| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00407/И |
| Дугаар | 156/ШШ2020/00456 |
| Огноо | 2020-06-16 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 156/ШШ2020/00456
156/ШШ2020/00456
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00407/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Дадал сум, ... дүгээр багт оршин суух, Х овогт Ш Ц /РД:......./-ын хүсэлттэй нөхөх олговрын 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., прокурор Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ:Миний аав болох Ж.Ш нь 1938 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор улс төрийн хэрэгт хилсээр Онцгой бүрэн эрхт комиссын ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 24 дүгээр магадлалаар цагаатгагдсан. Нөхөх олговорыг дүү Ш.Э, Ш.Б нартай тэнцүү хэмжээгээр хувааж авна. Иймд охин Ш.Ц надад нөхөх олговрын 40,000,000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ш.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нөхөх олговрын 40,000,000 төгрөгийг олгож өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улс төрийн хилс хэрэгт иргэн Т.Ж нь холбогдож улмаар цагаатгагдсан, түүний охин нь хүсэлт гаргагч Ш.Ц мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул нөхөх олгвор 40,000,000 төгрөгийг олгоход татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Ц нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгалын нөхөх олговор болох 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ш.Ц нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна. Энэ нь хэрэгт авагдсан Зууны мэдээ сонины 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 59/6284/ дугаарт нийтлэгдэж баталгаажсан байна.
Ж нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн Ж.Ш нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт төрөөс орон сууц олгож байгаагүй, хүсэлт гаргагч Ш.Ц нь Ж.Ш хүүхэд гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
- Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багийн Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дугаартай албан тоот
- Улсын бүртгэлийн Ерөнхий газраас олгосон ...2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 103/002826 тоот Ш.Ц эцэг Ж.Ш, эх Д. гэх ХААТР-1 маягтын лавлагаа,
- Улсын бүртгэлийн Ерөнхий газраас олгосон ...2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 45/002930 тоот Ш.Д нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нас барсаны бүртгэлийн лавлагаа
- Үндэсний төв архивын 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 03-10/287 тоот 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаа,
- Үндэсний төв архивын 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 03-10/289 тоот 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаа,
- Үндэсний төв архивын 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 03-10/288 тоот 1956 оны улсын тооллогын бүртгэлийн лавлагаа,
- Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 08/660 тоот лавлагаа,
- БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1993 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 24 дугаартай магадлал,
- Ш.Ц дүү Ш.Э, Ш.Б нартайгаа нөхөх олговрыг хувь тэнцүү хувааж авахаар хийгдсэн хэлцэл,
- Улсын дээд шүүхээс 1998 оны 7 дугаар сарын 06-ны өдөр олгосон цагаатгалын үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 57 дугаартай шийдвэр,
- Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 42 тоот албан бичгүүд хэрэгт авагджээ.
Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Ж.Ш нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний охин Ш.Ц 40,000,000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан ...... регистрийн дугаартай, Х овогт Ш Ц олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэхүү хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА