2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар  2025/ШЦТ/991

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Аминаа хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа,

Гэрч Г.*******,

шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Б.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бууч овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2410046861136 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянгол дүүргийн 3 дугаар хороо ... оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Бууч овогт *******ийн ******* /РД:../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.******* нь Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Яармагийн гүүрний урд замд 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шөнө 05 цагийн үед 1.07 хувийн согтууруулах ундааны зүйл хэрэглэж Тоёота Приус маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн....” үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2410046861136 дугаартай хэргээс:

 

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын ЗЦХ-ийн зохицуулагч, цагдаагийн ахлагч П.Батмөнхийн Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Жолоочийн согтууруулыг шалгасан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4 дэх тал/,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ЗШ/3009 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 11 дэх тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 294 дугаартай дүгнэлт,

Гэрч Г.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

Шүүгдэгч Х.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 8, 36 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 9, 34 дэх тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 10, 33 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 35 дахь тал/, дансны хуулга /хавтаст хэргийн 37-48 дахь тал/, эрүүл мэндийн хуудас /хавтаст хэргийн 49-50 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дэх тал/, өвчний түүх зэрэг болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

  1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Х.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шөнө 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Яармагийн гүүрний урд замд өөрийн эзэмшлийн Toyota Prius XV11 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.07 хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын ЗЦХ-ийн зохицуулагч, цагдаагийн ахлагч П.Батмөнхийн Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Жолоочийн согтууруулыг шалгасан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4 дэх тал/,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ЗШ/3009 дугаартай шийтгэвэрт: Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулав /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

Тээврийн хэрэгслийн лавлагаанд: Toyota Prius XV11 маркийн ******* ******* дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч *******э овогтой ******* гэх /хавтаст хэргийн 11 дэх тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 294 дугаартай дүгнэлтэд: Х.******* нь Холимог шинж бүхий хоёр туйлт сэтгэл цочирдлын эмгэг, засралын байдалтай байна. Х.*******гийн дээрх эмгэгээр 2022 оноос эхэлж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 4 удаа хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх байна. Х.******* нь Холимог шинж бүхий хоёр туйлт сэтгэл цочирдлын эмгэг, засралын байдалтай байна. Х.*******гийн дээрх эмгэг нь дотоод шалтгаант архаг явцтай сэтгэцийн эмгэг болно. Х.******* нь хэрэг хариуцах чадвартай байна. Х.*******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ  авах шаардлагагүй байна. Харин харьяа дүүргийн сэтгэцийн эмчийн хяналтад байх шаардлагатай байна гэх дүгнэлт,

Гэрч Г.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: 1990 онд Улаанбаатар хотод төрсөн, айлын ганц хүү байгаа юм. Төрснөөс хойш төмөр замын 38 дугаар сургуулийг төгсөөд Ганди нэрэмжит техник ком ангийг компьютерын мэргэжлээр төгссөн. Тэгээд дараа нь Политехникийн дээд сургуульд сурч байгаад 2 дугаар курс явахгүй гарсан. Ерөнхийдөө машинаараа такси үйлчилгээнд явж байгаад дараа нь машин аваад тусдаа амьдарсан. Ангийнхаа хүүхдээс тусламж гуйхад тухайн үед тэр хүүхэд ээждээ хэлж болохгүй гээд хятад улс руу явуулж байсан. Тэр үед хар тамхи шалгаж байсан учраас тэндээ баригдсан. Туслаад байсан найз нь 10 жил таслагдаад манай хүү 6 жил таслагдсан байсан. 2021 оны 08 дугаар сард ирээд байж байтал аав нь 2021 оны 01 сард нас барсан. Тэгээд ирэхэд сэтгэл гутралд ороод гэрээр эмчилгээнд байсан бөгөөд гэрээсээ гардаггүй байсан. Огт гарч байгаагүй. Эрүүл болсон учраас гээд Приус аваад өгсөн. Машинтай болоод гэрээсээ гараад нийтийн харилцаанд ордог болсон. Ажилдаа сайн гэр орны ажилд маш сайн гэр орноо цэвэрлэх надад туслаад маш их тусалдаг хүүхэд байгаа. Өөр муу зуршил байхгүй, хүнтэй муудалцаад байхгүй, гар зөөлөн гар далайж байсан зүйл байхгүй, төлөв даруу хүүхэд байгаа. Маш их сэтгэл гутрал  маш гүн орсноос хойш өнөөдөр хүртэл эмчилгээ хийлгэж байгаад гайгүй болсон...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

Шүүгдэгч Х.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би одоо ажилгүй байгаа, би муудаад сэтгэл санааны хувьд тогтворгүй улмаас ажлаасаа гарсан. Унаж татдаг учраас ажил хийж чаддаггүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан. 

 

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг,

“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Х.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шөнө 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Яармагийн гүүрний урд замд өөрийн эзэмшлийн Toyota Prius XV11 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.07 хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан заалтыг зөрчсөн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй хэдий ч “F31.6 холимог шинж бүхий хоёр туйлт сэтгэл цочирдлын эмгэгтэй тул хэрэг хариуцах чадваргүй” гэж маргасан.

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч Н.Оюунчимэг, О.Баатаржав, Б.Бөхбат нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 294 дугаартай дүгнэлтээр ...шүүгдэгч Х.*******г F31.6 холимог шинж бүхий хоёр туйлт сэтгэл цочирдлын эмгэг, засралын байдалтай байна...гэсэн хэдий ч Х.******* нь хэрэг хариуцах чадвартай, д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэж дүгнэсэн байх тул өмгөөлөгч Б.Золзаяагийн гаргасан дүгнэлт няцаагдаж байна.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Х.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 51 дэх тал/

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Б.Золзаяа нар нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл, эсхүл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хориглохыг эрх хасах ял гэнэ.” гэж, мөн хуулийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.

 

            Шүүгдэгч Х.*******д ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын зорилго болох гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэхийн зэрэгцээ шүүгдэгч нь урьд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилээр хасуулсан үедээ дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болон түүний эрүүл мэндийн хувийн байдлыг харгалзан үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух хаяг, ажлаа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэн, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.*******д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулахыг, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Х.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:                             

1. Бууч овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Х.*******д тэнссэн хугацаанд оршин суух хаяг, ажлаа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэн, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулахыг, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Х.*******д мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР