Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 156/ШШ2021/00422

 

 

 

 

 

 

 

 

 

 

 156/ШШ2021/00422

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, шүүгч Б.Уранзаяа, шүүгч Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанд:

НэхэмжлэгчХэнтий аймгийн Хэрлэн сумын ..... тоотод оршин суух, Боржигон овогт Д.Б (РД: .)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий баг, Боржигон овогт Э. Н (РД:...)-т холбогдох алдсан малын үнэ 3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Д.н , нэхэмжлэгч Д.Б , хариуцагч Э.н , гэрч Д.Н , Б.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралданд гаргасан тайлбартаа: Миний бие муудаад, 2020 оны 6 дугаар сард миний охин Б.Н  нь өөрийнхөө хүргэн Э.н ынд миний 7 тооны үхрийг маллуулахаар аваачиж өгсөн юм. Гэтэл 2020 оны 9 дүгээр сард 5 үхрийг маань алдчихлаа олохгүй байна гэж хэлсэн. Бид хоёр сар гаруй эрж хайгаад олоогүй. Тэгээд би хэдүүлээ учраа ололцоод хагас ч хамаагүй төлж барагдуулаад дуусгая гэхэд Э.н  надад та хуулиараа яв. Би цагдаагаар явна гээд төлөөгүй. Нэхэмжлэх үхрийн тоо алдах үед 3 бяруу, нэг тугалтай үнээ нийт 5 үхэр байсан. Иймд Э.н аас 3 бяруу, 1 тугалтай үнээний үнэ болох нийт 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.н  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэр бүлийн хамт 2019 оноос эхлэн айлын хонь болон хадам эмээгийнхээ үхрийг маллаж байсан. Гэтэл 2020 оны 9 дүгээр сард намайг хадланд яваад ирэх үеэр эмээгийн 5 үхэр алга болсон байсан. Алдсан үхрүүдээ эрж байх үед 5 үхрийн сураг зүсээрээ гарсан. Би алга болсон үхрийг чадах чинээгээрээ эрж хайгаад олоогүй. Тийм байхад сүүлд нь намайг хулгайд сэрдээд байгаад гомдолтой байна. Эмээ надад хэдүүлээ учраа ололцъё, эмээдээ тугалтай үнээ, бярууныхаа орыг өг гэсэн. Харин би хулгай хийгээгүй учир тэрийг өгч чадахгүй, та намайг хулгай хийсэн гэж сүрдүүлсэн тул би гомдолтой байгаа, нэр төрөө сэргээлгэнэ гэж хэлсэн. Дараа нь эмээ нь идэх хоол ундгүй байна гэхээр нь өөрийн малаасаа нэг ямаа, нэг хонь өгсөн. Гэтэл нэг ямаа, нэг хонийг авчихаад 5 үхрийг авсан нь ойлгомжтой болсон гэж хадам аавд хэлсэн байхаар нь түүнээс хойш юу ч өгөөгүй. Би уг малыг аваагүй тул үнийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Иргэдийн төлөөлөгч Д.н  шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтдээ: Хариуцагчийг гэм буруугүй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б  нь хариуцагч Э.н т холбогдуулан алдсан малын үнэ 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.Б  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...миний үхрийг манай охин Б.Н  аваад хүргэн Э.н аар хариулгаж байсан. Улмаар манай үхрийг алга болсон гэж хэлсэн бөгөөд хариулж байсан Э.н  надад учирсан хохирлыг төлөх ёстой гэж, хариуцагч Э.н  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...үхэр нь алга болсон талаар эмээ Д.Б д мэдэгдсэн. Бид бүгд хайгаад олоогүй. Сүүлд намайг малыг нь хулгайлсан, авсан гэж гүтгэсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлалаа.

Хэргийн үйл баримтаас үзэхэд 2020 оны 6 дугаар сард нэхэмжлэгч Д.Б ын өмчлөлийн 3 тооны бяруу, 1 тооны тугалтай үнээ, нийт 5 тооны үхрийг түүний зөвшөөрснөөр охин Б.Н  нь хүргэн болох  Э.н аар хариулгахаар авсан, уг үхрүүдийг хариуцагч Э.н  нь хариулж байсан, улмаар 2020 оны 8 дугаар сард дээрх үхрүүд алдагдсан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч Д.Б  нь Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын үнэлгээний комиссын шийдвэрээр алдагдсан гэх 3 тооны бяруу, 1 тооны тугалтай үнээ, нийт 5 тооны үхрийг үнэлүүлж, үнэлгээний комиссоос нийт 3,500,000 төгрөгийн үнэлгээ /хх-ийн 6/ гарсан байна.

Хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч Д.Б ын ...манай охин Б.Н  миний үхрүүдийг хүргэн Э.н аар хариулгахаар аваад явсан. Би Э.н т мал хариулгын хөлс өгөөгүй... гэх тайлбар, хариуцагч Э.н ын шүүх хуралдаанд өгсөн ...эмээ Д.Б ын нийт 5 тооны үхрийг манай хадам ээж намайг байхгүй хойгуур авч ирсэн байсан. Тэгээд би хариулж байсан. Үхрийг алдсаны дараа хайгаад олоогүй, энд тэнд сураг нь гараад байсан боловч олоогүй... гэх тайлбар, гэрч Д.Н гийн шүүх хуралдаанд өгсөн ...Э.н ынд байсан Д.Б ын үхрүүд алга болоод би эхнэртэйгээ хамт голоор эрээд олоогүй. Сүүлд нь Төмөр гэдэг хүн алга болсон 5 үхрийг Хэнтий бригадын зүүн хойно байсан гэж хэлсэн. Тухайн үед буруу эрсэн байсан. Тэгээд нэхэмжлэгч Д.Б д хэлэхэд өвгөнтэйгөө хамт үхрээ эрээд явж байхад мөн халзан Зоригоо гэх хүн Навчит чандманьд байна гэж зүсээр нь сургийг хэлсэн. Тэр үед өвгөн, хөгшин хоёр үхрээ олох юм шиг байна. Тугалынх нь хүзүүвч нь шигдчихсэн явж байна гэнээ гэж ярьж байсан. Түүнээс хойш чимээгүй байхаар нь олсон юм байх гэж бодсон гэх мэдүүлэг, гэрч Б.Н ийн шүүх хуралдаанд өгсөн Би 2020 оны 05 дугаар сард ээж Д.Б ын үхрийг хүргэн Э.н ынд хүргэж өгсөн. Тоолж, хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Түүнээс хойш үхэр хэдэн сард алга болсон талаар сайн мэдэхгүй. Би үхэр хүлээлгэж өгөх зэрэгт оролцоогүй. Ээж, хүргэн, охин гурвыгаа харилцан тохиролцсон гэж ойлгосон. Манай охин эмээгийнхээ хэдэн үхрийг авчраад өвс тэжээл гайгүй газар хариулъя гэж байсан. Ээжийн үхэр хариулах талаар Э.н тай ярилцсан зүйл байхгүй, би охинтойгоо ярилцсан. Үхэр алга болох үед хүргэн хайж байсан. Энд тэнд сураг нь гарч байсан... гэх мэдүүлгүүдээр нэхэмжлэгч Д.Б  нь хариуцагч Э.н тай нийт 5 тооны үхрийг хариулгуулахаар тохиролцоогүй, хариуцагч Э.н  нь дээрх үхрүүдийг бүрэн бүтэн хадгалж, хариулах үүргийг хүлээгээгүй, тэрээр мөн уг үхрүүдийг авч ашигласан нь баримтаар нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй... гэсэн хуулийн шаардлагуудыг нэхэмжлэгч хангаагүй байна.

Иймд дээрх байдлаар нэхэмжлэгч Д.Б  нь хариуцагч Э.н аас алдагдсан махын үнэ 3,500,000 төгрөг гаргуулах үндэслэл шаардлагаа нотлоогүй, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Зүйлчлэлийн хувьд нэхэмжлэгч Д.Б  нь өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна гэж тайлбарладаг бөгөөд шүүх хуралдаан дээрх зохигчдын мэтгэлцээний байдал болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд энэхүү маргаан нь гэм хор учруулснаас үүсэх үүрэг биш байна. Харин Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.н т холбогдох алдагдсан малын үнэ 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.МАРИНА

ШҮҮГЧ  Х.ОТГОНЖАРГАЛ

ШҮҮГЧ  Б.УРАНЗАЯА