| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2025/0103/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/123 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/123
2025 04 15 2025/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч ***************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б*****ийн Х**********д холбогдох эрүүгийн 253800********** дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ***************** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Х.Г*********ы эзэмшлийн тээврийн хэрэгслээс хоёр нүдний дуранг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ***************** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Х.Г*********ы эзэмшлийн тээврийн хэрэгслээс хоёр нүдний дуранг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 253800********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *****************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Би 2025 оны 01 сарын 30-ны өдөр Мөрөн сумын зах дээр явж байгаад Г******* ахтай тааралдаад машинд нь орж суусан. Тэр өдөр би Г******* ахтай хамт өвс ачилцаж өгсөн юм. Тэгээд машинаас нь буухдаа жолоочийн суудлаас өлгөөтэй байсан хоёр нүдний дуранг авч буусан. Би согтуудаа тийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Би тухайн дуранг авч яваад Мөрөн сумын 10-р хороонд байрлах Гурван ***** нэртэй дэлгүүрт ороод зарах гэсэн чинь авахгүй байхаар нь гаднаас дэлгүүр орж ирсэн хөдөөний залууд 50,000 төгрөгөөр зарсан. Тэр залуу тэр дэлгүүрийн эзэнтэй хамаатан л юм шиг байсан. Тэр мөнгөөрөө пиво хоёр шил архи авч уусан. Тамхи энэ тэр авч татаад л дууссан. ...Гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Х.Г*********ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би өөрийн машинтайгаа Мөрөн сумын 4 дүгээр багт байрлах Далай ээж зах дээр очсон. Тэгээд тухайн газраа зогсож байтал зүс таних З**** гээд нөхөр машинд согтуу орж ирж суусан. Тэр үед би машинаасаа орж гарч байгаад хөдлөх болоод З**** гээд нөхрийг би явлаа гээд машинаасаа буулгасан. Тэгтэл 2025 оны 02 дугаар сарын 01-ний өглөө машинаа асаагаад голын эрэг орж адуугаа дурандах гэтэл дуран маань алга болсон байсан. Миний машинд зүс таних З**** гэх хүнээс өөр хүн суугаагүй тул тухайн нөхөр л авсан. Мөн миний машин байрны грашид байдаг тул алга болох асуудал байхгүй. ...Тухайн дуран нь хоёр нүдний дуран ба далайчид хэрэглэдэг оригинал дуран байгаа юм. Би 1,000,000 төгрөгөөр үнэлж байна. ...Миний дуранг хулгай хийсэн З**** буюу Х********** нь хулгай хийснээ хүлээн зөвшөөрч, З****гийн дуран зарсан хүн нь надад дуранг буцаан өөрт минь өгсөн байгаа. Харин хохирол болох 50,000 төгрөгийг би дуран худалдан авсан хүнд нь өгсөн ба З**** надад 50,000 төгрөгийн хохирол төлбөл ямар нэгэн гомдол надад байхгүй..” гэх мэдүүлэг (хх-ийн 12-13, 16-р хуудас),
Гэрч О.Д*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын сүүлээр яг он сарыг нь мэдэхгүй байна. Манай дүү Н*********** *****зүрх сумаас ирсэн. Тэгээд З**** гэх хүн манай Гурван ***** нэртэй дэлгүүрт орж ирээд “дуран авах уу” гэж манай нөхрөөс асуусан гэсэн. Тэр үед нөхөр хаширлаад аваагүй гэсэн. Тэгтэл төрсөн дүү Н*********** нь тухайн хоёр нүдний дуранг 50,000 төгрөгөөр авсан байсан. Сүүлд нь хулгайн дуран байна гэдгийг нь мэдээд дүүгээ дуранг нь явуул гэж хэлж дуранг авчраад эзэнд нь саяхан буцааж өгсөн. Мөн дурангийн эзэн нь миний дуран мөн байна гээд надад 50,000 төгрөг өгсөн. Анх дуран авахад манайхаас 50,000 төгрөг манай дүү авсан байсан ба буцаан 50,000 төгрөгөө авсан тул ямар нэгэн хохирол байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 06-р хуудас),
“Ашид Билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ-924/11814 дугаартай “...2 нүдний дурангийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 02 дугаар сарын байдлаар 550,000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт (хх-ийн 25-28-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 36-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 37-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 38-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 39-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 350 дугаарт шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 41-43-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 253800********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *****************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Шүүгдэгч ***************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ***************** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Х.Г*********ы эзэмшлийн тээврийн хэрэгслээс хоёр нүдний дуранг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *****************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Х.Г*********ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 12-13, 16-р хуудас), гэрч О.Д*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 19-20-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 06-р хуудас), “Ашид Билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ-924/11814 дугаартай дүгнэлт (хх-ийн 25-28-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч ***************** нь иргэн Х.Г*********ы эзэмшлийн тээврийн хэрэгслээс хоёр нүдний дуранг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд өмчлөх эрхэд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч *****************гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *****************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс эд хөрөнгөө ил задгай орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч ***************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч ***************** нь хохирогч Х.Г*********д 550,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч Х.Г********* нь хоёр нүдний дурангаа *****************гаас худалдан авсан хүн болох О.Д*********д 50,000 төгрөг өгч буцааж авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч ***************** нь хохирогч Х.Г*********д тус 50,000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс 50,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Г*********д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *****************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *****************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ***************** нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 194 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 39-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 41-43-р хуудас) зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *****************д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ***************** нь ганцаараа амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн 253800********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
1. Шүүгдэгч О****** овогт Б*****ийн Х**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б*****ийн Х**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *****************гаас 50,000 (тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Х.Г*********д олгосугай.
5. Шүүгдэгч *****************гийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн 253800********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР