Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 156/ШШ2020/00479

 

 

156/ШШ2020/00479

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

156/2020/00423/И 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Дадал сум, .... дүгээр баг, ..... оршин суух, Х овогт Ц Долгорсүрэн /РД:...... /-гийн хүсэлттэй нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, прокурор Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов. 

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Д нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:Миний эцэг А.Л нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 2 дугаар сарын 21-ний 6 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн билээ. Уг хэргийг Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар магадлалаар цагаатгасан. Миний бие Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 69 тоот шийдвэрээр Садан төрлийн холбоо тогтоолгож, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 696 дугаартай шийдвэрээр 1,000,000 төгрөгийг авч 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 59 дугаарт зарлагдсан. Иймд хэлмэгдэгч А.Л охин /үржилж авсан / Ц.Д надад нөхөн олговор 80,000,000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Ц.Д үржилж авсан эцэг А Л нь Дорнод аймгийн Баян-Уул сумын харъяат, ард, буриад хүн байсан. 1938 онд улс төрийн хэрэгт хэлмэгдэж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар магадлалаар цагаатгагдаж байсан. Ц.Д нь Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 69 тоот шийдвэрээр Садан төрлийн холбоо тогтоолгож, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 696 дугаартай шийдвэрээр 1,000,000 төгрөгийг авч, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 59 дугаарт зарлагдсан. Иймд хэлмэгдэгч А.Л үржилж авсан охин Ц.Д нөхөн олговор 80,000,000 төгрөгийг олгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улс төрийн хилс хэрэгт иргэн А.Л нь холбогдож улмаар цагаатгагдсан, түүний үржилж авсан охин нь хүсэлт гаргагч Ц.Д мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул нөхөн олгвор 80,000,000 төгрөгийг олгоход татгалзах зүйлгүй гэв. 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь: 

Хүсэлт гаргагч Ц.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох  80,000,000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Д нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна. Энэ нь хэрэгт авагдсан Зууны мэдээ сонины 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 59 дугаарт нийтлэгдэж баталгаажсан байна.

А Л нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн А.Л нь хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт төрөөс орон сууц олгож байгаагүй байна.

А.Л нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан, хүсэлт гаргагч Ц.Д нь А.Л хүүхэд гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

Монгол Улсын дээд шүүхээс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 17184 дугаартай цагаатгалын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 05/4384 тоот лавлагаа,

БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн хяналтын 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар магадлал,

Улсын бүртгэлийн Ерөнхий газраас олгосон ...2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 45/007550 тоот албан бичгээр ирүүлсэн Ц.Д эцэг нь Х.Ц, эх нь А.Х гэх ХААТР-1 маягт,

Үндэсний төв архивын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 03-10/4303, 03-10/4304, 03-10/4305, 03-10/4306 тоот лавлагаанууд,

- Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 69 дугаартай шийдвэрийн хуулбар,

- Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 696 дугаартай шийдвэрийн хуулбарууд авагджээ.

Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.223 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч А.Л нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний охин Ц.Д 80,000,000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзлээ. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 80,000,000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан ........ регистрийн дугаартай, Х овогт Ц Д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэхүү хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.МАРИНА