Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ДШМ/327

 

 

 

 

 

  2021            03            31                                         2021/ДШМ/327    

 

Ө.Б-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхөө, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Мижиддорж,

шүүгдэгч Ө.Б-э,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2010003350879 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-э,

 

Ө.Б-э нь 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хооронд иргэн С.Н-ээс “Солонгос улс руу виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан 3.400.000 төгрөгийн залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ө.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-ийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөл оруулан бусдыг хуурч, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Б-ээс 3.400.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Н-т олгож, шүүгдэгч Ө.Б-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ө.Б-э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч дахин гэмт хэрэгт үйлдэхгүй болохыг амлаж байна. Миний хань Т.Баасанхүү нь “Е март” худалдааны төвд менежер ажилтай. Одоогоор жирэмсэн бөгөөд 4-6 насны 2 хүүхэдтэй, ам бүл дөрвүүлээ айлын хашаанд амьдардаг. Анхан шатны шүүх хуралдааны дараа хохирлоо нөхөн болон ар гэрийн нөхцөл байдлыг минь харгалзан үзэж ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Т.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ө.Б-э нь анхан шатны шүүх хуралдаан болох үед хохирлоо төлөөгүй байсан тул хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Харин давж заалдах шатны шүүхэд хохирогч С.Н- нь хохирол, төлбөрөө бүрэн барагдуулж авсан гэх хүсэлтийг ирүүлсэн байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас аль нэгийг нь сонгож хэрэглэх нь эрх хэмжээнийх нь асуудал учраас тусгайлан гаргах саналгүй. ...” гэв

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ө.Б-э нь 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хооронд С.Н-ийг “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан 3.400.000 төгрөгийн залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч С.Н-ийн “...Б-этэй уулзаж Солонгос улс руу гарах виз гаргаж өгнө гэхээр нь дансаар болон бэлнээр 3.400.000 төгрөг өгсөн. ...” /хх 18-20/,

гэрч Э.Ганбатын “...Б-этэй уулзаад явуулж чадах юм байна гэж итгэсэн. ... Баттогтох бид хоёр Н-ээс зээл авахаар болоод 3.000.000 төгрөгийг Н-“Б-ийн өгсөн дансанд шилжүүлсэн гэж байсан. ...” /хх 24-26/,

гэрч Л.Баттогтохын “...Б-э гэх залуутай уулзаад “ямар журмаар яаж явуулах юм” гэхэд “манай ах Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг, 6 хүн нэг жилийн гэрээгээр гаргах юм гэж хэлэхээр нь Н-ээс мөнгө зээлэхээр болоод Н- Б-ийн өгсөн данс руу ажил дээрээ байхдаа 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Хорооллын эцэст найз Н-ийн хамт Б-этэй уулзаад хурдан гаргаж өгөөрэй гээд 400.000 төгрөг бэлнээр өгсөн. ...” /хх 27-29/,

гэрч Г.Ууганзаяагийн “...миний Хаан банкны картыг Б-э ах 2019 оны 7 дугаар сараас хойш ашиглаж байгаа. ...” /хх 32-33/,

Ө.Б-ийн яллагдагчаар өгсөн “...би Н-ээс 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Ууганзаяагийн Хаан банкны 5226096052 тоот дансаар 3.000.000 төгрөг авсан. ...Дараа нь дахиж мөнгө хэрэгтэй байна гээд Н-тэй уулзаж бэлнээр 400.000 төгрөгийг авсан. ...Би Солонгос улс руу виз гаргах эрх байхгүй. ...” /хх 64-67/ гэсэн мэдүүлгүүд,

 

хохирогч С.Н-ийн Худалдаа Хөгжлийн банкны дансны хуулга /хх 14/, Г.Ууганзаяагийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 53/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан хэлэлцэж, хооронд нь харьцуулан шинжлэн, нягтлан судалж, эрх зүйн ухамсар, дотоод итгэлийг удирдлага болгон Ө.Б-ийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөл оруулан бусдыг хуурч, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Ө.Б-э нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

 

Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч Ө.Б-ийн 04-06 хүртэлх насны хоёр хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтуудад зааснаар тэнссэн хугацаанд ...оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Ө.Б-ийн “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ө.Б-э нь 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 150.000 төгрөг,  2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хохирогч С.Н-ийн Төрийн банкны 100000000000 тоот данс руу үлдэгдэл 3.250.000 төгрөгийг төлсөн талаархи баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-ийг 8 /найм/ сарын хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-эд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. ...” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...шүүгдэгч Ө.Б-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй. ...” гэсэн,

          “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Ө.Б-эд мэдэгдсүгэй. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

         

            2. Шүүгдэгч Ө.Б-э нь 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 76 /далан зургаа/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

         

3. Шүүгдэгч Ө.Б-э нь хохирогч С.Н-т 3.400.000 /гурван сая дөрвөн зуу мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН