| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00820/И |
| Дугаар | 156/шш2020/00861 |
| Огноо | 2020-12-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 156/шш2020/00861
156/ШШ2020/00861
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00820/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд оршин суух, Б.Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1 дүгээр хороонд оршин суух, Х.Б-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц, хариуцагч П.Б/онлайнаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Бтэй 2012 оны 05 дугаар сарын 29-ны өдөр гэр бүл болж, 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр охин Б.М, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Б.М нарыг төрүүлж хамт 8 жил амьдарсан. П.Бнь 2020 оны 3 сард надаас салж өөр хүнтэй гэр бүл болж надтай хамт амьдрахаа больсон. Иймд охин Б.М, Б.М нарт эцэг П.Бээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч П.Бнь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Гын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Б.Гтай 2012 онд гэр бүл болж, 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр охин Б.М, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Б.М нар төрсөн. Б.М, Б.М нар нь миний хүүхэд мөн учир хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч П.Бд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч П.Бнь нэхэмжлэгч Б.Гын шүүхэд гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан.
Өөрөөр хэлбэл Б.Г, П.Бнар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцэг П.Бнь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул охин Б.М, Б.М нарыг эх Б.Гын асрамжид үлдээж, эцэг П.Бхуульд заасан тэтгэлгийн хувь хэмжээгээр охин Б.М, Б.М нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч охин Б.М, Б.М нарыг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцоно.
Иймд 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Б.М, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.М нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.Бээр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Гд даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Бээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гд олгож, мөн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хоёр хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 2,420,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53,676 төгрөгийг хариуцагч П.Бээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Б.М, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.М нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.Бээр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Гд даалгасугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Бээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гд олгож, мөн хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хоёр хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 2,420,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53,676 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА