Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 156/шш2020/00862

 

156/ШШ2020/00862

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00838/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороонд оршин суух, Н.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багт оршин суух, Н.З-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, нэхэмжлэгч Н.Э /онлайн/, хариуцагч Н.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны намар Н.З-тэй танилцаж, 2019 оны 5 сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын Улсын бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний охин 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн. Нөхөр Н.З нь 2019 оны 3 сараас 2019 оны 11 сар хүртэлх хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж миний биед удаа дараа халдаж, зодож хохирол учруулсны улмаас би охиныхоо хамт 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байна. Цаашид Н.Зтэй гэр бүл болж, хамт амьдрах боломжгүй гэж үзэж байна. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүү С төрсөн бөгөөд хүү С нь Н.З-ийн хүүхэд юм. Энэ талаар би түүнд хэлсэн. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.З нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.З нь 2019 оны 5

дугаар сарын 13-ны өдөр Н.Этай гэрлэлтээ батлуулсан. Үүнээс хойш цугтаа байсан хугацаа нь 3 сар л хамт байсан байх. Ихэвчлэн эхнэр Э нь хотод амьдардаг болохоор надад  хэцүү байдаг. 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө хадам аав Нэргүй, хадам ээж Э охин А эхнэр Эы хамт хот явсан. 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эхнэр Э-наа охины хамт авчирч шинэ оноо хамт гаргая гэхэд Э ирэхгүй гэсэн. Би мал дээрээ ганцаараа байдаг болохоор очиж чадахгүй гэхэд эхнэр очихгүй гээд ирээгүй. Хадам аав Н маань бидний амьдралд оролцдог учир бид хамт амьдархад хэцүү байдаг. Би эхнэрээ хөөж, муудаж, хэрэлдэж явуулаагүй. Харин хадам аав Н нь ирээд аваад явсан. Би эхнэр хүүхдээ ирнэ гэж боддог байсан. Элэг бүтэн амьдарч охиноо өсгөх хүсэлтэй байна. Сүүлд төрсөн хүүхдийн талаар бол Э надад хэлээгүй жирэмсэн гэж нэг ярьсан би тоглоод байгаа юмуу гэж асуухад юм ярилгүй утсаа салгасан. Энэ талаар би шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй нь танилцаад л мэдсэн. Э надтай хамт цаашид амьдрахгүй гэж байгаа тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Охин Ааа тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин шинэ төрсөн хүүхдийг миний хүүхэд гэдэгт эргэлзэж байна. Би гэрлэлтээ цуцлуулахгүйгээр элэг бүтэн амьдрахыг хүсэж байсан боловч эхнэр маань гэрлэлтээ цуцлуулна гэж байгаа тул хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Н.Зт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Н.Э, хариуцагч Н.З нар нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан ба тэдгээрийн дундаас 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр охин З.А төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон  зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. Харин 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүү С төрсөн байх бөгөөд хариуцагч Н.З нь энэ талаар мэдээгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргалаа.

Нэхэмжлэгч Н.Э нь  хариуцагч Н.Зтэй  таарамжгүй харьцаатай болсон, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон зэрэг шалтгааныг үндэслэн гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гэвч нэхэмжлэгч Н.Э нь  2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүү Сийг төрүүлсэн, хүү С нь хариуцагч Н.Зийн хүүхэд гэж тэрээр тайлбарлаа.

Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д зааснаар хүүхэд нэг нас хүрээгүй тохиолдолд гэрлэлт цуцлахыг хориглодог. Харин гэрлэгчдийн хэн нэгний байнгын дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулж болзошгүй байдал гарсан тохиолдолд гэрлэлтийг шууд цуцлах ба энэхүү нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, гэрлэгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар гэрлэлт цуцлуулах ноцтой шалтгаан байхгүй байна. Иймд нэхэмжлэгч Н.Эы нэхэмжлэлтэй хариуцагч Н.Зт холбогдох гэрлэлт цуцлуулж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчидийн хэн аль нь Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасан гэрлэлт цуцлахыг хориглосон шалтгаан арилсны дараа дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд хэрэв энэ хугацаанд талуудын хэн аль нь хэн нэгний дарамт шахалт болон хүчирхийлэл гарсан, болзошгүй тохиолдолд энэ талаар холбогдох эрх бүхий байгууллагад хандаж арга хэмжээ авахуулах, хамгаалалтад орох эрхтэй болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Эы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хууль зүйн үнэдслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Эы нэхэмжлэлтэй, Н.Зт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАРИНА