| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00852/И |
| Дугаар | 156/шш2020/00907 |
| Огноо | 2020-12-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 156/шш2020/00907
156/ШШ2020/00907
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00852/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт оршин суух, Э.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт тоотод оршин суух, С.Б-д холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, нэхэмжлэгч Э.А, хариуцагч С.Б /онлайн/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оны 06 дугаар сард С.Б-тэй танилцаж, 2013 оноос эхлэн хамтран амьдрах болсон. Биднийг хамт амьдрах хугацаанд охин Хулан маань төрсөн. Бид хоорондын зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оноос хойш тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин Х нь миний асрамжид амьдарч өсөж торниж байна. Одоо бид тус тусдаа амьдралтай болсон учир А.Х-гийн эцэг мөн болохыг тогтоож, 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацааны хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.А-ээс ирүүлсэн нэхэмжлэлийг гардаж авсан. 2013 онд төрсөн охин Хулан нь миний төрсөн охин мөн тул эцэг тогтоолгох шаардлагагүй ба охин Хуланд хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би охиндоо хэрэглээний зүйлийг бэлдэж өгдөг учир 2016 оноос хойших тэтгэлгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна, харин шүүхийн шийдвэр гарсан үеэс эхлэн тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч С.Бд холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.Б нь нэхэмжлэгч Э.Аийн шүүхэд гаргасан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргалаа.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан.
Өөрөөр хэлбэл Э.А, С.Б нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцэг С.Б нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул охин А.Хг эцэг С.Б хуульд заасан тэтгэлгийн хувь хэмжээгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн охин А.Хг эх Э.Аийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч С.Б нь охин А.Хг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцоно.
Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч С.Бтэй цаашид хамт амьдрах хүсэлгүй гэж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон бөгөөд тэрээр хариуцагч С.Бэс охин А.Хд төлөх хүүхдийн тэтгэлэгийг тусдаа амьдарсан хугацаа болох 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гаргуулна гэж тайлбарлаа.
Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх төлөгдөөгүй тэтгэлэгийг нөхөн төлүүлж болдог. Гэтэл энэхүү нөхцөл байдал зохигчдын дунд үүссэгүй, мөн нэхэмжлэгч Э.А нь 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхдийн тэтгэлэгийг тухайн үедээ нэхэмжлээгүй, энэ талаарх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байх тул хариуцагч С.Бэс охин А.Хд 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхдийн тэтгэлэгийг нөхөн гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд СЭ87103074 тоот регистрийн дугаартай, Гэнгэ овогт Сүхбаатарын Болор-Эрдэнийг 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин А.Хгийн эцэг мөн болохыг тогтоож, охин А.Хг нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Б тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Ат даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бэс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Ат олгож, мөн нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,210,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,595 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин А.Х-гийн эцэг С.Б мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин А.Хг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Б тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Ат даалгасугай.
3. Нэхэмжлэгч Э.Аийн хариуцагч С.Б охин А.Хд 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхдийн тэтгэлэгийг нөхөн төлүүлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бэс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Ат олгож, мөн хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,210,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,595 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА