Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 129/ШШ202100178

 


129/ШШ2021/00178

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын 22-09 тоотод оршин суух Б овгийн Р.Г-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 51-09 тоотод оршин суух Х овгийн Э.О-д  холбогдох

Машин буюу түүний үнэ 18.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Г, хариуцагч Э.О , хариуцагчийн өмгөөлөгч С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай эхнэрийн төрсөн ах С-ын эхнэр Э.О гэр бүлээ цуцлуулж хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Гэтэл 2020 оны 03 сард хүүхдийн тэтгэлэгийн мөнгийг бөөнөөр нь өгчихвөл би гэр орноо авна. Шүүхэд гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах дундын эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлээ буцаан авч, зөвхөн гэрлэлтээ цуцлуулна, бусад нэхэмжлэлээсээ татгалзана гэж хадам ээж Ч.Дэнсмаатай ярьсан байсан. Ингээд ээж эхлээд хүний зарах байшинг авч өгөх бодолтой очиж үзээд Э.О-д хэлэхэд очиж үзээд голоод авахгүй гэсэн байсан. Тэгэхээр нь бид ярилцаж байгаад миний унаж байсан 78-07 УБЦ улсын дугаартай Ланд 100 маркийн машиныг зараад мөнгийг нь бөөнөөр нь өгөх үү гэж ярилцаж байтал тэрнийг мэдээд би машиныг чинь зарах арга олсон машиныг чинь авчихъя гэж мессеж бичиж утсаар ярьж байгаад 2020 оны 03 сарын 29-ний өдөр би өөрөө машинаа аваачиж өгсөн. Машиныг тухайн үед 18.000.000 төгрөгөөр бодож авъя гэснээ яг өгөх гээд очиход машиныг 17.500.000 төгрөгөнд бодож авна. Дээр нь 500.000 төгрөг бэлэн өг гэсэн. Би машинаа өгөөд маргааш нь буюу 2020 оны 03 сарын 30-ны өдөр 500.000 төгрөгийг өөрийнх нь данс руу бэлнээр хийсэн. Тухайн үед ээж Дэнсмаа Э.Оюумаатай холбогдоод хүүхдийн тэтгэлэгийн мөнгийг бөөнөөр нь өгөөд шүүхээр шийдүүлэхгүй боллоо гээд яваад байсан болохоор би өөрсдөө учраа олж байгаа л юм бодсон. Энэ машин тэрэг мөнгө төгрөгийг хүүхдийн тэтгэлэг гаргуулах дундын эд хөрөнгө гэр оронд тооцоод өгөөд байгааг С.Сүхбаатар огт мэдээгүй. С.Сүхбаатар эрхэлсэн ажилгүй бие муу шөнө унтаж байгаад унаж татдаг өвчтэй ямар ч орлогогүй болохоор л ээж маань өмнөөс нь өгчихье гэж бодсон байх. Иймд би Э.Оюумаагаас өгсөн машин буюу түүний үнэ 18.000.000 төгрөгийг Э.Оюумаагаас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Э.Оюумаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Р.Ганзоригийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг аваад уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Э.Оюумаа миний бие Р.Ганзориг гэгчээс түүний нэхээд байгаа машиныг түүнтэй ямар нэгэн гэрээ хэлцэл хийсний үндсэн дээр аваагүй. Р.Ганзориг бид хоёр нэг айлын хүргэн бэрүүд байсан нь үнэн. Миний бие Р.Ганзоригийн хадам ах болох С.Сүхбаатараас гэрлэлтээ цуцлуулсан. Тэр үед бидний гэр бүл болоход зориулагдсан охин нөхөр бид гурвын амьдарч байсан байрнаас өөрт болон охинд ноогдох хэсгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэр тухайд С.Сүхбаатар охин Сүхбаатарын Болор-Эрдэнэ бид хоёрт 20.000.000 төгрөг өгөхөөр болж миний бие шүүхэд гаргасан гэрлэлт цуцлахаас бусад нэхэмжлэлээ татан авч хэргийг шийдвэрлүүлсэн. Тэр үед ах дүүс хоорондоо наймаа арилжаа хийж надад уг машиныг 15.000.000 төгрөгт бодож өгсөн байх. Гэхдээ тухайн машин нь үнэндээ 15.000.000 төгрөг битгий хэл тал үнийг ч барихгүй машин байсан. Мөн Ганзориг гэдэг хүний ч машин биш өөр хүний нэр дээр бүртгэлтэй байсан. Р.Ганзориг нь өөрийн гэр бүлийн хамт бидний амьдарч байсан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг 17 дугаар байрны 03-34 тоот улсын бүртгэлийн ҮО118000226 дугаар бүртгэлтэй 2 өрөө орон сууцандаа одоо амьдарч байгаа юм билээ. Би бодохдоо С.Сүхбаатарыг охин С.Болор-Эрдэнэд орон байраа өгөхгүй гэж дүү, хүргэн хоёртоо муу машинаар нь сольж арилжиж явахгүй болсон ашиглалтаас гарсан машиныг хөрөнгө өгсөн нэр зүүж өгөөд орхисон гэж бодож байсан. Гэтэл уг хэрэг маргаан шийдэгдэж дууссанаас хойш жил орчмын дараа хүргэнээрээ уг машины үнийг гэж нэхүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч Р.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хадам ах Сүхбаатарын эхнэр Э.Оюумаа тэр үед мөнгө нэхэмжилсэн. Би нарийн юмыг нь сайн мэдэхгүй байна. Тэр үед би хамгийн түрүүнд зарагдах зүйл бол миний Ланд-100 байна. Хэдэн төгрөг болгоод өгвөл яасан юм бэ? гэж байсан. Э.Оюумаа эгч машиныг авъя гэсэн. Би автомашинаа ямар нэгэн гэрээ, хэлэлцээргүйгээр өгсөн. Надад нотлох баримт байхгүй. 18.000.000 төгрөгөөр бодож Э.Оюумаа эгчид аваачиж өгсөн. Тэгэхэд арай 18.000.000 төгрөгөөр авахгүй юм байна, 17.500.000 төгрөгт бодож авъя гэж Э.Оюумаа эгч хэлэхээр нь би ээжтэй яриад 500.000 төгрөг өгсөн. Тэгээд ээжээс 18.000.000 төгрөгөө авах болсон чинь Э.Оюумаа үүнийг ингэж авахгүй гэсэн, хэрэггүй автомашин байсан байна, одоо үүнийг 15.000.000 төгрөгөөр үнэлж ч хүн авахгүй юм байна гэсэн. Тэгэхээр нь би болъё, би өөрийнхөө автомашиныг буцааж авъя, та нар өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийд гээд нэхэмжлэл гаргасан юм. Би автомашинаа мөнгөн дүнгээр 18.000.000 төгрөг гэж анх Сүхбаатар ах, эд нартай ярьж тохирч өгч байсан. Сүхбаатар, Э.Оюумаа нарын хооронд гэр бүл, хүүхдийн мөнгөний асуудал байсан. Хүүхдийн мөнгөний асуудал дээр 20.000.000 төгрөг авъя гэхэд би 18.000.000 төгрөгт бодож машинаа өгсөн. Би Сүхбаатарын өмнөөс хүүхдийн мөнгөнд нь Оюумаа эгчид машинаа өгсөн. Сүхбаатар надад 18.000.000 төгрөг өгөх ёстой байтал одоо болохоор тэр машиныг чинь тэгж авахгүй 15.000.000, 10.000.000 төгрөгт бодож авна гэсэн байдалтай хандаж байхаар нь би болъё, машинаа буцаагаад авъя, та нар өөрсдийнхөө маргааныг өөрсдөө шийдвэрлэ гэсэн. Ингээд би машинаа эсвэл 18.000.000 төгрөгөө Оюумаа эгчээс нэхэж байна. Би Оюумаад машин худалдсан асуудал байхгүй, бид хоёрын дунд өр төлбөрийн асуудал байгаагүй гэв.

 

Хариуцагч Э.Оюумаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эд хөрөнгөндөө 15.000.000 төгрөгт бодож Сүхбаатараас уг машиныг авч байсан. Эд нар хоорондоо юу ярьж тохирсныг би бол мэдэхгүй. Одоогийн байдлаар манай хуучин байранд Р.Ганзориг орсон байгаа. Ямар ч байсан 15.000.000 төгрөгт бодож авъя гэж Сүхбаатарт өөрт нь хэлсэн байгаа. Р.Ганзоригтой мөнгө төгрөгийн талаар ярьсан зүйл бол байхгүй. Автомашин Р.Ганзоригийн нэр дээр байгаагүй. Өөр хүний нэр дээр байсан. Би үүнийг өмнөх хэрэгтэй зайлшгүй холбоотой гэж үзэж байна. Би бол үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Би Р.Ганзориг гэдэг хүнээс аваагүй болохоор үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Оюумаа, Сүхбаатар гэдэг хүмүүсийн тухайд энэ хэргээс өмнө гэр бүлийн маргааны асуудлаа шүүхээр шийдүүлж байсан. Энэ маргааны үед дундын эд хөрөнгө 26.000.000 төгрөг нэхэмжилсэн байх үед 15.000.000 төгрөгт бодож автомашин өгч, бас хэдэн төгрөг өгөхөөр хоорондоо ярилцаж тохиролцоод гэрлэлт цуцлах нэхэмжлэлээ дангаар нь шийдүүлж байсан. Э.Оюумаа тэр үед эд хөрөнгө нэхэмжилсэн нэхэмжлэлээ татан авч, энэ маргаан нь дууссан байдаг. Ингээд энэ маргаан дуусах явцад Э.Оюумаад автомашин өгсөн байдаг. Энэ автомашиныг Сүхбаатар дундын эд хөрөнгөндөө өгч байсан. Харин н.Сүхбаатар, Р.Ганзориг хоёрын хооронд ямар гэрээ хэлцэл хийгдэж яаж тохирсон талаар нь Э.Оюумаа мэдэхгүй. Э.Оюумаа энэ талаар мэдэхгүй энэ маргаан дууссан байхад Р.Ганзориг гэдэг хүн автомашин авъя гэж нэхэж байгаа юм. Сая өөрөө Сүхбаатар гэдэг хүнтэй холбоотой маргаан үүссэн учраас эд хөрөнгө нэхсэн, мөнгө төгрөг нэхсэн асуудал яригдаад хамгийн түрүүнд энэ автомашиныг ав гэсэн асуудал яригдсан юм гэж тайлбарлаж хэлж байна. Үүнээс харахад энэ хэргийн хариуцагчаар Э.Оюумааг татан орж ирж байгаа нь эргэлзээтэй байдал үүсгэж байгаа. Нөгөө талаар өнөөдөр Р.Ганзориг гэдэг хүн өөрөө би Сүхбаатар, Э.Оюумаа нартай холбоотой гэж яриад байгаа боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Э.Оюумаагийн тайлбарт дурдагдсан байгаа. Сая Р.Ганзориг ч хэллээ. Сүхбаатар гэдэг хүний нэр дээр байсан 5 дугаар 36 айлын орон сууцны 34 тоотод өнөөдөр Р.Ганзориг амьдарч байгаа юм байна. Энэ нь Сүхбаатар гэдэг хүний нэр дээр байсан. Тэгэхээр эд нарын хооронд байр, орон сууцтай холбоотой арилжаа хийгдэж, автомашины үнэ өртөг өгөгдсөн юм уу гэдэг асуудлыг Э.Оюумаагийн тухайд мэдэх боломжгүй. Эд хөрөнгөндөө Сүхбаатараас авсан автомашин учраас хүлээн зөвшөөрөхгүй, Р.Ганзоригоос автомашин аваагүй гэдэг тайлбарыг хариуцагч хийж байна. Нэхэмжлэлийн шаардлага бусад зүйлээс харахад Р.Ганзориг Э.Оюумаа нарын хооронд ямар нэгэн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудал байхгүй байна. Үүний цаана гэр бүлийн маргаан шийдвэрлэх явцад гарсан Э.Оюумаа, Сүхбаатар гэдэг хүмүүсийн хоорондын дундын эд хөрөнгийн маргаан, түүнийг шийдвэрлэх замаар Сүхбаатарын хүргэн дүү болох Р.Ганзориг нь Сүхбаатарын нэрийн өмнөөс Э.Оюумаад Сүхбаатарын төлбөл зохих 18.000.000 төгрөгт тооцож өөрийнхөө автомашиныг өгсөн гэдэг нөхцөл байдал тогтоогдож байна. Сүхбаатар, Р.Ганзориг хоёрын хооронд ямар гэрээ, хэлцэл хийгдсэнийг мэдэхгүй. Гэхдээ сая би Сүхбаатар ахтай 18.000.000 төгрөгөөр тохироод өгсөн юм гэдэг асуудал яригдаж байна. Сүхбаатар, Ганзориг нар машинаа 18.000.000 төгрөгөөр тохирчихоод яг өгч авахаар болоход 15.000.000 төгрөг гээд Сүхбаатар нь машины үнийг өгөөгүй юм байна гэдэг ойлголтыг саяны мэтгэлцээний явцад мэдлээ. Энэ тохиолдолд Сүхбаатараас энэ мөнгийг нэхнэ үү гэхээс Сүхбаатар Э.Оюумаа хоёрын хооронд эд хөрөнгийн маргаанд өгөгдсөн автомашины үнэ, үнэ өртгийг Р.Ганзориг энэ хүнээс нэхэмжлэх эрхгүй гэж харагдаж байна. Тэгэхээр өнөөдөр Э.Оюумаа бол хариуцагч биш этгээд, Э.Оюумаа бол Р.Ганзоригийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээх боломжгүй асуудал тогтоогдож гарч ирлээ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Ганзориг нь хариуцагч Э.Оюумаагаас машин буюу түүний үнэ 18.000.000 төгрөг нэхэмжилж байна.

 

Шүүх доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Р.Ганзориг 78-07 УБЦ улсын дугаартай Ланд 100 маркийн машин буюу түүний үнэ 18.000.000 төгрөгийг хариуцагч Э.Оюумаагаас нэхэмжилж, хариуцагч Э.Оюумаа Р.Ганзоригтой ямар нэгэн гэрээ хэлцэл хийж машин аваагүй гэж нэхэмжлэлийн шаардлагатай маргаж байна.

 

Нэхэмжлэгч Р.Ганзориг шүүх хуралдаанд Би Сүхбаатарын өмнөөс хүүхдийн мөнгөнд нь Э.Оюумаа эгчид 18.000.000 төгрөгөөр машинаа өгсөн. Сүхбаатар одоо болохоор тэр машиныг чинь тэгж авахгүй 15.000.000, 10.000.000 төгрөгт бодож авна гэсэн байдалтай хандаж байхаар нь би болъё, машинаа буцаагаад авъя, та нар өөрсдийнхөө маргааныг өөрсдөө шийдвэрлэ гэсэн. Ингээд би машинаа эсвэл 18.000.000 төгрөгөө Э.Оюумаа эгчээс нэхэж байна. Би Э.Оюумаа эгч бид хоёрын дунд өр төлбөрийн асуудал байгаагүй гэж, хариуцагч Э.Оюумаа Би эд хөрөнгөндөө 15.000.000 төгрөгт бодож Сүхбаатараас уг машиныг авч байсан. Эд нар хоорондоо юу ярьж тохирсныг би мэдэхгүй. Би Р.Ганзориг гэдэг хүнээс аваагүй болохоор үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарладаг.

 

Сүхбаатар нь Э.Оюумаад өгөх төлбөрт /18.000.000 төгрөгт/ тооцож нэхэмжлэгч Р.Ганзоригийн 78-07 УБЦ улсын дугаартай Ланд 100 маркийн тээврийн хэрэгслийг Р.Ганзоригоор дамжуулан хариуцагчид өгсөн болон тээврийн хэрэгслийг хүлээн авсан үйл баримттай талууд маргаагүй. Р.Ганзориг нь энэхүү хариуцагч Э.Оюумаад шилжүүлсэн тээврийн хэрэгслийн үнийг Сүхбаатараас авахаар тохиролцсныг Р.Ганзориг, Сүхбаатар нарын хооронд 78-07 УБЦ улсын дугаартай Ланд 100 маркийн тээврийн хэрэгсэл худалдах худалдах авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Э.Оюумаа, хариуцагч Р.Ганзориг нар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлээгүй буюу тэдний хооронд хэлцэл хийгдэж эрх зүйн харилцаа үүсээгүй тул Р.Ганзоригийн Сүхбаатарт худалдсан 78-07 УБЦ улсын дугаартай Ланд 100 маркийн тээврийн хэрэгсэл болон үнийг нэхэмжлэгч Р.Ганзоригт төлөх үүрэг хариуцагч Э.Оюумаад үүсээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Р.Ганзориг нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Э.Оюумаагаас өөрийн худалдсан тээврийн хэрэгсэл болон түүний үнэ 18.000.000 төгрөгийг шаардах эрхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Э.О-с машин буюу үнэ 18.000.000 /арван найман сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р.Г-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.950 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Зохигч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА