Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 129/ШШ2021/00216

 

 

 

 

 

 

                          

                                                    

 

                                  129/ШШ2021/00216

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                         

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Тариат сумын 7 дугаар багт оршин суух С овгийн Г.М-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Тариат сумын 7 дугаар багт оршин суух Г овгийн Ю.О-д холбогдох

1.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2019 оны 08 сард Мэнд-Амар надаас хүүхдийн үс авах гэсэн мөнгө дутаад байна гээд 1.000.000 төгрөгийг зээлсэн. Зээлдүүлсэн мөнгөө авъя гэхэд өгнө өө, удахгүй өгнө гэж худал хэлсээр одоог хүрсэн. Оюунчимэг нь надаас зээлсэн 1.000.000 төгрөгөөс одоог хүртэл нэг ч төгрөг өгөлгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч *******т зээлүүлсэн мөнгө болох 1.000.000 төгрөгийг гаргуулж Мэнд-Амар намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Оюунчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ювууцагаан овогтой Оюунчимэг би иргэн Мэнд-Амараас 600.000 төгрөг зээлж авсан бөгөөд 1.000.000 төгрөг аваагүй нь үнэн болно. Миний бие 2015 оны намар 08 сард иргэн Мэнд-Амараас 400.000 төгрөг зээлж, нэмж зээлсээр 600.000 төгрөг зээлсэн. Тэр үедээ үнээ өгөхөөр тохиролцсон боловч үнээгээ аваагүй байж байгаад үнээ нь үхсэн. Тухайн үед хүүхдийн үс авч байсан үе ба одоо тэр хүүхэд маань 3 дугаар ангид суралцдаг. Иймээс иргэн Мэнд-Амарт зээлж авсан 600.000 төгрөгийг буцаан өгөх болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын хувьд *******т 1.000.000 төгрөг зээлүүлсэн гэдэг. *******ийн хувьд ******* гуайгаас эхлээд 400.000 төгрөг аваад дараа нь цувуулж аваад нийт  600.000 төгрөг авсан энэ 600.000 төгрөгөө төлнө гэдэг. Гэхдээ тухайн үед энэ мөнгөнийхөө оронд үнээ өгнө гэж хэлж байсан гэдэг. Тэр үнээ нь одоо зах зээлийн үнээр 800.000 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа. Бид нар үнээгээ 1.000.000 төгрөгөөр үнэлүүлэх гэсэн боловч үнэлгээчин 800.000 төгрөгөөр үнэлсэн байгаа учраас *******ээс 800.000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн үед ******* үнээгээ авъя гээд очиход Оюунчимэг өгөхгүй байгаад байсан юм байна лээ. Оронд нь 1.000.000 төгрөг өгчихнө гэж хуурч явсаад байгаад өнөөдрийг хүрчихсэн. Мөнгө зээлсэн даруйдаа буюу 2019 онд зээлсэн мөнгөнийхөө оронд нь үнээ өгье гэсэн. ******* 2019 оны 08 сард намар *******т мөнгө зээлсэн гэх цаг хугацааг үндэслэлтэй гэж үзэж байна. Өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр үнээг үнэлүүлсэн гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс 1.000.000 төгрөг нэхэмжилж байна.

 

Шүүх доорхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч ******* нь “Оюунчимэг 2019 оны 08 сард надаас хүүхдийн үс авах гэсэн мөнгө дутаад байна гээд 1.000.000 төгрөг зээлсэн. Оюунчимэг нь нэг ч төгрөг өгөөгүй учир хариуцагч Оюунчимэгээс зээлсэн 1.000.000 төгрөг гаргуулахаар” нэхэмжилж, хариуцагч ******* нь “*******аас 1.000.000 төгрөг аваагүй 600.000 төгрөг зээлж авсан. 600.000 төгрөгийг буцаан өгөх болно” гэж маргаж байна.

 

Зохигчийн хооронд байгуулсан гэрээ нь зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлсэн, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг буцаан өгөхөөр хүсэл зоригоо илэрхийлэх замаар тохиролцсон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байна.

 

“ ...600.000 төгрөг зээлж тэр үедээ үнээ өгөхөөр тохиролцсон боловч үнээгээ аваагүй байж байгаад үнээ нь үхсэн” гэсэн хариуцагчийн тайлбарт нэхэмжлэгч тайлбар гаргаагүй учир талуудыг зээлийн гэрээний үүргийг солихоор тохиролцсон гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгч *******ын хариуцагч *******ээс 1.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлд хариуцагч ******* “миний бие  2015 оны намар 8 сард иргэн *******аас 400.000 төгрөг зээлж, нэмж зээлсээр 600.000 төгрөг зээлсэн. *******т зээлж авсан 600.000 төгрөгийг буцааж өгөх болно” гэсэн хариу тайлбарыг гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар  зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Хариуцагч *******ийн “*******аас 1.000.000 төгрөг зээлж аваагүй, 600.000 төгрөг зээлсэн” гэсэн тайлбартай нэхэмжлэгч нь танилцсан боловч энэхүү тайлбарыг үгүйсгэж, татгалзсан тайлбар болон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, тэрээр хариуцагч *******т 1.000.000 төгрөг зээлсэн гэдгээ нотлох баримтаар нотолж чадахгүй байна.

 

Иймд хариуцагч *******ийн тайлбарыг үндэслэж нэхэмжлэгч *******ыг хариуцагчид 600.000 төгрөг зээлсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч *******аас зээлсэн 600.000 төгрөгийг буцаан өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй нь зохигчийн тайлбараар тогтоогддог тул хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т зээлийн гэрээний үүрэг 600.000 төгрөг төлөх үүрэгтэй байна.             

 

Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй.

 

 Хариуцагч ******* “... Мэнд-Амараас нэмж зээлсээр 600.000 төгрөг зээлсэн. Тэр үедээ үнээ өгөхөөр тохиролцсон боловч үнээгээ аваагүй байж байгаад үнээ нь үхсэн” гэсэн тайлбарыг гаргаж, хариуцагч нэхэмжлэгчийн энэ тайлбарыг хүлээн зөвшөөрсөн болон үгүйсгэсэн тайлбарыг шүүхэд гаргаагүй, тэрээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг 1.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа  хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй тул өмгөөлөгч Д.Насанжаргалын “Тухайн үед Оюунчимэг мөнгөний чинь оронд үнээ өгнө гэсэн байгаа. Энэ үнээ нь одоогийн зах зээлийн үнээр 800.000 төгрөгөөр үнэлэгдсэн учир Оюунчимэгээс 800.000 төгрөг гаргуулах үндэслэлтэй” гэсэн тайлбар болон сувай үнээг /дүгнэлт хэсэгт хөөрөг гэсэн/ 800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланд үндэслэж нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

            Нэхэмжлэгч, хариуцагч нар мөнгө зээлсэн, зээлж авсан үйл баримттай маргаагүй боловч гэрээний цаг хугацааг ******* 2019 он, хариуцагч ******* 2015 он гэж тайлбарладаг. Хариуцагч ******* 2015 онд *******аас мөнгө зээлсэн гэдгээ нотлоогүй, тэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “зээлдүүлсэн мөнгөө авъя гэхэд өгнөө, удахгүй өгнө гэж худал хэлсээр одоог хүрсэн” гэсэнтэй маргаагүй учир нэхэмжлэгчийг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзлээ.

 

            Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******ээс 600.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч ******* өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, өмгөөлөгч нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаагүй, мөн хариуцагч ******* шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтээ шүүхэд бичгээр өгч энэхүү хүсэлтээ дэмжиж өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухайгаа шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.5-д зааснаар зохигчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийг Довчингийн Оюунчимэг гэснийг Ювууцагааны Оюунчимэг гэж шүүхийн шийдвэрт зөвтгөн бичлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ю.О-с 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.850 төгрөгөөс 10.200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Ю.О-с 18.650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М-т олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх гардуулах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

          4. Зохигч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАЙГАЛМАА