Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2022/0888

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн би, Д******** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороонд холбогдох захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д******** ХХК-ийн Ерөнхий захирал Н.Б********2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Манай компани Байгаль орчин аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос зарлаж 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 14:10 цагт нээсэн БОАЖЯ/********* урилгын дугаартай "Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлаж буй төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжгүй цэцэрлэг, сургууль, терийн байгууллагын нам даралтын зуухыг эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, хийн зуухаар солих" ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон.

 

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасны дагуу манай тендерээс татгалзсан гэх хариуг өгсөн.

 

Бид Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч хуульд заасан хугацаанд буюу 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан.

 

Сангийн яамнаас манай компанийн гомдлыг үндэслэлтэй байна гэж үзэж Орчны бохирдлыг бууруулах ундэсний хорооны 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2022/308 тоот гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, тус тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдсэн.

 

Гэвч Орчны бохирдлыг бууруулах ундэсний хорооноос 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2022/360 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан тоотоор "... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зуйлийн 28.3 дахь хэсгийг үндэслэн танай тендерээс татгалзаж, 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2022/306 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэрээ хэвээр үлдээсэн болохыг үүгээр мэдэгдэж байна." гэсэн хариуг манай компанид ирүүлсэн.

 

Энэхүү шийдвэрийг манай компани хүлээн зөвшөөрөх боломжгүй тул тус тендер сонгон шалгаруулалтыг хууль зөрчсөн гэж үзэн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 5 үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Тус тендер сонгон шалгаруулалтад шалгарсан "*******" ХХК болон "*******" ХХК нарын түншлэл нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 16 дугаар зүйлд заасан техникийн чадавхи болон туршлагыг хангасан байх заалтыг зөрчсөн оролцогч бөгөөд шударга бус тендер сонгон шалгаруулалт болсон.

 

Манай компани өнөөдрийг хүртэл шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсээр байгаа бөгөөд тендер сонгон шалгаруулалтын ажиллагаа хууль журмын дагуу явагдаж байхыг хүсэж байна.

 

Тус нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаас хойш 2 сарын хугацаа өнгөрсөн ч хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй байгаа, хүйтний улирал эхэлсэн, гүйцэтгэгч компани аль хэдийн тендерт заагдсан ажлыг гүйцэтгэж эхэлсэн зэрэг нөхцөл байдал үүссэн.

 

Засгийн газрын агаарын бохирдлыг бууруулах ажлыг байнга дэмждэг компанийн хувьд төрийн үйл ажиллагаа тасралтгүй, шуурхай байх зарчмыг хүндэтгэн компанийн нийгмийн хариуцлагын дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д******** ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны БОАЖЯ/********* дугаар тендер сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцуулах, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны БОАЖЯ/********* дугаар тендер сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч компанийн Ерөнхий захирал Н.Б********нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэхүү хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д: нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн заалтад нийцэж байна гэж шүүх үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч Д******** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Мөн нэхэмжлэгч Д******** ХХК-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д******** ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны БОАЖЯ/********* дугаар тендер сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцуулах, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны БОАЖЯ/********* дугаар тендер сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд холбогдох холбогдох 128/****/****/* индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д******** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН