Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ДШМ/328

 

 

 

 

 

  2021            03            31                                         2021/ДШМ/328    

 

Б.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхөө, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Онолт,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Б.Батболор, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201726011049 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А-, 1993 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар гудамжны 31 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:УШ93052411/,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 жилээр тогтоож, 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хугацаа дуусаж суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн  хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр  хугацаа дуусаж суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 589 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт  зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 14 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн;

Б.А- нь Э.А-тэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 19-ноос 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-73 тоотод байрлах иргэн Д.О-ын эзэмшлийн “Соёмбо” шашны дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, 6400 юань буюу 1.920.000 төгрөг, бэлнээр 250.000 төгрөг, “Samsung J5”, “Samsung galaxy” загварын гар утаснууд зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 2.735.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Баярбат, Б.Г-, Б.Х-, П.П- нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 50-6 тоотод байрлах иргэн Д.У-ын орон сууцанд хууль бусаар нэвтэрч, алтан гулдмай, macbook, 12 ширхэг мөнгөн аяга, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөгнүүд, бэлэн мөнгө, валют зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 211.895.089 төгрөгийн хохирол учруулсан,

            М.М-тэй бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЖСКМ” ХХК-ийн цонхны хаалтыг эвдэн хууль бусаар нэвтэрч, төмөр сейфийг эвдэн дотор нь байсан бугуйвч, ээмэг, “Nokia” загварын гар утас, гадаадын иргэдийн паспорт зэрэг хөрөнгийг хулгайлан авч, Н.М-д 4.360.000 төгрөгийн хохирол учруулсан,

ганцаараа 2019 оны 9 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Маколи” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 6 ширхэг вино, 49 ширхэг шоколад зэрэг хүнсний эд зүйлс, бэлэн мөнгөний пос машин, биеь 21.360 төгрөг зэргийг хулгайлан авч, Т.Л-д 1.576.160 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Амгалан” хотхоны 01 тоотод байрлах иргэн А.Т-ын өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, шүрэн толгойтой алтан, мөнгөн халбагатай хаш хөөрөг, хаш тээг, 7 ширхэг ханцуйн товч 1 хос, запник, энгэрийн тэмдэг, Монгол Улсын сүлд зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 9.298.600 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Жаргалант Эко хотхоны 1б тоотод байрлах иргэн В.Б-ы эзэмшлийн орон сууцны вакум цонхны салхивчаар хууль бусаар нэвтэрч, 4 ширхэг хөөрөг, 7 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний ээмэг, бөгжний хослолууд зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 9.836.600 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Жаргалант Эко хотхоны 25а тоотод байрлах иргэн О.Б-ийн орон байранд хууль бусаар нэвтэрч, виски, камер зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 292.947 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд байрлах иргэн Ш.С-гийн өвлийн байшингийн сууцны салхивчийг түлхэн хууль бусаар нэвтэрч, булган малгайн оройн тоног, мөнгөн аяга зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 3.827.000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, 243.821.396 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 1159 /нэг мянга нэг зуун тавин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ээс нийт 38.215.424 төгрөг гаргуулан хохирогч С.О-ад 367.500 төгрөгийн, П.У-т 19.018.017 төгрөгийн, Н.М-д 2.180.000 төгрөгийн, Т.Л-д 21.000 төгрөгийн, А.Т-од 5.373.160 төгрөгийн, В.Б-д 5.535.800 төгрөгийн, О.Б-эд 292.947 төгрөгийн, Ш.С-д 3.827.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч О.Б-д 600.000 төгрөгийн, А.А-д 1.000.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Б.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг өмгөөлөгч У.Батцэцэгээр дамжуулан шинжлэн судлуулах хүсэлт тавихад шүүх хүлээж аваагүй. Үүнд: 1. А.А-, О.Б-, Д.Ж-, А.А- нарыг ямар шалтгаан, үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож, яагаад гэрч болгосныг шинжлэн судлуулах хүсэлтийг хүлээн аваагүй.

2. А.А-ийн мэдүүлгүүдээс /5хх 165-166/, /5хх 76-78/, /5хх 81-82/ харахад төрсөн дүү А.А-ийг урьд нь хулгайн гэмт хэргээр ял эдлэж байсныг мэдсээр байж 2-3 удаа хулгайн эд зүйл худалдаж авсан нь эд зүйл хүлээлгэн өгч, хураан авсан тэмдэглэлээс харагдсаар байхад гэрч болгож миний эсрэг ашигласан.

3. О.Б-гийн эд зүйл хураан авсан тэмдэглэл /5хх 79-80/, мөн гэрчээр өгсөн мэдүүлэг /5хх 160-161, 163-164/ зэргээр А.А-ийг хулгайн аргаар олсон эд зүйлийг мэдсээр байж худалдаж авсан нь харагдана. Харин О.Б-д хохирогч Ш.С-гаас хулгайлан авсан шүрийг аваачиж үзүүлэхэд “1.000.000 төгрөгөөр авна” гэхээр нь би зараагүйн улмаас цагдаагийн байгууллагад мэдэгдсэн үйлдлийг харахад өөрт нь ашигтай бол намайг ямар аргаар олсон нь хамаагүй худалдаж авдаг. Харин түүнд үзүүлээд үнэ тохироогүй тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулан хамтран ажиллаж байгаа мэтээр дүр эсгэж ашиг олдог нь харагдана.

4. Д.Ж-ы гэрчээр өгсөн мэдүүлэг /5хх 169/, тайлбар зэргээс хулгайн эд зүйлийг мэдсээр байж худалдан авсан нь харагдана. Мөн хохирогч Ш.С-гийн гэрээс авсан шүр болон мөнгөн тоног, А.Т-ын жижиг гарын шүрэн толгойтой хаш хөөрөг зэргийг хурааж аваагүй. Учир нь маш ашигтай наймаа хийсэн учир түүнийгээ алдахгүйн тулд Нарантуул зах дээр явуулын хүнд зарсан гэж мэдүүлгээрээ булзайруулдаг. Гэтэл Д.Ж- нь 20 жил тогтвортойгоор эртний эдлэлийн дархан хүн байсан, одоо ч түүнийгээ хийж байгаа. Харин хуулийн этгээд байсан бол хулгайн эд зүйлийг Нарантуул зах дээр зарахгүй, харин ч зарсан хүнээсээ буцаан авч, нэр хүндээ бодох байсан.

5. А.А- нь 2020 онд үйлдэгдсэн 4 үйлдэлд хамт оролцож машин механизмаар туслан хатгаж, тухайн объектыг олж, хулгайн эд зүйлийг зарж, зуучилж өгсөн хамтрагч юм. Энэ байдлыг 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр миний бие А.А-ийн хамтаар түүний гэрийн гаднаас машинтай баригдаж, Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн төлөөлөгч нарт очоод үнэн зөвөөр мэдүүлсэн.

Хавтас хэрэгт О.Б-, А.А- нарыг заасан гэрэл зургийн үзүүлэлт гэх баримт, гэрч Г.Х- /5хх 153-154/, Ш.С-гийн гэрийн хамгаалалтын ажилтан гэрч Г.Г- /6хх 200/, А.А-, О.Б- нараас авсан мэдүүлэг гэх мэт олон гэрч байсаар байтал хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүх үүнийг шинжлэн судлахгүйгээр ял шийтгэл оногдуулсан ерөнхий шүүгч И.Ганбатын даргалж хийсэн шүүхийн ажиллагаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Мөн миний бие хохирогч Д.У-ын хохирол, төлбөрийн тал дээр маргадаг.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяагийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 370 дугаартай яллах дүгнэлтэд 23.019.017 төгрөг гэсэн байхад 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолд 19.018.017 төгрөг болж багасан шүүхийн шатанд өөрчлөлт оруулаад байгаа нь ойлгомжгүй байна. Миний бие 2018 оноос хойш зөвхөн хохирогч Д.У-ын хохирол төлбөрөөс болж маргаж өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй явсаар хэрэг хүндрээд ял шийтгэл минь ихэссэн. Энэ хохирлыг 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр шүүх хурал дээр үнэн зөв тогтоогоод ял шийтгэл оногдуулсан бол өдийд миний бие эрх чөлөөтэй үйлдсэн хэргийнхээ хохирол төлбөрийг төлөх гээд ажил хөдөлмөр эрхлээд явж байх байсан юм. Мөн яллах дүгнэлтэд хохирогч Д.У-т нийт 211.895.089 төгрөгийн хохирол учруулсан гэдэг. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 214.630.089 төгрөг гэж дүгнэсэн. Эдгээрийн аль нь ч биш. Учир нь хохирогч Д.У-ын 90.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн халтар манан хөөрөг нь 13.000.000 төгрөг болж үнэлгээ багасаж, нийт учруулсан хохирлоос хасч тогтоогдох ёстой. Иймд хэргийг тал бүрээс нь шинжлэн судалж зөв шийдвэр гаргаж өгнө үү. Мөн хорих ял эдлэх дэглэм болон хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч У.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс Б.А-т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Онолт тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээр хэргийн хянан хэлэлцэх явцад Б.А- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргадагүй. Гомдолд дурдсан А.А-, О.Б-, Д.Ж- нар нь гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон талаар шүүх хуралдааны үед яригдсан. Улмаар хэрэгт авагдсан баримтуудаар эдгээр хүмүүс гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн. Хорих ялын хугацаа болон ял эдлэх дэглэмийн хувьд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, түүний удаа дараа хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдал, хохирол нөхөн төлөгдөөгүй зэргийг харгалзан 9 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.А- ганцаараа болон бусадтай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 8 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлан авч, нийт 243.821.396 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

эд зүйлээ хулгайд алдсан талаарх хохирогч Д.О-ын “...6400 юан, бэлэн 250 төгрөг, 150.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung J5” загварын гар утас, “Samsung galaxy” гар утас зэрэг зүйлүүд алдагдсан. ...” /1хх 23-24/,

хохирогч Д.У-ын “...манайхаас нөтбүүк, 2 ширхэг төмөр сейф, түүн дотор 10-12 ширхэг мөнгөн аяга, шүрэн толгойтой алтан нуухтай, суурь нь бөөрөнхий халтар манан хөөрөг, 4 хүчтэн сийлсэн цагаан өнгийн шүрэн хөөрөг, өөрөөсөө хар толгойтой алтан нуухтай хар болор хөөрөг, толгойг нь тавьсан жижиг халтар манан хөөрөг, эмэгтэй хүний жижиг шүрэн хөөрөг, Монгол банкнаас гаргасан бурхны дүрстэй алтан гулдмай, 2 ширхэг шүрэн арслан, 5-6 орон сууцны гэрчилгээ, биет 600.000 төгрөг, 350 евро, эхнэрийн гоёлын зүүлт зэрэг эд зүйлс алдагдсан. ...” /2хх 29/,

хохирогч Н.М-ийн “...манай өрөөнд байсан гадаадын иргэдийн паспорт, ширээний шургуулгад байсан 22 каратын алтан хослол, цэцгэн хэлбэртэй бөгж 2 ширхэг, унждаг алтан ээмэг. Хослол нь толь шиг гялтгар, ямар нэг хээ, хуар байхгүй, толин, 1 бөгж нь бөөрөнхий дээр 3 даймонд шигтгээтэй, ээмэг нь унжгар бүдүүн сүлжмэл юм шиг харагддаг. Хайрцагтай “Нокиа” гэсэн бичигтэй хар өнгийн сөхөж нээгддэг гар утас байсан. ...” /4хх 33-34, 38/,

хохирогч Т.Л-гийн “...манай дэлгүүрээс 6 нэр төрлийн танго шоколад 6, жижиг шоколад 4, шар доктор жүүс, пос машин зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Биет 21.360 төгрөг байсан. ...” /4хх 99/,

хохирогч А.Т-ын “...манай гэрээс мөнгөн аяга 7 ширхэг, бага гарын хаш хөөрөг 1 ширхэг, хаш тээглүүр 1 ширхэг /шашны ёслолд ашигладаг/, зажем хослол, 11 ширхэг мөнгөн зоос, ангийн хутга 1 ширхэг, цагаан алтан гинж 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...Би алдагдсан эд зүйлсээс хаш хөөрөг, хаш тээглүүр хоёроос бусдыг нь хүлээж авсан. ...” /5хх 124-125, 126/,

хохирогч В.Б-ы “...архи хундагалдаг жижиг мөнгөн аяга, монетон бөгж, эрэгтэй хүний чигчий хурууны бөгж, бугуйн цаг, 4 хүчтэний дүрстэй цагаан шүрэн хөөрөг, дунд гарын халтар манан хөөрөг, шүрэн хөөрөг, их гарын мөнгөн аяга 2, дунд гарын мөнгөн аяга 4, алтан бөгж, чигчий хурууны монетон бөгж, мөнгөн гинж, ээмэг бөгжний хослол зэрэг эд зүйлс алдагдсан. ...Алдагдсан эд зүйлсээс мөнгөн хөөрөг, цагаан хаш хөөрөг, их гарын цагаан хөөрөг, бугуйн цаг, мөнгөн гинж, их гарын мөнгөн аяга, трагерц бугуйвч хүлээн авсан. ...” /6хх 39-41/,

хохирогч О.Б-ийн “...цонхны гадна талын тор газар унасан цонх нь онгорхой байсан. ...1.75 литр виски, камер алдагдсан. ...” /6хх 131-133/,

хохирогч Б.Г-ийн “...2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хулгай орж шүрэн толгойтой алт, мөнгөн тоногтой булган малгай байсныг нь олж авсан гэсэн. ...”  /6хх 183, 189/,

иргэний нэхэмжлэгч О.Б- /5хх 145-146, 162-163/, А.А- /5хх 149-150, 165-166/, гэрч С.Айнагүл /4хх 45/, Э.Эрхэмбаяр /5хх 156/, А.Оюундагва /5хх 167/, Д.Ж- /5хх 168-169/,

шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /1хх 65, 67-68, 222/, /2хх 165/, /4хх 65-66/, /4хх 222/, /5хх 192-193, 206-207/, /6хх 106-107/, /6хх 158/, /6хх 226/, /7хх 28-31/,

алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /1хх 21/, /2хх 35-37, 40/, /4хх 42-43/, /4хх 205-207/, /5хх 132, 138/, /6хх 49-50/, /6хх 139-140/, /6хх 193/,

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх 27/, /4хх 194, 207/, /5хх 79-84/, /5хх 83, 138/, /6хх 35-36/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 12-18/, /1хх 244-2хх 11/, /2хх 13-22/, /4хх 3-13/, /4хх 183-187/, /5хх 23, 24, 26-30/, /5хх 60-74/, /6хх 117-119/, /6хх 120-125/, /6хх 169-175/,

камерын бичлэг болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 23, 4хх 21-23/, бусдын биед үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 24-27/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг, тухайлбал, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хяналтын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тэдгээрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-ийг “Хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйл баримтыг тогтоож, энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой тусган, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Түүний ганцаараа болон бусадтай бүлэглэн найман удаагийн бусдын эд хөрөнгийг хулгайлан 243.821.396 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.А- нь “...А.А-тэй хамтарч хэрэг үйлдсэн, О.Б-, А.А-, Д.Ж- нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь буруу, тэд хулгайн эд зүйл зарж байсныг мэдэж байсан, ...хохирогч Д.У-ын хохирлын хэмжээ эргэлзээтэй, ...мөн ял эдлэх дэглэм болон хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

А.А-тэй хамтарч хэрэг үйлдсэн, О.Б-, А.А-, Д.Ж- нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь буруу, тэд хулгайн эд зүйл зарж байсныг мэдэж байсан гэх гомдлын тухайд, А.А-ийн яллагдагчаар өгсөн “...А- утсаар яриад хүнтэй уулзах хэрэг байна гээд Буянт-Ухаа 2 хороолол өнгөрөөд зам дагуу буугаад би гэрлүүгээ явсан. ... А- мөнгөний хэрэг гараад байна, дөрвөн ширхэг мөнгөн аяга зармаар байна гэхээр нь өөрийн ах А-тэй очиж уулзахад “хулгайн эд зүйл биш биздээ” гэхэд А- “биш” гээд мөнгөн аяга 4 ширхэг, дуран, цүнх, жижиг хутга зэргийг зарсан. ...Жижиг шүрийг А- намайг зараад өг гэхээр нь би Б- эгчид үзүүлсэн чинь зараад хэрэггүй гээд өөрөө аваад явсан. ...А- надад аавын эд зүйл, мөнгөний хэрэг гараад зарах гэж байна гэж хэлсэн. ...” /5хх 208-209/, О.Б-гийн “...мөнгөн толгойтой мөнгөн хөөрөг, шүрэн толгойтой цагаан чулуун хөөрөг үзүүлээд “үүнийг худалдаж авах уу” гэхээр нь би “хэдэн төгрөгөөр зарах юм бэ” гэж асуухад “500.000 төгрөгөөр зарна” гэхээр нь би худалдаж авсан. ... 7 хоногийн дараа шүр авах уу гэхээр нь үгүй гэж хэлсэн.Тэр шүр нь сэв зураасгүй, өнгөлөг улаан суурьтай, ягаандуу өнгийн нэвт нүхэлсэн шүр байсан. ...” /5хх 160-161, 163-164/, А.А-ийн “...манай дүү болох А- ирээд “ах надад нэг том, гурван жижиг мөнгөн аяга байна, та сонирхох уу, манай найз зараад өгөөч гээд байхаар нь таныг авч магадгүй гэж бодоод аваад ирсэн юм гэхээр нь хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм гэсэн чинь 1 сая төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь үзэж байгаад 1 сая төгрөг бэлнээр тоолж өгөөд тухайн дөрвөн мөнгөн аягыг авсан юм. ...Би тэр дөрвөн мөнгөн аягыг хулгайн аяга байсныг мэдээгүй, дүүгээ зарах гэж яваа юм байх гэж бодоод авсан. ...” /5хх 165-166/, Д.Ж-ы гэрчээр өгсөн “...А- залгаад та хүнээс асуусан уу гэхээр нь ямар юм байгаа юм үзье гээд очиж үзэхэд нүхтэй шүр, эвдэж базсан 3лан хар мөнгө, жижиг цагаан хаш хөөрөг, шүрэн толгойтой байсан. Би дээрх эд зүйлсийг нийлүүлээд 3.150.000 төгрөгөөр худалдаж авсан. ...Би хулгайн эд зүйл худалдан авч байгааг мэдээгүй. Надад ийм эд зүйлс байна уу авах уу гэхээр нь сонирхоод авсан. ...” /5хх 168-169/,  шүүгдэгч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Б- гэх эмэгтэйд хулгай хийсэн гэж хэлээгүй. ...Хар мөнгө, хаш хөөрөг зэргийг алт мөнгөний дархан Ж- ахад 3.150.000 төгрөгөөр мөнгөний хэрэг гараад аавын эд зүйл гэж хэлээд зарсан. ...Энэ хэрэгт А-тэй бүлэглэн үйлдсэн хэрэг огт байхгүй. ... А-ээр хүргүүлээд буудаг байсан. ... Би дээрх гэмт хэргүүдийг ганцаараа үйлдсэн. ...” /5хх 192-193/, /5хх 205-207/, /7хх 13, 27-31/ гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан байх бөгөөд үүнээс өөрөөр А.А-ийг хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон,  О.Б-, А.А-, Д.Ж- нарыг хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж худалдан авч, зарж борлуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаагаас гадна шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хяналтын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

А.А-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан тогтоолыг /7хх 1-2/ 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байгааг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна /7хх 54-55/.

Хохирогч Д.У-ын хохирлын хэмжээ эргэлзээтэй гэх гомдлын тухайд; Б.А- нь Б.Баярбат, Б.Г-, Б.Х-, П.П- нартай бүлэглэн хохирогч Д.У-ын гэрээс эд зүйл хулгайлсан байх бөгөөд эрх бүхий байгууллагаас алдагдсан эд зүйлийн үнэлгээг 211.895.089 төгрөгөөр тогтоож, хамтран хэрэг үйлдсэн  Б.Баярбат, Б.Г-, Б.Х-, П.П- нарын хэргийг тусгаарлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцэж хохирогч Д.У-т буцаан олгосон эд зүйлийн үнийг хасч, үлдэх хохирлыг хамтран үйлдсэн шүүгдэгч тус бүрээс 23.019.017 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн байх ба /3хх 195-212/ Улсын Дээд шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр уг хэргийг хэлэлцэж /Д.У-т учирсан хохирлын хэмжээ тогтоогдсон, шүүгдэгч нараас гаргуулахаар заасан хохирлын хэмжээ үндэслэлтэй гэж үзсэн/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1211 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болжээ /5хх 39-45/.

Иймээс анхан шатны шүүхийн эрх бүхий байгууллагаас тогтоосон эд зүйлийн үнэлгээг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоон, хохирогч нар биет байдлаар буцаан олгосон болон нөхөн төлсөн дүнг хасаж, төлөгдөөгүй үлдсэн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дгаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзнэ.

Түүнчлэн, хохирогч Д.У-т нийт 211.895.089 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 214.630.089 төгрөг гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна гэсэн давж заалдах гомдлыг хянавал хохирогч Д.О-ын 2.735.000 төгрөг, хохирогч Д.У-ын 211.895.089 төгрөгийн хохирлыг нэмж 214.630.089 төгрөгийн хохирол учирсан гэж бичсэн байна /7хх 202/.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “... тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн тодорхойлон тогтоожээ. Хуулийн энэхүү зохицуулалтаар зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан болон шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн хэрэг, хүний хувьд л шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох бөгөөд эдгээрт дурдагдаагүй хэрэг, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа явуулах эрхгүй.

 Б.А-ийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт  холбогдуулан прокурор М.Амарзаяа 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 370 тоот яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд уг дүгнэлтийн тогтоох хэсэгт түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллаж байгаа талаар дурдсан байна /7хх 60-71/. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЗ/1156 дугаар захирамжаар Б.А-ийг прокурорын дээрх яллах дүгнэлтэнд тусгасан хэргийн хувьд шүүхэд шилжүүлэн, улмаар прокурорын яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамжинд /7хх 91-93/ тус тус дурдсан хэргийн хүрээнд анхан шатны шүүх хэрэг хэлэлцэх ажиллагааг явуулсан нь хуульд нийцжээ.

 

Харин Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/393 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.А-т холбогдох хэргийг хянан хэлэлцэж тухайн зүйл заалтад зааснаар 8 жилийн хорих ял оногдуулж /7хх 117-122/ байсан бөгөөд хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн үндэслэлээр шийтгэх тогтоол хүчингүй /7хх 144-151/ болж анхан шатны шүүх дахин шийдвэрлэхдээ /нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад/ ямар нэг хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр 9 жилийн хорих ял оногдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс 8 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

Иймд дээр дурдсан зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, шүүгдэгч Б.А-ийн гаргасан давж заалдах гомдлын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, “...А.А-тэй хамтарч хэрэг үйлдсэн, О.Б-, А.А-, Д.Ж- нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь буруу, тэд хулгайн эд зүйл зарж байсныг мэдэж байсан, ...хохирогч Д.У-ын хохирлын хэмжээ эргэлзээтэй. ...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Б.А-ийг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Б.А-ийг 8 /найм/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-ийн гаргасан давж заалдах гомдлын “...А.А-тэй хамтарч хэрэг үйлдсэн, О.Б-, А.А-, Д.Ж- нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь буруу, тэд хулгайн эд зүйл зарж байсныг мэдэж байсан, ...хохирогч Д.У-ын хохирлын хэмжээ эргэлзээтэй,. ...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН