Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/67

 

2025          04           24                                         2025/ШЦТ/67

                

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                              *******,  

Улсын яллагч                                                                         *******,

Шүүгдэгч                                                                   *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2504000000027 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 36 настай, тусгай дунд боловсролтой, галт тэрэгний үйлчлэгч мэргэжилтэй, хувиараа барилгын засал хийдэг, ам бүл 5, эх, дүү, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1а  хэсэг ******* гудамжны 76а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1039 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар,

мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* )

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Мандал хотхоны 3-300 тоотод хохирогч “ ажил хийлгэчихээд мөнгө өгөөгүй” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар металл аягыг нүүрэн тус газарт нь шидэж түүний эрүүл мэндэд хамрын нурууны хэсэгт ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүх зүйлийг мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйлгүй.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7-р хуудас/,

- Хохирогч ын мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

- Гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

- Гэрч А.Баясахын мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

- Гэрч Н.Шинэжилийн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 50 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 65-82-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч *******  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр согтуурсан үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Мандал хотхоны 3-300 тоот хохирогч “ ажил хийлгэчхээд мөнгө өгөөгүй” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар  металл аягыг нүүр тус газарт нь шидэж түүний эрүүл мэндэд хамрын нурууны хэсэгт ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн: “...хэрэг учрал болсон газар нь Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Мандал хотхоны 3-300 тоот хаяг бүхий байшингийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах цагаан бүрээс бүхий ертөнцийн зүгээр урагш харсан, шаргал өнгийн модон хаалгатай Монгол гэр байв. ...тухайн хөргөгчийн доод талд цагаан өнгийн эсгий дэвссэн орон дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйл байсныг “А” үсгээр тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлэв. Мөн тухайн орны урд талд улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон металл аяга байх ба тус аяга дээр 1 тоогоор тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7-р хуудас/,

- Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хамт ажиллаж байсан Мөнхбаатар гэх хуурай дүүтэй хамт нутаг буцна гэж байтал Адилбек гаргаж өгнө гээд 0.75 литрийн савлагаатай экс нэртэй архи 2 шилийг дэлгүүрээс авч ирээд бүгдээрээ хамт ууцгаасан. Тухайн өдөр би өглөөнөөс хойш хоол идээгүй өлөн байсан болохоор амархан согтсон. Тэгээд нэг мэдсэн чинь миний нүүрэн тус газар “тас” гээд буугаад явсан чинь Мөнхбаатар “ахаа таны хамарнаас цус гараад байна, эмнэлэг явахгүй бол цус нь тогтохгүй байна” гэсэн. Тэгээд удалгүй цагдаа, эмнэлэг хоёр ирсэн. ...Би хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

- Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр надтай хамт ажиллаж байсан 2 залуу шинэ он гарахаас өмнө Хөвсгөл аймаг руу гэртээ харина гэхээр нь орой нь гаргаж өгнө гээд 2 шил архи дэлгүүрээс аваад бүгдээрээ хамт хувааж уугаад байж байтал Баян-Оргил ах надад хандаж “чи надаа мөнгө өгөхгүй байна” гээд над руу дайраад уурлаад байсан. Тэгэхээр нь би “маргааш араас чинь шилжүүлчихье” гэсэн чинь Баян-Оргил ах “чи ажил хийлгэчихээд мөнгөн өгөхгүй байна” гэхээр нь би “Шинээ ахын утас холбогдохгүй байна” гэж хэлээд байж байтал намайг өмөөрөөд Баян-Оргил ахад хандаж ямар нэгэн зүйл хэлсэн байх, тэгснээ ширээн дээр байсан аягыг шууд аваад шидсэн. Тэгтэл Баян-Оргил ахын хамраас нь цус гараад тогтохгүй байхаар нь эмнэлэг, цагдаа дуудсан байх. Би тухайн үед нэлээд согтсон байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

- Гэрч А.Баясахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр бид ажлаа дуусгаад оройн хоолоо идчихээд хоолны араас зуу татая гээд Мөнх-Амгалан бид хоёр дэлгүүр яваад дэлгүүрээс Экс нэртэй 0,750 литрийн архи 2-г аваад буцаж ирсэн. Бид архиа хувааж уугаад сууж байхад би 2 дахь шилтэй архийг ууж байх үед унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал шөнө “цагдаа нар ирлээ бос” гээд босоод иртэл архи ууж байсан улсууд бөөн асуудал болсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 50 дугаартай: “1.ын биед хамрын нурууны хэсэгт ил шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна. 3.Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэв,

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна.” гэв.

Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч ******* нь өөрийнхөө үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд эрсдэл үүсэх боломжтой болохыг ухамсарлаж ойлгох боломжтой байсан бөгөөд хохирогчийн нүүр хэсэгт металл аягаар цохих үйлдэлдээ санаатай хандсан нь тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй ба хохирогч    нь мөрдөн шалгах ажиллагаанд гомдол  санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт холбогдуулж иргэний нэхэмжлэл гаргаагүй болно.

            3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах санал гаргаж байна” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын яллагчаас гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл аль аль нь тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас гаргасан торгох ял оногдуулах тухай саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршиг, хохирогчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн, шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 63 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч *******г эрэн сурвалжлах, олж ирүүлэх ажиллагаа явуулахыг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж, түүнийг олж ирүүлсэн өдрөөс эхлэн түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Улмаар цагдаагийн байгууллагаас явуулсан эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд *******г олж тогтоон, 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн Цагдан хорих байранд хүлээлгэн өгсөн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******гийн цагдан хоригдсон 16 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцож, нийт 240,000 төгрөгийг эдлэх ялаас нь хасаж тооцох нь зүйтэй.

              2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор энэ хэрэгт эд мөрийн баримтаар саарал өнгийн 16 см тойрог бүхий металл аяга 1 ширхэгийг хураан ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комиссд даалгав.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт нийт 16 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

               

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг *******д мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******гийн цагдан хоригдсон 16 /арван зургаа/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцож, нийт 240,000 /хоёр зуун дөчин мянга/-н төгрөгийг эдлэх ялаас нь хасаж тооцсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д тайлбарласугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт нийт 16 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн саарал өнгийн 16 см тойрог бүхий металл аяга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комиссд даалгасугай.
  9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  11. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ӨЛЗИЙ-ОТГОН