Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 216/МА2019/00007

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 134/ШШ2019/00033 дугаар шийдвэртэй, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ш-О” ХК-д холбогдох өмнөх барааны үлдэгдэл төлбөр 12,369,429 төгрөг, гэрээт барааны үндсэн төлбөр 77,014,080 төгрөг, алданги 770,140 төгрөг нийт 90,153,649 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “Ш-О” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, нарийн бичгийн дарга П.Р нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Ш О” ХК-д 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 500 метр, 39 мм-ийн  12 650 000 төгрөгийн ган дээс нийлүүлсэн, үлдэгдэл төлбөр 12 369 429 төгрөг байна.

 

Мөн “Ш О” ХК-иас зарласан СШ.№17.ШОХК.2018 дугаартай “Ган дээс нийлүүлэх” нийлүүлэгчийг сонгох, сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 494 дугаартай гэрээ байгуулах албан мэдэгдэл хүлээн авч, хуулийн дагуу гүйцэтгэлийн баталгаа гаргаж, ШО18-2/89 дугаартай “Ган дээс худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулсан болно.

 

Гэрээнд заасан техникийн тодорхойлолтын дагуу 1360 метр, ГОСТ 7669-80, 52 мм-ийн, 77 014 080 төгрөгийн  эксковаторын ган дээсийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэн өгч, гэрээ дүгнэсэн акт үйлдэж баталгаажуулав.

Гэрээний 6.3-д заасан “Барааны төлбөрийг бараа хүлээн авсан акт үйлдсэнээс хойш 60 хоногийн дотор шилжүүлнэ” гэж заасан байна.

 

2018.08.17    – 60 хоног-  2018.10.12               101 хоног       2019.01.21

/бараа хүлээлгэн өгсөн/                /барааны төлбөр төлөх/                          /хугацаа хэтэрсэн/

 

 Мөн гэрээний 9.7-д “Захиалагч нь гэрээнд заасан хугацаанд нийлүүлэгдсэн барааны төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01%-ийн алданги төлнө” гэж, 9.8-д зааснаар алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1%-иас хэтрэхгүй байхаар заасан тул алданги 770 140 төгрөг байна.

 

Иймд өмнөх барааны үлдэгдэл төлбөр 12 369 429 төгрөг, гэрээт барааны үндсэн төлбөр 77 014 080 төгрөг, алданги 770 140 төгрөг, нийт 90 153 649 төгрөгийг хариуцагч “Ш О” ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 “Ш О” ХК нь “М” ХХК-ийн өмнөх үлдэгдэл төлбөр 12 369 429 төгрөг, гэрээт барааны үндсэн төлбөр 77 014 080 төгрөг, нийт 89 383 509 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

 

Харин алдангийн асуудлыг талууд тохиролцох байдлаар шийдэх бүрэн боломжтой хэмээн үзэж байна. Тус компани хөрөнгө, санхүүгийн хүндрэлтэй асуудлаас шалтгаалан “М” ХХК-ийн нийлүүлсэн барааны төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдалтай байна. Мөнгөн хөрөнгийн урсгал сайжирч, эдийн засгийн боломж үүссэн нөхцөлд “М” ХХК-ийн нийлүүлсэн барааны төлбөрийг төлөх болно. “Ш О” ХК, “М” ХХК-дын хооронд үүсч буй нийлүүлсэн барааны төлбөрийн асуудлыг эвлэрлийн журмаар харилцан ойлголцох байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байх хэмээн үзэж байна гэжээ.

 

 Анхан шатны шүүх:  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Ш-О” ХК-иас өмнө барааны үлдэгдэл төлбөр 12,369,429 төгрөг, гэрээт барааны үндсэн төлбөр 77,014,080 төгрөг, алданги 746,997 төгрөг нийт 90,130,506 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, үлдэх 23,143 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608,720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш О” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 608,602 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 134/ШШ2019/00033 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 134/ШШ2019/00033 дугаар шийдвэрийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гардан авсан болно.

 

Хариуцагч Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 134/ШШ2019/00033 дугаар шийдвэрээр үндсэн төлбөр, алдангийн асуудлыг шийдвэрлэхдээ үндэслэл бүхий болоогүй хэмээн үзэж гомдол гаргаж байна.

Хариуцагч алдангийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ буруу шийдвэрлэсэн хэмээн үзэж байгаа бөгөөд алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой хэмээн үзэж байна.

Иймд дээрхи үндэслэлээр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 134/ШШ2019/00033 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж алданги 746,997 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ш О ХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 89,383,509 төгрөг, алданги 770140 төгрөг нийт 90,153,649 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох алданги 770140 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ  гэрээний үүрэгт нийт 89, 383,509 төгрөг, харин алданги 770140 төгрөгөөс 746997 төгрөгийг хангаж, үлдэх 23143 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба хариуцагч тал алдангийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. 

Зохигчид 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Ш-О” ХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэг болон алдангид нийт 90,153,649 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох алданги 746997 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох гэрээний үүргийн үндсэн төлбөр 89,383,509 төгрөгийг бүрэн хариуцан төлж барагдуулах, улмаар уг төлбөрийг хариуцагч нь сайн дураар төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч тал нь албадан гүйцэтгүүлэхээр тус тус тохиролцсон нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан хэлцлийг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :         

1.Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 134/ШШ2019/00033 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигчид 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Ш-О” ХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт болон алдангид нийт 90,153,649 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох алданги 746997 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох гэрээний үүргийн үндсэн төлбөр 89,383,509 төгрөгийг бүрэн хариуцан төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ш-О” ХК-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч “Ш-О” ХК сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.ТЭГШСУУРЬ

                         ШҮҮГЧИД                     О.ОДНЯМАА

                                                                  Х.БАЙГАЛМАА