Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/51

 

2025           03            24                                        2025/ШЦТ/51

      

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                                   *******,

Улсын яллагч                                                 *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                *******,

Шүүгдэгч                                                        ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2504000000059 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, хэсгийн 14 дүгээр гудамжны 02 тоотод оршин суух хаягтай,

урьд Багануур дүүргийн шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заанаар 3 жил 10 хоногийн хорих ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж байсан, (.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч нь ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар        

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хороо, гийн 14-2 тоотод 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн орчим хохирогч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой тус газарт модон сандлаар цохиж түүний биед зулайн зүүн хэсэгт ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс илүүлсэн албан бичиг /хх-н 17-18, 83-р хуудас/, гэрч мэдүүлэг /хх-н 20-р хуудас/, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 68 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 28-29-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч нь гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /хх-н 17-18-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд хохирогчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 162,799 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан /шүүх хуралдаанд ирүүлсэн баримт/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн шаргал өнгийн тавцантай цайвар өнгийн 40 см-ийн өндөртэй, сандалын тавцангийн гол хэсэг нь салсан 1 ширхэг модон сандлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт утгах комиссд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,

   36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлдүүдэд заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор биелүүлэх үүрэгтэйг *******д  мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан гэм хорын хохирол нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 162,799 / нэг зуун жаран хоёр мянга долоон зуун ерэн ес/-н төгрөгийг ******* нь төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн шаргал өнгийн тавцантай цайвар өнгийн 40 см-ийн өндөртэй, сандалын тавцангийн гол хэсэг нь салсан 1 ширхэг модон сандлыг устгахыг эд мөрийн баримт утгах комиссд даалгасугай.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                С.ӨЛЗИЙ-ОТГОН