Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 156/ШШ2021/00403

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

 156/2021/00189/и

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ......... тоотод оршин суух, Ш /РД:./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймаг, Батноров сум, . тоотод оршин суух, Үзэг овогт С. Ц /РД:..../

Хариуцагч: Хэнтий аймаг, Батноров сум, .... тоотод оршин суух, Ест овогт Ш. Г /РД:.../ нарт холбогдох хууль бус эзэмшилээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгож, хууль ёсны шударга эзэмшилд саад болж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг таслан зогсоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б  /онлайнаар/, хариуцагч С.Ц  , хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Э нь нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хэнтий аймгийн Батноров сумын .. дугаар багт байрлах Ү-181400036.. дугаар гэрчилгээтэй, Бэрх тосгоны 69-р байрны ..... тоотын 4.. мбүхий 4 өрөө орон сууцыг 2000 онд өмчилж авсан. Уг орон сууцанд миний бие 2003 он хүртэл эхнэр, 2 хүүхдийн хамт амьдарч байгаад ар гэрийн гачигдлаар Улаанбаатар хот руу шилжихдээ тус байраа ээждээ захиж үлдээгээд явсан. Ээж маань амьд сэрүүн байхдаа тухайн орон сууцыг одоо амьдарч байгаа Ш.Г , С.Ц   нарт түрээслүүлсэн гэж ярьж байсан. Миний ээж 2011 онд нас барсан бөгөөд түүнээс хойш Ш.Г , С.Ц   нарыг байрнаас гарахыг удаа дараа шаардахад байрнаас гараагүй. Иймд Хэнтий аймгийн Батноров сумын .. дугаар багт байрлах Бэрх тосгоны 69-р байрны ..... тоот орон сууцыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Өөр хэлэх тайлбаргүй гэв.

 Хариуцагч С.Ц   нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.Э тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 1992 онд хань Ш.Г тай гэр бүл болсон. Тухайн үед бидэнд Бэрхийн уурхайн даргын эзэмшиж байсан орон сууцыг түүнийг шилжин явахад хуваарилж өгснөөр ...дугаар орцын 2.. тоот орон сууцанд амьдарч байсан. Бид энэхүү 6.. дугаар байрны 3 дугаар орцын 2.. тоот орон сууцанд амьдраад удаагүй байхдаа орон сууцаа сольж, Бэрх ...тоот орон сууцанд амьдрах болсон. Тус орон сууцыг 2001 онд хувьчилж, өмчлөлд шилжүүлэхэд өөрсдийн нэр дээрээ өмчлөлдөө авсан. 2001-2004 онуудад бидний амьдарч байсан Бэрх тосгонд үйл ажиллагаа явуулдаг, Бэрхийн уурхайн үйл ажиллагааны доголдол, хувьчлалтай холбогдож  олон ажилтан, иргэд ажлын байргүй болж шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн. Энэ үед иргэдийн дунд иргэн Энх-Амгалан орон сууцаа зарах гэнэ гэсэн мэдээлэл гарсны дагуу түүнтэй утсаар холбогдоход тэрээр манайхны үйл ажиллагаа явуулдаг Галтын дэлгүүрийн өөдөөс харсан байршилтай, нар дагасан цонхтой гээд сурталчилж, байрны үнийг асуухад 250,000 төгрөгөөр зарна гэж хариулж байсан. Үүнээс хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа Ш.Э ээж над руу залган ярьж, 250,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан орон сууцны үнийг 200,000 төгрөгт тооцож худалдахаар болсныг хэлээд би худалдан авахаар тохиролцож, өөрийн ажилтан Э.М хамт түүний гэрт нь очиж Ш.Э ээжид нь 200,000 төгрөгийг миний бие бэлнээр тоолж өгсөн. Тэгээд Бэрх ..... тоот орон сууцыг худалдан авч, амьдарч эхлэхийн өмнө орон сууцны урд талын 2 өрөөний ханыг нурааж нийлүүлэх зэргээр иж бүрэн капитал засвар хийсэн. Тухайн үед засварын ажлыг Гантөмөр, Уранцэцэг, цэвэрлэгч Ганцэцэг нар гүйцэтгэсэн. Ш.Э ээжид орон сууцны үнийг өгсөн тул түүний амьд сэрүүн байхад нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ шилжүүлье гэж олон удаа хэлж байсан. Тэгэхэд тэр хүү Ш.Э нь хөдөө удаан хугацаагаар ажилд гардаг. Ирэхээр нь хэлье гэж хойшлуулдаг байсан. Мөн орон сууцыг өөрийн нэр дээр болгох талаар .....утсаар холбогдож байсан. Тус орон  сууцанд Ш.Э ээж амьдарч байсан учраас ээжид нь итгэн байрны мөнгөө өгсөн. Харин өнөөдөр орон сууцны үнийг авсан ээж нь нас барсан учир санаатайгаар зохион байгуулалттай залилан хийж, орон сууцыг буцаан авахаар нэхэмжилж байгаа нь илт байна. Миний бие тэр үед өөрийн гэсэн орон сууцтай байсан учир яахаараа хүний орон сууцыг түрээслэх билээ. Надад бусдын орон сууцыг түрээслэх шаардлага огт байгаагүй. Бид өөрсдийн Бэрх ..... тоот орон сууцаа 2012 оны 9 дүгээр сард бусдад худалдсан. Батноров сумын .. дугаар баг, Бэрх 69 дүгээр байрны 1 дүгээр орцын .. тоот орон сууцанд бид гэр бүлээрээ 2005 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 16 дахь жилдээ амьдарч байгаа, энэ хугацаанд орон сууцнаас гар гэж нэг ч удаа маргаан үүсгэж байгаагүй  атлаа ээжийгээ бурхан болсноос хойш энэ асуудлыг хөндөн улмаар нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Харин ч бид орон сууцны үнийг төлсөн атал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг бидний нэр дээр шилжүүлээгүй байгаад бид  хохирч байна. Иймд хариуцагч миний бие нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч С.Ц   нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ш.Э шүүхэд хандаж бидний нэгэнт худалдан авч, 16, 1.. жил амьдран сууж байгаа орон сууцнаас минь албадан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хууль ёсны эрхээ хамгаалж, худалдан авсан орон сууцныхаа өмчлөх эрх хөндөгдөхөд тухайн орон сууцны эзэмшлийг хэн хэрхэн хэрэгжүүлж, ямар арга замаар өмчлөлдөө авч, өнөөдрийг хүрсэн талаар дурдаж, эзэмшлийн хүрээнд ямар нэгэн хууль, эсхүл гэрээний үүрэг зөрчөөгүй, хууль бус эзэмшигч биш гэдгийг нотолж, сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Хэнтий аймаг, Батноров сум, .. дугаар баг, Бэрх 69-р байр, ..... тоот 49 м.кв талбайтай орон сууцыг хуулийн дагуу буюу хууль зөрчихгүйгээр бид өнөөдрийг хүртэл эзэмшиж байна. Миний бие 1989 онд Анагаах ухааны дунд сургуулийг төгсөж, Хэнтий аймгийн Бэрх тосгонд хуваарилагдан очиж, ажил амьдралын гараагаа эхэлсэн.  1992 онд Ш.Г тай гэр бүл болж Бэрхийн уурхайн 6.. дугаар байрны 3-р орцын 2.. тоот орон сууцанд амьдарч байгаад ...тоот орон сууцанд амьдрах болсон. 2001-2004 онуудад Ш.Э орон сууцаа зарах мэдээллийн тавьж байсан. Зарын дагуу би .....утсаар ярьсан. Дараа нь Ш.Э ээж над руу ярьж 250,000 төгрөгийн орон сууцыг 200,000 төгрөгт зарахаар болсон гэсний дагуу би өөрийн ажилтан М-н хамт гэрт нь очиж, Ш.Э ээжид нь байрны үнэ 200,000 төгрөгийг хүлээлгэн өгч, худалдан авсан орон сууцандаа засвар хийж орсон. Орон сууцанд нүүж ирж амьдарснаас хойш бүхий л зардал  засвар үйлчилгээ, СӨХ-ийн төлбөрийг өмчлөгчийн байр сууриас бид бүрэн хариуцан төлж ирсэн. Тус байранд бид 2004, 2009, 2014, 2018 онуудад засвар хийснээр нийтдээ 25,000,000 сая төгрөг  зарцуулсан тооцоо бий. Миний бие гэр бүлээрээ орон сууцыг 2005 онд худалдан авч, өмчилснөөс хойш бидний тухайн орон сууцыг эзэмших эрхэд хэн нэгэн саад хийж байгаагүй. Иймд Хэнтий аймаг, Батноров сум, ..-р баг Бэрх 69-р байр, .. тоот 49 м.кв талбайтай орон сууцыг хуулийн дагуу буюу хууль зөрчихгүйгээр эзэмшсэн, шударга өмчлөгч болохыг тогтоож, хууль ёсны шударга өмчлөлд саад болж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг таслан зогсоох хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 89, 90, 92 дугаар зүйлд зааснаар тодорхойлогдож байна.

Биднийг Бэрх 69-р байрны 1 дүгээр орцын .. тоот орон сууцанд гэр бүлээрээ 2004 оноос эхлэн 1.. дахь жилдээ амьдарч байх хугацаанд Ш.Э нэг ч удаа маргаан үүсгэж байгаагүй атлаа ээжийгээ бурхан болсноос хойш 10 жилийн дараа шүүхэд энэ талаар нэхэмжлэл гаргаж байна. Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э д нэг бус удаа орон сууцны үнийг авсан байж ингэж болохгүй биз дээ, ээжийгээ амьд сэрүүн байхад байрны гэрчилгээг нь сольё гэхэд ийм тийм ажилтай гэж хойшлуулчихаад ээжийгээ нас барсан хойно одоо яаж байгаа юм гэхэд харин тийм гэж  хариулж байсан.

Иймд Хэнтий аймгийн Батноров сумын ..-р баг, Бэрх 69-р байрны ..... тоот 49 м.кв талбайтай орон сууцны шударга өмчлөгч С.Ц  , Ш.Г  нар мөн болохыг тогтоож, хууль ёсны шударга эзэмшилд саад болж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг таслан зогсоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э  нь хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би сайн мэдэхгүй байна. Өмгөөлөгч хэлнэ. Надад хэлэх тайлбаргүй гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Э нь хариуцагч С.Ц   нарт холбогдуулан хууль бус эзэмшилээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч С.Ц   нь нэхэмжлэгч Ш.Э холбогдуулан орон сууцны шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгож, хууль ёсны шударга эзэмшилд саад болж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг таслан зогсоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ш.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Хэнтий аймгийн Батноров сумын ..-р баг, Бэрх 69-р байрны ..... тоот 49 м.кв талбайтай орон сууцыг С.Ц  , Ш.Г  нарт манай ээж түрээслэж байсан бөгөөд одоо уг байрыг хариуцагч нар чөлөөлж өгөхгүй байна гэж, хариуцагч С.Ц   нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...уг байрыг 2004 онд .....утсаар ярьж тохиролцон худалдан авсан, орон сууцны үнийг түүний ээжид бэлнээр өгч, 2005 оноос эхлэн өнөөдрийг хүртэл амьдарч байна. Одоо энэхүү байрны өмчлөгчөөр тогтоолгоно гэж мэтгэлцлээ.

Талуудын мэтгэлцээнээс үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлсэн эсэх талаар маргажээ.

Нэхэмжлэгч Ш.Э нь Хэнтий аймгийн Батноров сумын ..-р баг, Бэрх 69-р байрны ..... тоот 49 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлийн хэлтэст бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан удаа дараагийн лавлагаа /хх-ийн 3, 4, 18/-гаар нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч хэн бүртгэгдсэн байдлаас үл хамааран талуудын хооронд хэлцэл хийгдсний улмаас уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн эсэх асуудлыг тодруулах нь чухал байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх заалт нь эрх шилжүүлэхээр хэлцэл хийсэн этгээдийн үүргийн зөрчлийг хамгаалах хэрэгсэл болохгүй бөгөөд бүртгэлд өөрчлөлт оруулах үүргээ биелүүлээгүй тохиолдолд, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.2 дахь хэсэгт заасан "бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно" гэсэн зохицуулалтын агуулгаар буруу бүртгүүлсэн тохиолдлын нэгэн адил хэрэглэгдэж, шүүх энэ талаарх маргааныг хянан шийдвэрлэхэд улсын бүртгэлийг шууд үнэн зөв гэж дүгнэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь дээрх улсын бүртгэлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан "өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй" гэсэн заалтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгожээ. Гэвч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан эрхийг өмчлөгч эдлэхээс гадна энэ заалт нь хууль ёсны эзэмшигчид мөн хамааралтай байдаг.

Нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг тодорхойлж буй улсын бүртгэлийг дээр дурдсанаар үнэн зөв гэж үзэх нь эргэлзээтэй, хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдоогүй нөхцөлд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дахь хэсэгт заасан шаардах эрхийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгох боломжгүй юм.

Хариуцагчийн хууль бус эзэмшлийг тодорхойлохын тулд талуудын тайлбарын аль нь үндэслэлтэй болохыг хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан судлаж үзсэний үндсэн дээр дүгнэх шаардлагатай. Иймд хариуцагч С.Ц   нар нь 2005 оноос уг орон сууцыг эзэмшиж байсан үеэс эхлэн хугацааг тоолсон ч, нэхэмжлэгч Ш.Э ээж нас барсан гэх 2011 оноос эхлэн хугацааг тоолсон ч Иргэний хуулийн ..5 дугаар зүйлийн ..5.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа 2020 онд нэхэмжлэл гаргах үед өнгөрсөн байна. Мөн нэхэмжлэгч нь уг орон сууцыг манай ээж хариуцагч нарт түрээслэж байсан гэж нэхэмжлэлдээ дурдсан байх бөгөөд талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан тайлбар үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ хууль бусаар алдсан, хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх 2011 оноос /эх нь нас барсан үе/ эхлэн зөрчигдөөд байхад энэхүү хугацаанд орон сууцаа чөлөөлүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ авч байсан эсэх нь тодорхойгүй байна.

Хариуцагч С.Ц   болон түүний гэр бүл тухайн орон сууцанд 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан гэрч Ш.Э ...С.Ц  г энэ байранд 2003 оноос одоог хүртэл амьдарч байгааг мэднэ... гэх мэдүүлэг, гэрч Ш.Э ...20..... онд эмээ дээрээ очдог байхад манай байранд тийм хүмүүс байдаг гэдгийг мэдсэн... гэх мэдүүлэг болон байрны халаалт, усны төлбөр төлж байсан талаарх баримт /хх-ийн 193/-уудаар нотлогдож байна.

Мөн хариуцагч нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс орон сууцны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг бүртгүүлэхийг шаардаж байсан болох нь түүний ...Ш.Э ээжид орон сууцны үнийг өгсөн тул түүний амьд сэрүүн байхад нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ шилжүүлье гэж олон удаа хэлж байсан. Гэтэл хүү Ш.Э нь хөдөө удаан хугацаагаар ажилд гардаг. Ирэхээр нь хэлье гэж хойшлуулдаг байсан. Мөн орон сууцыг өөрийн нэр дээр болгох талаар .....утсаар холбогдож байсан.... гэх тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...2016 онд С.Ц   нь надтай таараад байрны гэрчилгээгээ авмаар байна гэж байсан. Би энэ талаар ах Ш.Э хэлсэн... гэх тайлбар зэргээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь уг орон сууцыг С.Ц   нарт түрээслүүлж байсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, нотлогдохгүй байх тул хариуцагчийг хууль бусаар орон сууц эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч С.Ц   нь ...би .....утсаар ярьж уг орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцож, үнийг нь түүний ээжид нь хүлээлгэн өгч, байрандаа орохдоо зарим ханыг нь нурааж, засвар хийж 2005 онд орсон... гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан гэрч Э.М мэдүүлэг /хх-ийн 118-119/ болон бусад баримтуудаар нотлогдсон гэж үзлээ.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг нь үүргээ бүрэн буюу ихэнхийг биелүүлсний дараа нөгөө тал биелэлтийг хүлээн зөвшөөрөн хүлээсэн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийгдсэнд тооцож болохоор зааснаас гадна мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заасан тул сөрөг нэхэмжлэлийг хангаж, зохигчдын хооронд 2005 онд орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд хариуцагч Ш.Г , С.Ц   нарын сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Хэнтий аймгийн Батноров сумын ..-р баг, Бэрх 69-р байрны ..... тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч Ш.Э нь Хэнтий аймгийн Батноров сумын ..-р баг, Бэрх 69-р байрны ..... тоот орон сууцыг хариуцагч нар эзэмшихэд ямар байдлаар саад учруулсан болох нь нотлогдохгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс хууль ёсны шударга эзэмшилд саад болж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг таслан зогсоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Хавтаст хэргийн 35-6.. дугаар хуудаст авагдсан материалууд нь тус хэргийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 192, 194, 195, 196 дугаар хуудаст авагдсан материалууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй тул тус тус нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Хэнтий аймгийн Батноров сумын ..-р баг, Бэрх 69-р байрны ..... тоот орон сууцыг хариуцагч Ш.Г , С.Ц   нарын хууль бус эзэмшилээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ш.Г , С.Ц   нарыг Хэнтий аймгийн Батноров сумын ..-р баг, Бэрх 69-р байрны ..... тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоосугай.

3. Хариуцагч С.Ц   нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хууль ёсны шударга эзэмшилд саад болж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг таслан зогсоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн .. дугаар зүйлийн ...1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 269,900 төгрөгийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 282,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Э 282,950 төгрөг гаргуулан хариуцагч С.Ц   нарт олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119...-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд .. хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МАРИНА