| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00490/И |
| Дугаар | 156/ШШ2020/00480 |
| Огноо | 2020-06-22 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 156/ШШ2020/00480
156/ШШ2020/00480
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00490/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Дадал сум, ... багт оршин суух, Ж овогт Г Ч /РД:......... /-ийн хүсэлттэй нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, прокурор Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г Д 1938 оны 5 дугаар сард баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44 дүгээр зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэж, хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар магадлалаар цагаатгасан. Хүсэлт гаргагч Г.Ч нь Г Д, А Д нарын гэр бүлд 1935 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 8 дугаар хүүхэд нь болж төрсөн. Г.Ч 1940 онд 5 настай байхад нь эмэг эх Ш.Ц нь Г удам тасрах болоод байна Г.Д 2 хүүгийн нэг Г овоглоно гээд тэр цагаас Г.Ч нь Гэлэгээр овоглох болсон. Иймд Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 289 дугаартай шийдвэрээр Г.Ч нь хэлмэгдэгч Г Д хүү мөн болохоо тогтоолгосон.
Цагаатгалын ажлыг удирдан зохион байгууллах Улсын комиссоос Г.Ч Зууны мэдээ сонины 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 82 дугаарт зарлагдсан тул хэлмэгдэгч Г Д төрсөн хүү Г.Ч нөхөн олгворын 80,000,000 төгрөгийг олгож өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улс төрийн хилс хэрэгт иргэн Г.Д нь холбогдож улмаар цагаатгагдсан, түүний төрсөн хүү хүсэлт гаргагч Г.Ч мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул нөхөн олгвор 80,000,000 төгрөгийг олгоход татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Ч нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 80,000,000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Ч нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна. Энэ нь хэрэгт авагдсан Зууны мэдээ сонины 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 82 дугаарт нийтлэгдэж баталгаажсан байна.
Г Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн Г.Д нь хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт төрөөс орон сууц олгож байгаагүй байна.
Г Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн, хүсэлт гаргагч Г.Ч нь Г.Д хүүхэд гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 05/6479 тоот лавлагаа,
- БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн хяналтын 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар магадлал,
- Улсын бүртгэлийн Ерөнхий газраас олгосон ...2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 00/002841 тоот албан бичгээр ирүүлсэн Г.Ч эцэг нь А.Г, эх нь А.Д гэх ХААТР-1 маягт,
- Улсын бүртгэлийн Ерөнхий газраас олгосон ...2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 00/002832-00/002840 дугаартай лавлагаанууд,
- Үндэсний төв архивын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03-4/5247, 03-4/5248, 03-4/5249 тоот лавлагаанууд,
- БНМАУ-ын Дээд шүүх 1992 оны 3 дугаар сарын 23-ны өдөр олгосон цагаатгалын үнэмлэхийн хуулбар,
- Сүхбаатар дүүргийн Иргэний шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 254 дугаартай шийдвэрийн хуулбар,
- Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 289 дугаартай шийдвэрийн хуулбар,
- Цагаатгалын ажыг удирдан зохион байгуулах Улсын комиссын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаартай лавлагаанууд хэрэгт авагджээ.
Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Г.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний хүү Г.Ч 80,000,000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 80,000,000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан ........... регистрийн дугаартай, Ж овогт Г Ч олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэхүү хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА