| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2019/00625/И |
| Дугаар | 156/ШШ2019/00654 |
| Огноо | 2019-11-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 156/ШШ2019/00654
| 2019 оны 11 сарын 20 өдөр | Дугаар 156/ШШ2019/00654 | Хэрлэн сум |
156/2019/00625/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ............. тоот хаягт оршин суух,М.Б /РД:............./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............... тоот хаягт оршин суух,Ц.Д /РД:................./-д холбогдох,
3 610 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч М.Б, өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн,
хариуцагч Ц.Д, өмгөөлөгч Д.Оюунцэцэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б би Ц.Дгээс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 3 000 000 төгрөгийг ............. тоот өөрийн эзэмшиж ашигладаг Хаан банкны дансааар шилжүүлж авсан. Үүнээс хойш Ц.Дд 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 180 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 2 000 000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 800 000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 630 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2 000 000 төгрөг, нийт 6 610 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Бидний хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй тул хүү, алданги төлөх үндэслэл үүсээгүй. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч М.Б би үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн ба Ц.Дгээс үндэслэлгүй олж авсан 3 610 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр маргааш өгөхөөр 3 000 000 төгрөг зээлүүлээч гээд гуйгаад байхаар нь итгээд өөрийн гүйлгээ хийж эргэлдүүлдэг мөнгөнөөсөө 3 000 000 төгрөгийг М.Бд зээлдүүлсэн. Тухайн үед би маргааш өгнө гэхээр нь бичгээр гэрээ байгуулалгүй, аман хэлцэл хийж шилжүүлсэн. 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 180 000 төгрөгийг над руу мөнгө зээлдүүлсэн тул урамшуулал болгож шилжүүллээ гэж хэлсэн. Ингээд мөнгөө удаа дараа нэхэхэд том харж үзнэ, жаахан хүлээж байгаарай гэх хариулт өгдөг байсан. Над руу шилжүүлсэн мөнгөнөөс 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн гэх 630 000 төгрөгөөс бусад 5 980 000 төгрөг нь миний данс руу орж ирсэн нь үнэн. Зээлсэн 3 000 000 төгрөгөөс илүү төлсөн гэж буй 3 610 000 төгрөгийг Б өөрөө хугацаа хэтрүүлсэн, мөн миний махны наймаагаа хийхэд тодорхой хэмжээгээр саад болсныхоо төлөө сайн дураар, буцаан авах болзолгүйгээр шилжүүлснийг би том харж үзнэ гэснээрээ өгч байна гэж ойлгосон. Иймд надаас 3 610 000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн энэ шилжүүлсэн мөнгө нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар хэтэрсэн хугацааны хүү гэж үзэж байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь Ц.Дгээс 3 610 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй маргасан.
Ц.Дгээс М.Б нь 3 000 000 төгрөг шилжүүлж авсан, зохигчийн хооронд бичгээр гэрээ хийгдээгүй гэх үйл баримт талуудын маргаагүй байдлаар өгсөн тайлбараар тогтоогдсон байна.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ц.Дгээс 3 000 000 төгрөгийг М.Бд шилжүүлсэн, М.Б нь тухайн мөнгөн хөрөнгийг буцааж төлөх үүрэг хүлээсэн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарч байна. Гэхдээ энэхүү зээлийн гэрээг талууд бичгээр байгуулаагүй учир зээлдүүлэгч-зээлдэгч нарын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар хүү болон анз тооцох үүрэг үүсээгүй байна.
Мөн Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаанаас өөр үүргийн харилцаа талуудын хооронд үүссэн гэх мэтгэлцээний байр суурийг зохигч гаргаагүй.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 5 980 000 төгрөг хүлээн авсан, харин 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн гэх 630 000 төгрөгийг хүлээн аваагүй гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасан үүргийн хүрээнд баримтаар няцааж чадаагүй болно.
Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хүрээнд 3 000 000 төгрөгийн үүргийг хариуцах ёстой байсан боловч 5 980 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь 3 000 000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байхдаа талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэгт хамаарахгүй 2 980 000 төгрөгийг нэхэмжлэгчээр илүү төлүүлсэн байна.
Хариуцагч нь зээлийн гэрээний хүрээнд хүү болон анз тооцох эрхгүй байсан, мөн өөр үүргийн харилцаа талуудын хооронд үүсээгүй байхад 2 980 000 төгрөгийг нэхэмжлэгчээс илүү авсан байгаа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг дээрх хэмжээний мөнгөн хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч талын зүгээс илүү авсан гэх 2 980 000 төгрөгийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэх зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгчээс хүлээн авсан гэж байгаа хэдий ч тохирсон хүүг ямар хувь хэмжээгээр ямар хугацаанд тооцсон нь тодорхойгүй, энэ талаар шаардах эрхийг бодитоор хэрэгжүүлсэн нь баримтаар нотлогдохгүй, мөн үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргаагүй байгаа тул уг мэтгэлцээний байр суурийг хүлээн авах боломжгүй юм.
Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд нэхэмжлэгч нь 3 000 000 төгрөг төлөх мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэсэн, хариуцагч нь үүссэн үүргийн харилцаанд хамаарахгүй 2 980 000 000 төгрөгийг хүлээн авч үндэслэлгүй хөрөнгөжсөн, түүнчлэн нэхэмжлэгч нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 630 000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгснөө баримтаар нотлоогүй зэргийг харгалзан хариуцагчаас 2 980 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 630 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд маргааны зүйлд хамааралгүй хариуцагчийн орлого, зарлагын дэвтрийн хуулбарыг үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Дгээс 2 980 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Бд олгож,
нэхэмжлэлийн шаардлагаас 630 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 72 710 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 62 630 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөлөөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ