Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 156/ШШ2019/00634

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 156/ШШ2019/00634

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2019/00611

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар:

Хэрлэн финанс хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй, Л.Б, Д.Д нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1 703 173 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Хэрлэн финанс хадгаламж зээлийн хоршооны захирал С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхчимэг оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хэрлэн финанс хадгаламж зээлийн хоршооны захирал С.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:... иргэн Л.Б, Д.Д нар нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр манай байгууллагатай 42000047 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 850 000 төгрөгийг 30 хоногт 3.5 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлж авсан.

Зээл авснаасаа хойш Л.Б, Д.Д нар нь эхний 1 сарын зээлийн эргэн төлөлтөө хийж үлдсэн сарын эргэн төлөлтөө өнөөг хүртэл төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нийт 800 хоног хугацаа хэтрээд байна.

Зээлдэгчтэй утсаар холбогдож зээлээ хийх талаар олон удаа сануулж байсан. Л.Б, Д.Д нар нь иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон зээлийн гэрээний 3-т заасныг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ........... тоот барьцаат зээлийн гэрээний үндсэн өр 803 383 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 899 790 төгрөг, нийт 1 703 173 төгрөгийг төлж барагдуулах ёстой юм.

Иймд Д.Бямбажав, Д.Д нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 1 703 173 төгрөгийг гаргуулж өгнө үү... (хх-ийн 1 тал)

 

Нэхэмжлэгч Хэрлэн финанс хадгаламж зээлийн хоршооны захирал С.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Хэрлэн финанс хадгаламж зээлийн хоршоо нь тус шүүхэд хариуцагч Л.Б, Д.Д нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1 703 173 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан юм.

Хариуцагч нар нь манай байгууллагын заасан хаягт байхгүй, хаяг нь тодорхойгүй байна.

Иймд хариуцагчаар оролцвол зохих Л.Б, Д.Д нарыг эрэн сурвалжилж өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, нэмж гаргах нотлох баримт байхгүй... (хх-ийн 19 тал)

Шүүх хуралдаанд  хэрэгт авагдсан нэхэмжлэгч Хэрлэн финанс хадгаламж зээлийн хоршооны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, хүсэлт, (хх-ийн 1,16 тал) Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг дарга Б.Эрдэнэбилэгийн:... Л.Б, Д.Д нар нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 24-10 тоотод бүртгэлгүй нь үнэн... гэсэн тодорхойлолт (хх-ийн 13 тал) ... зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хэрлэн финанс хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Л.Б, Д.Д нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1 703 173 төгрөг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Хэрлэн финанс хадгаламж зээлийн хоршоо нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагчаар оролцвол зохих Л.Б, Д.Д нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Иргэн Л.Б, Д.Д нар нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч Хэрлэн финанс хадгаламж зээлийн хоршооны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, хүсэлт, (хх-ийн 1, 19 тал) Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг дарга Б.Эрдэнэбилэгийн:... Л.Б, Д.Д нар нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 24-10 тоотод бүртгэлгүй нь үнэн... гэсэн тодорхойлолт (хх-ийн 13 тал)... зэрэг  хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих Л.Б, Д.Д нар нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, тэдний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул Хэрлэн финанс хадгаламж зээлийн хоршоо нь хүсэлт гаргах эрхтэй байна.

Иймд иргэн Л.Б, Д.Д нарыг эрэн сурвалжлах, тэдний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих .............. регистрийн дугаартай,  Л. Б, .................регистрийн дугаартай, овогт Д Д нарыг эрэн сурвалжилж, Хэрлэн финанс хадгаламж зээлийн хоршооны хүсэлтийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих Л.Б, Д.Д нарыг эрэн сурвалжилж, тэдний оршин суугаа газрыг тогтоохыг Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

3. Хариуцагчаар оролцвол зохих ..........регистрийн дугаартай, Л.Б, .............регистрийн дугаартай, овогт Д Д нарын мэдээллийг Хэнтий аймгийн цагдаагийн газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Т.Ариун-Эрдэнэд даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ