн авч, нийт 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хооронд иргэн Б.Эрдэнэ-Оргилыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, барилгын шат, түлш, монгол гэр зэрэг нийт 30,867,650 төгрөгийн эд зүйл болон бэлнээр 3,650,000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 34,517,650 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Б, Б.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .............................. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийг бүлэглэн их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Б, Б.А нарыг тус тус 2 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Б.А нарт оногдуулсан 2 жил хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Б, Б.А нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б 14 хоног, Б.А 152 хоног тус тус цагдан хоригдсоныг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Аээс 43.000.000 төгрөг гаргуулан хохирогч А.Нямдаваад, 13.904.656,5 төгрөг гаргуулан хохирогч Н.Мөнхсоёлд тус тус олгуулж, шүүгдэгч Л.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан утасны яриа бүхий флаш дискийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Б, Б.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Бямба-Эрдэнийн өмгөөлөгч А.Ариунаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1323 тоот магадлалд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн “Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаасан үндэслэлийг заагаагүй” гэсэн зөрчил засагдаагүй байна. Шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие нь шүүгдэгч Л.Б нь хохирогч Б.Эрдэнэ-Оргилтой зээлийн гэрээ байгуулан эд зүйлс авсан бөгөөд зээлийн гэрээг дүгнэсэн акт үйлдсэн, зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж, Б.Эрдэнэ-Оргилоос зээлж авсан мөнгө, эд зүйлсийг хүү, алдангитай нь тооцож бүрэн төлж барагдуулсан тул залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй эсэхийг хянан үзэхийг хүссэн бөгөөд ингэхдээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт авагдсан шүүгдэгч Л.Б, хохирогч Б.Эрдэнэ-Оргил нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, гэрээ дүгнэсэн акт, гэрээний дагуу төлбөр төлсөн баримт зэргийг шинжлэн судлахыг хүссэн боловч миний энэ саналыг шийтгэх тогтоолд огт тусгаагүй, шүүгдэгч Л.Бямба-Эрдэнийн дээрх үйлдэл нь ямар нотлох баримтуудаар залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна, миний санал ямар нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгааг огт дурдаагүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар “Шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тусгаагүй” шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал байсаар байхад дурдаагүй, харгалзан үзээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь хохирогч Н.Мөнх-Соёлоос 30.000.000 төгрөг Л.Бтэй бүлэглэн, залилан мэхэлж авсан үйлдэлд зохион байгуулагчаар Л.Б хамжигчаар оролцсон болох нь нотлогдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд зааснаар “Гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах” зарчим зөрчигдсөн байна. Учир нь, энэ хэрэгт хамжигчаар оролцож, улмаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгч Л.Б, хэрэгт зохион байгуулагчаар оролцож гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй Б.А нарт ижил ял оногдуулсан бөгөөд ингэж оногдуулах болсон үндэслэлээ тайлбарлаагүй байна. Шүүгдэгч Л.Б нь 0-7 насны 4 хүүхэдтэй, хамгийн бага хүүхэд нь 2021 оны 1 дүгээр сарын 26-нд төрсөн, эхнэр Шинэбаяр нь төрөх гэж эмнэлэгт хэвтэх үед нь гэрт байх 1 нас 5 сартайгаас 7 нас хүртэл 3 хүүхдүүдийг харж, харгалзах хүнгүй Багануур дүүргийн гэр бүл хүүхэд хөгжлийн төвөөс гаргасан шинжээчийн дүгнэлтээр хүүхдүүд нь өндөр эрсдэлтэй нөхцөлд байгааг тодорхойлсон байдаг. Мөн шүүгдэгч Л.Бямба-Эрдэнийн оршин сууж байгаа байрыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хураан авсан тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд одоо нялх биетэй, эхнэр 4 хүүхэд нь харж хамгаалах, тэжээн тэтгэх хүнгүй гудамжинд гарахад бэлэн маш хүнд байдалд байна. Иймд шүүгдэгч Л.Бд хорих ял оногдуулснаар дөрвөн нялх хүүхдүүдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх эмзэг нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж торгуулийн ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч Л.Б нь бетон зуурмагийн цех түрээслэн ажиллуулдаг бөгөөд барилгын ажил эхлэх үед уг цехийг ажиллуулан торгуулийн ялыг төлж барагдуулах бүрэн боломжтой.” гэв.

Шүүгдэгч Л.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие буруу үйлдэл гаргасан болохоо ухаарч, ойлгож маш их гэмшиж байна. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Хүүхдүүд маань асран хамгаалах хүнгүй, аавыгаа хаашаа явсан болохыг ойлгохгүй хүлээгээд байж байгаа. Эхнэр минь учраа олохгүй 0-7 насны хүүхдүүдтэйгээ үлдсэн. Маш их хүнд байдалд байгаа. Ар гэрийн байдлыг харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Л.Бд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотолбол зохих байдлууд бүрэн дүүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Б.А нь Л.Бтэй бүлэглэн 2017 оны 4 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд иргэн Н.Мөнхсоёлоос “Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, “Sunny town” хотхоны байранд байрлах 77 мкв 3 өрөө байр зарна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, бэлнээр 10,000,000 төгрөг, дансаар 5,000,000 төгрөг, 2006 оны Lexus IS250 маркийн автомашиныг 15,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлэн авч, нийт 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sunny town” хотхоны 830 дугаар байрны 68 тоот байрыг “10 хувийг нь өгөөд үлдсэнийг нь 4 жилийн хугацаатай хувь лизинг хийгээд худалдан авч болно” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, иргэн А.Нямдаваагаас нийт 47,000,000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч залилсан,

Л.Б нь Б.Атэй бүлэглэн 2017 оны 4 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд иргэн Н.Мөнхсоёлоос “Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, “Sunny town” хотхоны байранд байрлах 77 мкв 3 өрөө байр зарна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, бэлнээр 10,000,000 төгрөг, дансаар 5,000,000 төгрөг, 2006 оны Lexus IS250 маркийн автомашиныг 15,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлэн авч, нийт 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хооронд иргэн Б.Эрдэнэ-Оргилыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, барилгын шат, түлш, монгол гэр зэрэг нийт 30,867,650 төгрөгийн эд зүйл болон бэлнээр 3,650,000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 34,517,650 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Н.Мөнхсоёлын “...2017 оны 4 дүгээр сарын дунд үеэр манай гэр бүлийн найзууд болох Нямдаваа түүний эхнэр Пүрэвжаргал нар нь “sunny town”-д урьдчилгаа 30 хувиа төлчих юм бол үлдсэн мөнгийг нь 2 жилийн хугацаанд ямар ч хүүгүй өгөөд байр авч болох юм байна. Бид хоёр Азнэмэх гэдэг залуугаас авсан. Энэ хүн бол найдвартай хүн байгаа. Манай байрны 3 давхарт амьдардаг гэж хэлсэн. Тэгээд намайг Нямдаваа, Пүрэвжаргал хоёр Азнэмэх гэдэг залуутай “sunny town”-ны гадаа танилцуулж, би Азнэмэх гэдэг залууд өөрийнхөө байр авах боломжоо танилцуулахад Азнэмэх гэж залуу нь урьдчилгаа мөнгөө гаргаад өгчих юм болно гэж хэлээд “sunny town”-д хоёр байр үзүүлсэн. Тэр Бямба-Эрдэнэ гэх залуу хамт ирж тэр залуутай танилцуулсан. Азнэмэхийн үзүүлсэн 2 байрны нэг нь 2 өрөө, нөгөө нь 3 өрөө байр байсан. Тухайн үед надад 3 өрөө байр нь таалагдсан тул 3 өрөө байрыг авахаар болж би Азнэмэх гэдэг залууд урьдчилгаа мөнгөө бэлдээд эргээд холбогдоно гэж хэлээд 2-3 хоногийн дараа Азнэмэхтэй холбогдож нөгөө байрыг эгч, ах нартаа үзүүлмээр байна гэхэд би завгүй байна, Бямба-Эрдэнэтэй холбогдоод уулзаад шийдчихээ, угаасаа гэрчилгээ нь Бямба-Эрдэнийн нэр дээр байгаа гэж хэлсэн. Тэгээд би Бямба-Эрдэнэтэй 99999021, 99119153 гэсэн дугааруудаар холбогдож байраа ахиж нэг үзсэн. Тэгээд би Бямба-Эрдэнэтэй тохиролцоод урьдчилгаа мөнгө өгч авахаар болсон. Би тухайн үед машинаа зарах гээд зар тавьчихсан байсан. Тэгэхэд Бямба-Эрдэнэ чиний машиныг урьдчилгаа мөнгөнд оруулж тооцоод машиныг чинь авья гэж хэлээд дараа нь Бямба-Эрдэнэ машины ченжтэй ирж миний машиныг 15.000.000 төгрөгөнд бодож авсан. Би машинаа өгөхдөө “sunny town”-ний гадаа аваачиж өгсөн. Дараа нь 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Бямба-Эрдэнийн данс руу 5.000.000 төгрөгөө шилжүүлсэн. Тэгээд Бямба-Эрдэнэ нь намайг урьдчилгаа мөнгө чинь хүрэхгүй байна. Үлдэгдэл мөнгөө яаралтай өг гээд яаруулаад байхаар нь би 2017 оны 4 дүгээр сарын 26-нд “sunny town”-ний гадаа 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд би 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Солонгос улс руу ажлаар яваад 1 сар 10 хоног орчим болж ирсэн. Солонгост байхдаа Бямба-Эрдэнэтэй утсаар ярихад “өө чамайг ирэхэд байр чинь бэлэн болно” гэж надад хэлсэн болохоор тухайн үед би юм бодоогүй. Тэгээд намайг Монголд ирэхэд “Sunny town”-ний гэрчилгээ нь гараагүй байсан. Удалгүй “Sunny town”-ноос хүн үсэрч нас барсан гэж сонсоод ер нь больдог юм билүү гэж бодсон. Тэгээд би 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Бямба-Эрдэнэтэй уулзаад байрны гэрчилгээ болон хүн үсэрч нас барсан талаар асуухад харин тиймээ хүн үсрээд нас барсан ер нь “Sunny town”-ний барилга угсралт муу, хужаа нар барьсан дэмий барилга чамд таалагдахгүй байгаа бол өөр байр сонирхож болно шүү дээ, чи урьдчилгаа мөнгөө өгчихсөн юм чинь гэж хэлсэн. Тэгээд надад цэцэрлэгт хүрээлэнд байдаг “Sunshine village” болон зайсанд байдаг Энхжин хотхон, Нүхтэд байдаг бас нэг таун хаусыг санал болгосон. Тэгээд тэрнээс хойш байрны гэрчилгээ гарахдаа уддаг бартерын байрнуудын дотор засал жаахан уддаг гэх мэтээр цаг хугацаа хожиж худал ярьсаар сүүлдээ 2017 оны 9 дүгээр сард Нүхтэд байдаг байрыг надад өгөхөөр болсон. Би тухайн үед гадагшаа хэлний бэлтгэлд яваад 2017 оны 11 дүгээр сард ирсэн. Тэгээд 2017 оны 12 дугаар сараас эхлэн ер нь намайг залилсан байна гэдгийг мэдсэн. ...” /1хх 21-22/,

хохирогч Б.Эрдэнэ-Оргилын “...Би “Эрд хул” ХХК-иас 22 сая төгрөгийн авлагатай байсан бөгөөд үүнийхээ оронд 11760 литр түлш авахаар тохирсон. Тэгээд би энэ түлшийг юунд зарцуулах вэ гээд байж байтал зүс таних Бямба-Эрдэнэ гэгч нь хороололд 49 сая төгрөгийн үнэтэй 1 өрөө байр байгаа, түлшээ надад өгөөд үлдэгдэл мөнгийг нь дараа өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би түлшээ өгөөд байрыг нь үзье гэтэл үзүүлэхгүй, янз бүрээр шалтаг тоочоод байсан. 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Бямба-Эрдэнэ нь том машинтай “Эрд хул” компанийн нэрийн өмнөөс Сонгинохайрхан дүүргийн хуучин товчооны тийшээ “Фламинго” гэх газарт очиж 12250 литр түлш авсан бөгөөд бодоод үзэхээр 22.907.500 төгрөг болж байгаа. Дээрх зөрүү 907.500 төгрөгийг би “Эрд хул” компанитай яриад тохирчихсон юм. Тэгээд дараа нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Бямба-Эрдэнэ нь надаас Монгол гэр авсан бөгөөд чи бид хоёр байрны тооцоо байгаа юм чинь тэрэн дээрээ нэмээд тооцчихъё гэхээр нь өгсөн уг гэрийг бид хоёр 2 сая төгрөгөөр бодож хүнээс авсан бөгөөд уг гэрийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Өгөөмөр захын урд байрлах “Халх орд” гэх газраас авсан байсан. 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Бямба-Эрдэнэ нь надаас нэг ширхэг нь 100,000 төгрөгийн үнэтэй 86 ширхэг шатыг мөн байрны тооцоотой юм чинь гэж хэлсэн. Надтай хамт ажил хийдэг хүн байгаа шатаа энэ хүнд өгөөд явуулчих, би мөнгийг нь гаргаад өгье гэж хэлээд авсан, уг шатыг бага тэнгэрийн аманд байрлах компанийн агуулахаас очиж авсан. 2018 оны 8 дугаар сарын 24-ны өдөр 2 сая төгрөгийг Бямба-Эрдэнийн данс руу шилжүүлсэн. Тэр үед Бямба-Эрдэнэ 600.000.000 төгрөгийн тендер чамд шагнал өгнө гэж хэлж байсан. Мөн 2018 оны 8 дугаар сарын 16-нд 1,650,000 төгрөгийг дансаараа авсан. Нийт надад 36.250.000 төгрөгийн хохирол учруулсан. ...” /2хх 201-203/,

хохирогч А.Нямдаваагийн “...2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Санни таун” хотхоны 830-68 тоотод бэлнээр 9.000.000 төгрөгийг Азнэмэхэд хүлээлгэн өгсөн, 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Sunny town” хотхоны 830-68 тоотод Азнэмэхийн Голомт банкны 212000136 дугаартай данс руу 5.000.000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Sunny town” хотхоны 830-68 тоотод бэлнээр 500,000 төгрөгийг Азнэмэхэд өгсөн. Тухайн өдөр данс руу нь 500,000 төгрөгийг, 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Азнэмэхийн Голомт банкны данс руу 9.000.000 төгрөг, тэгээд 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Голомт банкны данс руу 5.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкны 5040030587 дугаартай данс руу 500,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны 50331027431 дугаартай Азжаргал гэх данс руу 1,500,000 төгрөг, нийт 47,000,000 төгрөгийг өгчихсөн байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Sunny town” хотхоны 830-68 тоот байр нь 3 өрөө 74 м.кв 1 кв-ыг 2,000,000 төгрөгөөр бодож бид нарт өгнө гэж хэлсэн боловч худал хэлээд залилаад алга болсон. ...” /3хх 32-33/ гэх мэдүүлгүүд,

флаш дискэнд үзлэг хийсэн “...Мөнхсоёлоос: Одоо тэгээд Бямбаад би 30 сая төгрөг өгсөн, гэхдээ чи 20-г нь өгье гэсэн шүү дээ, гэхдээ одоо чи Бямбаагийн өмнөөс төлөх шалтгаан яг юу байна гэж хэлэхэд юу ч байхгүй, Бямбаа намайг тэр үед Болдоо ахад яагаад байрны мөнгө төгрөг төлүүлсэн гэхээр наадуул чинь хүн амьтнаа явуулж миний эхнэрийг алах, талах дээрээ тулсан байхгүй юу, би тэрнээс л болж төлчихсөн юм гэв. Мөнхсоёлоос: Одоо тэгээд миний өрийг Бямбаа төлөхгүй, чи төлөхгүй л бол дахиад чиний эхнэр хүүхдийг заналхийлнэ гэсэн үг үү, тэгээд чи айгаад байгаа юм уу гэхэд үгүй тийм зүйл бол байхгүй, одоо чи бас хохирчихоод байна, өөр улсууд бол Бямбаагаар дамжуулаад Азаа авсан гэж ойлгож байгаа байх гэв. Тэгэхэд “...гэхдээ одоо найз аа чи бол сайн мэдэж байгаа, хамгийн анх Нямдаваа, Пүрэвжаргал гэдэг хоёр хүн намайг чамтай Санни товны гадаа танилцуулсан, зуучилсан, за ок би чамтай л байрны талаар ярьж байсан тэ, Саннид 3 байр байна, үзье харъя гээд би ороод хүртэл үзээд түлхүүрээ хүртэл аваад явж байсан, дараа нь гэнэт чи ямар нэгэн ажилтай, би ийшээ уурхай руу явлаа, тэглээ, ингэлээ, манай компанийн захирал гэж бас бүх ордерууд нэр дээр нь байдаг Бямба-Эрдэнэтэй чи холбогдоод, энэ хүнтэй л гэрээ хэлэлцээрээ хийчих гээд намайг Бямбаатай танилцуулсан тийм үү, тэгэнгүүт одоо Бямбаа алга болчихоор найзад нь чамаас өөр холбогдох хүнгүй болчхоод байна гэхэд Азнэмэхээс: яг одоо Соёлоо чи ингэж ойлгоорой, яг үнэндээ би чинь яг Бямбаагийн асуудлаас болж яг хэдэн жил аягүй хүнд байдалтай байгаа, би зүгээр хүн чанарын үүднээсээ л, чи ялгаагүй залуу хүн, надад мөнгө болох боломж бололцоо байна, чам руу төлөөд өгье, гэхдээ би гүйцэт төлж чадахгүй нь, харин хоёулаа хайж байгаад Бямбааг ямар нэгэн байдлаар ольё, авъя гэж хэлсэн нь тэр байхгүй юу. Би хүн чанарын үүднээсээ өгье, төлье, одоо Нямдаваа руу өгөх ёстой мөнгийг хүртэл яахав яг үнэндээ би гардаад авчихсан, гэхдээ Бямбаа л авсан байхгүй юу,тэгээд одоо би яахав дээ эхнээс нь Нямдаваатай ок, би төлье гэдгээрээ явсан, гэхдээ Би бол төлөхгүй гэж байгаа биш, төлөөд өгнө, би эцсийн сүүлд нь энэ юмнууд дууссаны дараа би өөрөө Бямбаатай өөр аргаар үзэх гээд байгаа юм гэв. Мөнхсоёлоос: Би чинь Бямба-Эрдэнийг алга болчихлоо, асуудал үүсгэчихлээ гэж бодоод байсан чинь сүүлд Нямдаваа, Пүрэвжаргал 2 хүртэл байсан Санни товны байрнаас хөөгдөөд, авсан байр нь биш болж таараад тэр хоёр чинь гудамжинд гарах дээрээ тулаад хадам аавынхаа гэрт оччихсон байгаа юм байна лээ ш дээ. Тэгээд би чинь чамд 100 хувь итгээд яваад байсан хүн чинь чи бас Нямдаваа, Пүрэвжаргал хоёрыг ингэчихсэн гэхээр би бүр гайхаад хэлж байгаа байхгүй юу. ...” /1хх 54-55/ гэх тэмдэглэл,

орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /2хх 167-169/, “Дамно” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн БЗ1-20-825 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 41-42/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 8/795, 8/592, 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 8/157 дугаартай албан бичиг /1хх 60, 235, 2хх 235/, шүүгдэгч Б.Аийн Хаан банкны дипозит дансны хуулганы баримтууд /1хх 81-94/, шүүгдэгч Л.Бямба-Эрдэнийн Хаан банкны дипозит дансны хуулганы баримт /1хх 99-106/, шүүгдэгч Л.Бямба-Эрдэнийн Хас банкны дансны хуулга /2хх 246-247/, хохирогч А.Нямдаваагийн Хаан банкны дансны хуулга /3хх 175-176/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.А, Л.Б нарыг залилах гэмт хэргийг бүлэглэн их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.А, Л.Б нарын бүлэглэн иргэн Н.Мөнхсоёлоос “Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, “Sunny town” хотхоны байранд байрлах 77 мкв 3 өрөө байр зарна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, бэлнээр 10,000,000 төгрөг, дансаар 5,000,000 төгрөг, 2006 оны Lexus IS250 маркийн автомашиныг 15,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлэн авч, нийт 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Аийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sunny town” хотхоны 830 дугаар байрны 68 тоот байрыг “10 хувийг нь өгөөд үлдсэнийг нь 4 жилийн хугацаатай хувь лизинг хийгээд худалдан авч болно” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, иргэн А.Нямдаваагаас нийт 47,000,000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авсан,

шүүгдэгч Л.Бямба-Эрдэнийн иргэн Б.Эрдэнэ-Оргилыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, барилгын шат, түлш, монгол гэр зэрэг нийт 30,867,650 төгрөгийн эд зүйл болон бэлнээр 3,650,000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 34,517,650 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгч Б.А, Л.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Шүүгдэгч Л.Бямба-Эрдэнийн өмгөөлөгч А.Ариунаа “...Л.Бд хорих ял оногдуулснаар дөрвөн нялх хүүхдүүдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх эмзэг нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж, торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Л.Бямба-Эрдэнийн өмгөөлөгч А.Ариунаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн зүйлийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Л.Бямба-Эрдэнийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй болон түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Л.Бямба-Эрдэнийн өмгөөлөгч А.Ариунаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч .нарыг тус тус 2 жил хорих ялаар шийтгэсүгэй.” .................гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ..................... 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Лхасүрэнгийн Бямба-Эрдэнийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Б.А нарт оногдуулсан 2 жил хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Аэд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Бямба-Эрдэнийн өмгөөлөгч А.Ариунаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ                                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ

                  ШҮҮГЧ                                                      Д.МЯГМАРЖАВ